Номын амт: “Варрен Баффетын эссэнүүд”

Уншигчдынхаа номын их ертөнцөөр хамтдаа аялахын тулд бид бүхэн шинээр “Номын амт” буланг сайтдаа бий болгож буй билээ. Энэхүү шинэхэн булан маань, уншиж барагдашгүй номын их далайгаас өөрийн үнэт сувдыг шүүрэхэд тань өчүүхэн ч болов тус болох аваас бидний зорьсон хэрэг биелэх билээ. 

Нэр: The Essays of Warren Buffet: Lessons for Corporate America

Зохиолч: Warren Buffet (Editor: Lawrence A. Cunningham)

Төрөл: Бизнес санхүү

Хэвлэгдсэн он: 2015 (Гуравдахь хэвлэл)

Хуудас: 328

Амжилт: USA Today  “Бүх цаг үеийн бизнесийн шилдэг 12 ном”, 2008 оны Нью-Йорк Таймсын бестсэллэр 10-т шалгарсан.

Дэлхийн толгой баячуудын нэг, алдарт хөрөнгө оруулагч Омахагийн энэ эрхмийг хувьцаа сонирхдог, хөрөнгө оруулагч, бизнест сонирхолтой хэн нэгний дунд танихгүй хүн ховор болов уу. Бургер, френч фрайс, кока колаг өдөрт хэд хэдээр нь залгилдаг, өдгөө 86 настай тэрээр нүсэр орд харш, эдлэн талбай дээр амьдралгүй, 40-өөд жилийн өмнө худалдаж авсан эгэл жирийн хаусандаа аж төрдөг.

Тэрээр ирээдүй сайтай бизнесүүдийг боломжийн үнээр нь худалдан аваад (заримд нь хөрөнгө оруулж) урт хугацааны туршид түүнийгээ зөв чиглэд нь удирдан ашигтай ажиллуулах гэсэн философиор нэхмэлийн компаниас авахуулаад, телевиз, сонин, зар сурталчилгаа, даатгал, төмөр зам, хоол хүнс гэсэн манайхнаар бол 10,000 нэр төрлийн бараа гэдэг шиг л бараг 10,000 төрлийн компаниудыг худалдан авч, Беркшир Хатавай хэмээх толгой компанийхаа удирдлаган дор ажиллуулдаг. Бид бүхний сайн мэдэх Кока Кола, Американ Экспресс,  Жилеттэ зэрэг брэндүүдийг тэрээр эзэмшдэг билээ.

Өөрийнхөө хамгийн сайн мэддэг, хамгийн сайн ойлгодог л бизнестээ хөрөнгө оруулж, түүнийгээ урт хугацааны хараатай, чадварлаг менежментийн багаар удирдуулж, худалдаж авсан компаниа толгой компанийн менежментээр захиралгүйгээр автоманит эрхтэйгээр үйл ажиллагааг нь явуулж, эдийн засгийн төлөв байдлын талаарх элдэв балай судлагаа шинжилгээнд анхаарлаа үл хандуулан, зөвхөн өөрийнхөө л философи дээр тулгаарлан өдийг хүртэл амжилттайгаар хөрөнгө оруулалт хийж, дэлхийн толгой баячуудын нэг болсон билээ. (2016 оны Форбест 64.69 тэрбум ам.доллараар дэлхийн баячуудын 4т жагсаж байна)

Варрен Баффетийн яриаг эдийн засагчид, хөрөнгө оруулагчид, шинжээчид, бизнес эрхлэгчид, оюутнууд гээд хэн бүхэн л сонсох дуртай. Учир нь тэрээр нарийн төвөгтэй, хүнд бизнесийн ойлголтуудыг маш энгийн жишээ ашиглан тайлбар хийдгээрээ алдартай.

Жил бүр тэрээр партнер Чарлигийн хамт хөрөнгө оруулагчиддаа бичдэг захидлууддаа өөрийнхөө хэрхэн бизнесээ явуулдаг, ямар компанийг яагаад худалдан авах болсноо, өнөөгийн бизнесийн төлөв байдал, цаашдын зорилго зэргээ бичдэг. Энэхүү захидлууд нь бусад нээлттэй компанийн захирлуудын бичдэг захидлуултай харьцуулахад элдэв давсалсан худлаа төсөөллийн тоо баримтуудаас илүү бодит байдлыг тэр чигт нь тайлбарлаж, түүнийгээ яагаад ийм болсныг өөрийнхөө үгээр, шударгаар, энгийнээр тайлбарладагаараа онцгой.

