Илүү уян хатан санаа бодлыг хөгжүүлэхүй

Элдэв аюул осол, гарз хохирол, томоохон өөрчлөлтүүд, жижиг сажиг уур уцаар гээд амьдралын бидэнд бэлдсэн бүхий л зүйлийг даван туулахад “уян хатан санаа бодол” бидэнд туслах болно гэж би итгэдэг.

Уян хатан санаа бодол бидэнд илүү их амар амгаланг авчирдаг. Та байнгын нэг хэвээрээ байхгүй, та өөрчлөлтөд зохицож чадна. Та үргэлж миний зөв гэж боддоггүй, харин ч бусдын талаар, тэдний үзэл бодлыг сониучирхан ажигладаг. Та шинэ сорилтуудыг инээмсэглэн хүлээн авч чаддаг.

Үнэнийг хэлэхэд би ч гэсэн дээрх шиг тийм уян хатан бодол санаатай хүн биш л дээ. Хичээж л явна.

Уян хатан биш үедээ би эдгээр зүйлсийг мэдэрдэг: миний бодол санаа хатуу болж эхэлнэ, уур унтуу, эгдүү, урам хугарал мэдрэгдэнэ. Аливаа юмны байгаа байдалд дургүй хүрч, ямар нэг байдлаар өөрөө дайрч довтлуулсан мэт сэтгэгдэл төрнө. Гэвч угтаа энэ бүхэн нь та өөрөө өөртөө хэлж буй зохиолдоо хэт их баригдсны үр дүн юм.

Тэгэхээр энд би өөрийн илүү уян хатан санаа бодлыг хөгжүүлэхийн тулд авдаг арга хэмжээнүүдээсээ танилцуулъя.

  1. Баригдмал байдлыг ажигла. Хэрвээ би өөрийгөө уурлаж, бие минь чангарч, ямар нэг баригдмал байдлыг мэдэрвэл… Энэ нь би хичээллэх хэрэгтэйн дохио гэж хардаг. Харин ч сайн мэдээ юм гэж. Учир нь хичээл зүтгэл намайг сайжирахад тус болно, тиймээс би баяртай байх хэрэгтэй. Үүнийг би амьдрал надад өгсөн нэгээхэн бэлэг гэж боддог, мөн үргэлж талархаж явдаг.
  2. Бүү хөдөл. Хамгийн их аюул уур уцаараасаа үйлдэл хийснээс үүддэг. Өөрийгөө тусгаарлаж, бусадтай ярихаа болих гэх мэт. Тиймээс ямар нэг баригдмал байдлыг өөртөө мэдрэх үедээ, би алив нэг хортой үйлдэл хийхгүй байхыг хичээдэг. Түүний оронд, дотогшоогоо өнгийн харж дотор минь юу босч ирээд байгаатай нүүр тулахыг хичээдэг.
  3. Мэдрэмжтэйгээ хамт орш. Тухайн үеийн мэдрэмж рүүгээ харж, зүгээр л ажигла. Түүнийг ямар нэг босч ирж буй өөр зүйл хэмээн төсөөл, тэр мэдрэмж маань би өөрөө болох албагүй шүү дээ. Энэ бол зүгээр л мэдрэмж, тэнгэрт нүүж буй үүл, том асуудал биш ээ. Харин юу мэдрэгдэж байна? Бие дотор маань? Сониучирхан хар, нээ.
  4. Түүнд зай өг, хайрла. Хэрвээ тэр босч ирж буй баригдмал мэдрэмж үүл бол, би түүнд хөндлөн туулах өргөн уудам хөх тэнгэрийг өгөхийг хичээдэг. Тэр үүлэнд хучигдан алдархын оронд, би илүү уужирч, өргөжихийг хичээдэг. Харин дараа нь би тэр мэдрэмжинд өөрийн хайрыг өгдөг. Тийм зүйл мэдрэх муу биш юм, зүгээр юм, харин ч түүнийг хайрлах нь илүү юм.
  5. Тайвширч, зууралтаа сулла. Баригдмал байдал ямар нэг зүйл аль эсвэл хэн нэгнийг өөрийн хүссэнээрээ байлгах гэснээс үүдэн мэдрэгддэг. Би түүнийг бат зуурч байна, би үүнийг үнэхээр хүсч байна. Ингэхийн оронд, юу ч байсан байлаа би тэр зууралтаа суллахыг хичээдэг. Энэ тийм ч чухал зүйл биш шүү дээ, би энийг тойроод гарч чадна гэх мэт. Ингэснээр харин ч бүр тухайн агшиндаа тайвширч, эргэн тойронд минь юу өрнөж байна түүнтэй хамт оршихыг хичээж эхэлдэг. Өөрийнхөө зохиолд баригдахын оронд, эргэн тойрныхоо хорвоо ертөнцийг анзаар, яг одоо. Тайвширч, эргэн тойрондоо байгаа бүхэнд таларх.
  6. “Мэдэхгүй” гэж хэл. Бүх зүйлийн түлхүүр энэ юм шүү. Нэгэнт сайхан тайвширсан бол би өөртөө ингэж хэлж болно. “Би аливаа юмс, хэн нэгэн ямар байх ёстой талаар мэдэх албагүй. Би тэд одоо ямар байгааг ч мэдэхгүй шүү дээ.” Ийм санаа нь надад мэдэхгүй байх гэдэг орон зайг бэлэглэж, анзаарч судлах боломжийг олгодог юм. Энэ агшны үнэн мөн юу юм бэ? Ирээдүйг мэдэхгүйгээр, зүгээр л өөрөө нээгдэхийг нь харах ямар бол? Бусдын яах ёстой талаар мэдэлгүйгээр, харин яагаад тэд ингэв гэдгийг сониучирхан байх гэдэг ямар бол? Бас тэдэнд өөрийн хайрыг өгөх ямар бол?

Мэдэхгүй байх. Уян хатан санаа бодол гэдэг тэгэх ёстой, ингэх ёстой гэдгийг мэддэггүй, мөн дараагийн агшинд юу болох талаар ч багцаагүй тийм нэг ухаан санаа юм. Сониучхан юм шүү яг л шинэ ертөнцийг нээж буй нярай хүүхэд шиг. Бид бясалгалд суух үедээ, эсвэл ирж буй агшин бүрийг анзаарч хүлээн авах үедээ, өөрсдийгөө “мэдэхгүй” байдалд уусгаж, юу ч босч ирсэн түүний талаар сониучирхан харах  боломжийг бүрдүүлдэг юм.

Би ингэж л хичээллэдэг. Төгс бишээр, мартамхайгаар. Гэхдээ энэ минь надад маш их тусалдаг шүү.

 by Leo Babauta

Энэ удаа та бүхэнд алдарт ЗЭН ДАДАЛ сайтын үндэслэгч, хөтлөгч Лио Бабаутагийн “Уян хатан санаа бодол”-ын талаарх нийтлэлийг орчуулан хүргэлээ. Уншигч таны өдөр тутмын амьдралд хэрэг болох мэдээлэл болсон гэж найдаж байна. 

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*