Мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг ДНБ

“Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 3.1 хувиар өслөө, уналаа” гэсэн мэдээг бид өдөр тутмынхаа амьдралд хаа нэгтээ байнга л сонсдог. Статистикчид, улс төрчид, сэтгүүлчид, эдийн засагчидын амнаас байнга л гарах нэр томъёо. Танил хэдий ч, харамсалтай нь яг юу гэдгийг нь нарийн мэддэггүй.

Юуны өмнө ДНБ-ын тодорхойлолттой танилцъя. Албан тодорхойлолтоос үзвэл, ДНБ гэдэг бол тухайн улсын хил дотор тодорхой хугацаанд шинээр үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмэгдэл өртгийн нийлбэрийг хэлнэ. Маш энгийнээр хэлбэр, 100 төгрөгөөр түүхий эд худалдаж аваад, нэмж боловсруулаад 150 төгрөгөөр зарвал, тэрхүү 50 төгрөг нь ДНБ юм. Иймэрхүү зарчмаар тухайн улсын хил дотор үйлдвэрлэгдсэн бүх нэмэгдэл өртгийн нийлбэрийг тухайн эдийн засгийг бүрдүүлж буй салбарынх нь нөлөөгөөр нь жинлэж бодсонг ДНБ гэж нэрлэж байгаа юм. Улмаар ДНБ өснө гэдэг бол их хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болж байна гэсэн үг.

ДНБ нь татварын хэмжээг тогтоох, ажилгүйдэл болон инфляцийн түвшинг зохицуулах зэрэг макро эдийн засгийн бодлого явуулах төдийгүй шинээр бизнес эрхлэх, хөрөнгө оруулах зэрэг микро орчинд хүртэл ашиглагдах хамгийн чухал үзүүлэлт. Гэвч ДНБ-н зорилго нь орчин цагт тохирохгүй, өнөөгийн эдийн засгийг бодит байдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй,  алдаатай, учир дутагдалтай статистикийн үзүүлэлт юм.

Яагаад зорилго нь тохирохгүй гэж?

Нэн тэргүүнд ДНБ хэмээх энэхүү ойлголт гарч ирсэн түүхийг сөхөцгөөе.

ДНБ гэдэг бол дайны жилүүдэд бий болсон ойлголт бөгөөд тухайн улс орны зэвсэг, дайны технологийг хир зэрэг бүтээх чадамжтайг нь харуулах, мэдэх зорилготойгоор бий болсон статистик.

1932 онд Америкийн конгресс эдийн засагч Симон Кузнецид ирэх 4 жилийн үндэстний нийт орлогыг тооцох даалгавар өгч ДНБ тооцох  аян эдийн засагчдын дунд өрнөв. Улмаар 1940 онд Жон Мейнард Кейнз Английн галт зэвсэг, танк, байлдааны хөлөг онгоцыг бүтээх чадамжийг харуулсан нарийн тооцооллыг гаргаж ирэв.

ДНБ = Хэрэглээ + Хөрөнгө оруулалт + Засгийн газрын зардал (Гадаад худалдааг засгийн газрын зардалтай хамт тооцов)

Энэхүү арга нь одоо ашиглагдаж буй ДНБ-г тооцох зардлын арга юм. (Одоо бол гадаад худалдааг тусад нь авч үзэн, экспортноос нь импортыг хасч оруулдаг болсон)

Дэлхийн 2-р дайны дараа Америк Европыг сэргээн босгох Маршал планыг хэрэгжүүлэхдээ энэхүү тусламжийг авах орнуудад ДНБ тооцож үзүүлэх ёстой шаардлага тавьж байв.  Ингэснээр Америкийн хувьд бусад улс орнуудын дотооддоо хичнээн хэмжээний зэвсэг, байлдааны хөлөг онгоц зэргийг үйлдвэрлэх боломжтойг шууд мэдэх, хянах боломжтой болсон юм. 1950 онд Кейнзийн залгамжлагч Ричард Стоун НҮБ-д ДНБ-г тооцох загварыг гаргаж, НҮБ-ын бүх гишүүн орнууд ДНБ тооцож гаргаж өгөх болов.