Энэхүү ном нь түүний өнгөрсөн 20 жилийн турш бичсэн захидлуудыг нэгтгэсэн ба дотроо “Компанийн засаглал”, “Хөрөнгө оруулалт”, “Хувьцаа”, “Компанийг худалдан авах”, “Компанийн үнэлгээ”, “Нягтлан бодохын гэмт хэрэг”, “Татвар”, “Беркшир Хатавайн ирээдүй” гэсэн 9 бүлэгтэй. Номыг уншаад үзэхэд, компанийн менежмент, бүтэц, санхүүжилт, үнэт цаас гаргах, нягтлан бодох бүртгэл, компанийн соёл зэрэг санхүү төвтэй МВА хөтөлбөрийн дийлэнхийг агуулж байгаа юм. Магадгүй их хэмжээний төлбөр төлөөд АНУ-ын бизнесийн сургуульд сурснаас Варрен Баффетийн бичсэн захиа, номнуудыг уншиж, яриануудыг тогтмол тууштай үзээд байвал МВА-н 2 жилийн хөтөлбөртэй  сурсантай бараг тэнцэх л  болов уу.

Хүн юм сурахдаа 3 замаар сурдаг гэдэг. Алдаа хийж сурна, бусдын туршлагаас суралцана, бусдад заангаа сурдаг аж. Энэ дундаас хамгийн үнэтэй буюу хамгийн зардал ихтэй нь алдаа гаргаж сурах нь. Хамгийн зардал багатай суралцах арга бол ном унших, бусдаас туршлага судлах зэрэг юм. Хэрхэн амжилттай бизнес эрхлэх, яаж амжилттай хувьцаа худалдаж авах, хэрхэн амжилттай хөрөнгө оруулах зэрэг гайхалтай бизнесийн алтан дүрмийг энэхүү эрхмээс зайлшгүй суралцах хэрэгтэй.

Бизнесийн Библь гэгдэх энэхүү номонд гарсан түүний зарим нэг үнэ цэнэтэй бизнесийн зарчимуудаас нь хүргэе.

  • Өөрийнхөө хүндэлдэг, биширдэг, итгэдэг хүнтэйгээ л бизнес хий.
  • Компанийн соёл гэдэг компанийн дүрэм журмаас илүү компанийн хэрхэн ажиллахыг зааж өгнө.
  • Бид а) ойлгомжтой энгийн бизнес, б) урт хугацааны төлөв нь сайн, в) үнэнч, чадварлаг менежментийн багтай, г) худалдан авахад боломжийн үнэтэй бизнесийг л сонирхдог.
  • Хувьцааг 10 жил эзэмшинэ гэж авч чадахгүй л байгаа бол 10 минут ч эзэмших гээд бодоод хэрэггүй.
  • Чарли бид хоёр хэрхэн хүндрэлтэй бизнесийг авч гарахыг сурах бус, хэрхэн тэд нараас хол байхыг өдий хугацаанд сурлаа.
  • 20 орчим жил зовж бизнесээ босгосон  эрхэмээс бизнесийг нь худалдаж ав. Учир нь тэнд үнэнч үйлчилүүлэгч, гайхалтай бүтээгдэхүүн, үнэнч нягтлан бодох бүртгэлийн систем байдаг юм. Тэд бизнесээ мөнгөний төлөө зардаггүй. Илүү сайжруулахын төлөө зардаг юм. 

Түүний бусад гайхалтай бизнесийн сургааль, алдаа болон онооны түүх, хичээлүүдийг цаг заваа гарган уншиж, тархиа цэнэглэхийг  эрхэм уншигч танд үлдээе.

Манай Их Нүдэн сайтын “Дэлхийн Хэвлэлд” буланд Варрен Баффетийн зарим гайхалтай захидлуудыг шилэн авч, цаашдаа та бүхэндээ орчуулж хүргэх болно.

 

 

 

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*