Ижий бурхан

Очирдар Далай лам Агваанлувсанжамц(тавдугаар дүр)-ын
эхийн ачийг хариулсан залбирлын шүлэг.

Ум аа
Ариун цагаан хэвлийдээ
Арван сар тээж
Ахуй бүхий биебээн
Алжаан хүндрүүлэн явж
Арай ядан нярайлсан
Ачит ээж минуу.
Амьтай амьгүй хэвтсэн
Арчаагүй нялзрай биеийг минь
Арван хуруугаараа хашин авсан
Ангир шар уургаан шимүүлсэн
Ачит ээж минуу.
Умралдсан сормуусыг минь нээж
Хумиралдсан чихийг минь тэнийлгэж
Цоорхой зулайг минь битүүрүүлж
Нуранхай цавийг минь хуурайлж
Хөхөө шувуу мэт гонгиноход минь
Хөхөндөө авч шимүүлсэн
Ачит ээж минуу.
Ум аа
Ам хамраа битүүрч хэвтэхэд минь
Амаараа сорж амьсгалуулсан
Бузар түйтгэрт өртөхөд минь
Бурханд залбирч суусан
Удамбар цэцэг мэт
Учирхуйяа бэрх
Ачит ээж минуу.
Ум аа
Хол газар явнам гэж
Хоёр өвдөг дээрээ мөлхөөд
Галуу шувуу шиг ганганахад минь
Гараас минь хөтөлж алхуулсан
Авралын орон дагинас
Ачит ээж минуу.
Ум аа, Сүлдэт малгайг минь өмсгөж
Сурт бүсийг минь бүслүүлж
Сөөхий гутлыг минь тааруулсан
Энэрэгч эх дагинас
Ачит ээж минуу.
Ум аа
Гал нурам хоёрыг мэдэлгүй хүрэхэд минь
Гаслан ирж авсан
Худаг ус хоёрыг мэдэлгүй гүйхэд минь
Хурдан бүргэд шиг шүүрсэн
Асралт эх дагинас
Ачит ээж минуу.
Айх ичих хоёрыг мэдэлгүй хэлэхэд минь
Алгадан сургасан
Алдас нүгэл хоёрыг мэдэлгүй явахад минь
Аашлан донгодсон
Эрдэнэт моринд мордуулж
Эрхэм сайн нөхөдтэй танилцуулсан
Аян хээр газар одоход минь
Амин зүрхээ хөдөлгөн уйлсан
Ачит ээж минуу.
Ачийг чинь хариулах болтугай!
Асран тэтгэсэн ачийг чинь
Алгасалгүй санан санан залбирсан
Арван зүгийн бурхан ивээн адисалж
Ариун дээд сухабадийн оронд хамт төрж
Амьтан олонд тус болох болтугай!
Авралаар эх болсон хамаг амьтныг
Аяа бурхан ивгээх болтугай!

С.Эрдэнэ “Занабазар” номоос…

Э.Ө
2016.06.26

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*