Түүхээс нь үзвэл, ДНБ-н зорилго бол дайны үед улс орнууд хичнээн хэмжээний зэвсэг үйлдвэрлэхийг мэдэх, хянах зорилготойгоор хийгдсэн нь харагдаж байна. Гэвч бид өнөө үед ДНБ өсөхийг баялагийг бүтээж байна гэж буруу ойлгодог. Яг үнэндээ бол ДНБ гэдэг бол баялагийг хэмжих үзүүлэлт бус, хичнээн хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр  явагдаж байгааг л харуулж байгааг харуулж байгаа үзүүлэлт. Бараа бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэгдэж (ДНБ өсч) түүнийг зохицуулах зөв бодлого давхар явж байвал харин баялагийг бий болгож болох юм.

Яагаад орчин цагт тохирохгүй гэж?

 ДНБ-г анх ашиглах үеийн эдийн засгийн бүтэц болон өнөөгийн эдийн засгийн бүтэц хоорондоо маш ондоо болсон тул.

ДНБ бол үйлдвэрлэл гэдэг гол нөхцлийг урдаа тавин, тооцогдож буй. Гарт баригдах биет бүтээгдэхүүнд илүү ач холбогдол өгнө гэсэн үг. Дайны үед цэргийн зориулалттайгаар их хэмжээний үйлдвэрлэл явагдсан. Дайны дараа сэргээн босгох зорилгоор мөн л их хэмжээний бүтээн байгуулалт явагдсан. Энэ бүхний ард үйлдвэрлэл хамгийн том байр суурийг эзэлж байсан тул ДНБ тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайн илэрхийлж чаддаг байв. Гэвч одоо цаг үе бол өөр.   Өмнөх зуунтай харьцуулбал үйлдвэрлэл эрс багасч, эсрэгээрээ үйлчилгээ бидний амьдралд чухал байр суурийг эзлэх болсон. Энгийн л жишээ гэхэд, одоо цагт хүмүүс мөнгөтэй болохоороо эд хөрөнгө авахаасаа илүү шинэ газраар аялаж үзэх гэх мэтийн илүү туршлага, дурсамж үлдээх зүйлд цагаа зарцуулах нь элбэг болсон.  Доорх газрын зургаас (Дэлхийн Банкны сайт) хэрхэн үйлчилгээний салбар ДНБ-д эзлэх хувь нь хөгжингүй орнуудад их байгааг нягтална уу. Англи л гэхэд, 1950 аад оны үед, үйлдвэрлэл ДНБ-н 30-аас дээш хувийг бүрдүүлдэг байсан бол одоо ердөө 10 хувийг л бүрдүүлдэг болсон. Эсрэгээрээ үйлчилгээний салбар 80 хувийг бүрдүүлж байна.

Screen Shot 2016-06-26 at 4.19.10 PM

Энэ мэтчилэнгээр дэлхийн улс орнууд (нэн ялангуяа хөгжингүй орнууд) ДНБ-г тооцож гаргахдаа үйлдвэрлэлдээ хэтэрхий их ач холбогдол өгч гаргаж байгаа нь бодит эдийн засгийн байдлыг төдийлөн үзүүлж чадахгүй байгаа юм.

Яагаад учир дутагдалтай гэж

ДНБ-г тооцож гаргахад улс орнууд өөр өөрсдийн гэсэн аргуудтай тул харьцуулахад бэрхшээл бий.  Жишээлбэл, 2013 оноос Европын Холбоо ДНБ тооцох аргаа өөрчлөн, далд эдийн засаг гэгдэх хар тамхи, биеэ үнэлэгчид, тайчих клуб дэх төрөл бүрийн үзүүлбэрүүдээс олж буй ахиу өртгийг нэмж тооцож эхэлсэн. Эдгээрийг ДНБ-д тооцож эхэлснээр, Англи гэхэд л ДНБ нь 0.7 хувиар өссөн. Ингэснээр ДНБ-р нь улс орнуудыг өөр хооронд нь шууд харьцуулахад хүндрэлтэй болж, ДНБ-н үзүүлэлтийг хараад үнэлгээ өгөх боломжгүй болж байгаа юм. Дээрээс нь тэрхүү далд эдийн засагт эргэлдэж буй мөнгийг яаж тооцож байна гэдэг өөрөө асуудалтай. Статистикчид тооцохдоо эрэгтэй хүн ам өсөхийн хирээр төлбөртэй сексийн зах зээл өснө гэж үзэн, тайчих клубт төлж буй  төлбөрийг жишээ суурь болгон авч үзэх жишээтэй.

Энэтхэг гэхэд л ДНБ тооцох арга өөрчлөөд өнөөдөр Хятадын ДНБ-н өсөлтийг давах үзүүлэлтийг үзүүлээд эхэлсэн.

Хэрхэн ДНБ буруу бодогдож буйн өөр нэгэн сонгодог жишээг дахин дурдая. Лондон бол санхүүгийн төв гэдэг утгаараа Английн ДНБ-д эзлэх санхүүгийн секторын эзлэх жин өндөр. Английн статистикчид санхүүгийн сектор дахь нэмэгдэл өртгийг тооцохдоо, Английн засгийн газрын бондны хүү болон арилжааны банкны олгож буй зээлийн хүүн зөрүүгээр бодож, нийт зээлийн тоонд үржүүлдэг. 2009 оны санхүүгийн хямралын үеэр Английн ДНБ-д эзлэх санхүүгийн секторын эзлэх жин улам өсч, ДНБ өсөхөд нөлөөлсөн. Учир нь банкнууд санхүүгийн хямралын үеэр эрсдлээ бодон, зээлийг танах зорилгоор зээлийн хүүгээ өсгөснөөр, засгийн газрын бондны хүү зээлийн хүү зөрүү улам өссөн. Үүнийг статистикчид харахдаа, санхүүгийн салбарт нэмүү өртөг үүсч байна гэж үзсэн. Гэвч энэ нь бодит байдлаас шал өөр үзүүлэлт. Юун нэмүү өртөг үүсэх бус 2009 онд банкны салбарт тэр чигээрээ унах ирмэг дээрээ тулж байсан үе шүү дээ.

FullSizeRender

ДНБ-д бид бүхний амьдралыг улам тав тухтай болгож буй инноваци төдийлөн хангалттай ордоггүй. Эрүүл ахуй, анагаах ухааны ололт амжилт, цоо шинэ бүтээгдэхүүнээс үүдэх хэрэглэгчийн өгөөж зэрэг нь ДНБ-д тооцогддоггүй. Яагаад гэвэл мөнгөн дүнгээр хэмжих амаргүй тул. Энгийн л жишээ гэхэд, орчин үед бид Google-н үнэгүй хайлтын систем, YouTube-р үнэгүй клип дуу сонсож, Facebook чатаар үнэгүй хаашаа ч хамаагүй бичиж, ярьж, компьютерийнхээ үйлдлийн системийг хүртэл үнэгүй шинэчилж байна. Хүн бүр л энэ бүгдийг ашиглаж, ажлаа хөнгөвчилж, үр бүтээмжээ өсгөж, өгөөжөө нэмэгдүүлж байхад харамсалтай нь энэ бүхэн ДНБ-д тооцогддоггүй. Өнөөх л өнгөрсөн зууны үйлдвэрлэл гэх сэтгэлгээгээрээ биет зүйлийг л голчилж тооцож байгаагийн гай.

Сайжруулах арга зам хийж байгаа юу?

ДНБ-г тооцоход шаардлагатай мэдээллийг цуглуулах аргачлал өөрөө их асуудалтай.

Аж ахуйн нэгж байгууллага болон өрх гэрээс судалгааны маягт авдаг ба тэрхүү судалгааны маягт өөрөө маш нарийн асуултуудтай бөгөөд бөглөхөд нилээд төвөгтэй, цаг авдаг. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд, санхүүгийн тайлангаа үндэслэн судалгаа бөглөдөг тул харьцангуй найдвартай ч, ДНБ-н хамгийн чухал хэсэг болох хувь хүний хэрэглээг гаргах өрх гэрийн хэрэглээний судалгаа тун найдваргүй. Яг нарийн өрхийн судалгаа тооцоо гаргаж, бүртгэдэг хувь хүн, өрх гэр тун цөөхөн. Барагцаагаар л ихэвчлэн бөглөж өгдөг. Түүний оронд татварын бүртгэл, кредит картын гүйлгээ, бонус картын гүйлгээ зэргийг судалгаандаа ашиглавал илүү найдвартай мэдээллийг цуглуулж чадна. Жишээлбэл, Японд өрх гэрийн хэрэглээний судалгааг нийтдээ 9,000 өрхөөс маягт илгээн авдаг ба нийдээ 30 тэрбум иений мөнгөн дүнг гаргаж ирдэг. Харин “Т пойнт” зэрэг бонус картыг ашиглавал, 53 сая хэрэглэгчидээс нийтдээ 5 триллион иений дүнг гаргаж ирэх боломж бийг Токиогийн их сургуулийн профессор Ватанабэ харуулсан байна.

Зөвхөн ДНБ ч бус бусад эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийг тооцохдоо ер нь их хуучны аргыг ашигладаг. АНУ-д хэрэглээний үнийн индексийг тооцохдоо, жишээлбэл онлайн худалдааны үнийг тооцдоггүй. Орчин үед хэрэглэгчид дэлгүүрээс худалдан авахаас илүү интернэтээр худалдан авахыг эрмэлзэж онлайн худалдаа эрчимжиж байхад. MIT сургуулиас жишээлбэл MIT онлайн хэрэглээний үнийн индекс хэмээх үзүүлэлтийг гаргаж ирсэн.

Мөн ДНБ-г тооцож гаргахад цаг авдаг ба хэд хэдэн удаа зарладаг ч тэр нь дандаа зөрдөг.

АНУ-ын хувьд ДНБ-г нийтдээ 4 удаа зарладаг. Урьдчилсан дүн, дахин шалгасан дүн гэж 2 удаа гаргаж, эцсийн дүн гэж 4 дэхээ зарладаг. Онол ёсоор бол энэхүү 4 дүнгүүд уул нь таарч байх ёстой ч, харамсалтай нь таардаггүй. Доорх графикаас хэрхэн дүнгүүд хоорондоо зөрдөгийг нягтална уу.

Picture1

Эдийн засагчид, хөрөнгө оруулагчид яг одоо ДНБ хир байгааг шууд мэдэхийг хүсдэг ч,  ДНБ-н анхны урьдчилсан дүн ихэвчлэн 2 сарын дараа хоцорч гардаг. Харамсалтай нь энэ нь хойшид засагдах болгондоо өөрчлөгдөж, ДНБ-д итгэхэд бэрх болж байгаа. Тэр ч утгаараа өнгөрсөн 4-р сард Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Сан FRBNY Staff Nowcast хэмээх долоо хоног бүрийн Баасан гарагт АНУ-ын ДНБ-г шинэчилэн зарлаж байхаар болсон.  Ямартай ч ДНБ-г яг одоо хэд байна гэдгийг мэдэх боломжтой бас нэг дэвшил юм. Гэхдээ дөнгөж эхлээд байгаа тул одоохондоо хир сайн найдвартай гэдгийг хараахан дүгнэж чадахгүй байна.

Мөн сүүлийн үед байгаль орчноо хамгаалах хөдөлгөөн хүчтэй болж, ДНБ-г тооцохдоо байгаль орчныг бохирдуулсан хэмжээгээр нь ДНБ-с хасах хүртэл санаачилга гарч ирж байна.

Дүгнэлт

Эцэст нь хэлэхэд, аливаа улсын эдийн засгийг бүхэлд нь харуулж чадах статистик гэгдэх ДНБ маань өнгөрсөн зуунаасаа хараахан л шинэчилэгдэж амжаагүй л байна. Дээр дурдсан жишээний дагуу онлайн гүйлгээ, бүртгэл мөн сүүлийн үед эрчимжиж буй Big data, AI зэрэг технологийг ашиглаж, ДНБ-д нэн хэрэгтэй чухал мэдээллүүдийг цаг алдалгүй цуглуулж, найдвартай, орчин цагийн, бодит амьдралыг харуулсан ДНБ-г тооцдог болох хэрэгцээ бидний өмнө тулгараад байна.  Үйлдвэрлэлээс илүү үйлчилгээг голлож тооцох шинэ ДНБ-г нэн ялангуяа хөгжингүй орнууд анхаарах цаг болоод байна.

Дашрамд дурдахад, Монгол улсын ДНБ-г ямар салбарууд бүрдүүлдэг талаар ikon сайтны интерактив графикнаас сонирхоорой.

О.Баярсайхан
2016 оны 06 сарын 26 өдөр

Ашигласан материал

The Economist, “The trouble with GDP”, April 30th  – May 6th, 2016

 

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*