Номын амт: Мухаммад, сүүлчийн зөнчийн түүх

Kaaba in Mecca, Muslim people praying together at holy place

download


Нэр
: “Мухаммад, сүүлчийн зөнчийн түүх”

Зохиолч: “Дийпак Чопра”
Фикшён, нонфикшён оруулаад 80 гаруй зохиол бүтээлийн автор. Тэр дундаас 22 бүтээл нь Нью-Йорк Таймсын бест-селлэр болж байв. Тайм сэтгүүлээс 20-р зууны онцлох 100 бэлгэ тэмдэг болсон баатруудын нэг хэмээн тодорхойлогдсон.

Төрөл: Түүхэн, шашин

Хэвлэгдсэн он: 2010

Хуудас: 288

Та шүтлэгтэй юу? Гэсэн асуултын хариултыг сонсоод байхад Монгол залуучууд голцуу л “ер нь нэг их шүтээд гавьцан юм байхгүй дээ, яахав гэр бүлээ дагаад Буддын шашин шүтэхээ аяддаг даа” маягийн хариу хэлж байдаг. Би өөрөө ч тэгж л хэлдэг байсан. Жилийнхээ заслыг хийлгэх, хааяа гандан орох гэх мэтчилэн бараг уламжлал болчихсон зан үйл байгаад байгаа болохоор яг нарийн учрыг нь ухаж ойлгохгүй ч, гараа хавсарч төвдөөр ном дуржигнуулах ламыг харж өссөн орчин, ажил төрөл бүтээх энэ тэр гэсэн мухар сүсгээс болж шүтэх шүтэхгүйн дундуур хүмүүс их байдаг юм болов уу гэсэн бодол цухас төрнө. Гэтэл ер нь шашин гэж яг юу юм бэ? Шашны чин зорилго хаанаа байдаг юм? Шашин үнэхээр хэрэгтэй эд үү? Гэх мэтээр нухацтай асуулт тавиад, уншиж судлаад ирвэл өдий болтол төсөөлж харж ирсэн зүйлээс огт өөр байх нь цөөнгүй мэт.

Алтан ургийнхны хаанчлалын үеэс Монголд үндэс ёзоороо гүн суулгаж, өдийг болтол олонхыг хамарсан шарын урсгалын уг Буддын шашинд, энгийнээр хэлвэл ном, бурхан(буюу Будда Сидхарта Шагжа Муни ), багш гэсэн 3 эрдэнийг дээдэлж, өөрийн сэтгэл оюуныг цэвэр тунгалаг байлган, шүтэн барилдлага, үйлийн үр, мөнх бусыг сэхээрч нүглийг тэвчин буян үйл хийн аж төрөхийг номлодог. Энгийнээр ердөөсөө ингээд л болоо. Яахав мэдээж ганжуур, данжуур гэх мэтчилэнгээр маш олон бүлэг ном зохиол байгаа ч, голдуу одоогийн хэллэгээр кэйс стади шинжтэй, жишээ түүхүүд байдаг шүү дээ. Будда гэж үг өөрөө нүдээ нээсэн, сэхээрсэн гэсэн утгатай, Гималайн өмнөд бэлд оршиж байсан Шагжа хэмээх омгийн ханхүү Сидхарта олон жилийн бясалгал, дадуулгаар гэгээрэлд хүрч, шунал үгүй сэтгэлийн амар амгаланг олсонд хайрласан нэр, энгийнээр хоч юм гэж байгаа. Тэгээд мань хүн ухаандаа гэгээрэлд хүрсэн замаа бусдад зааж сурган, энэ тэрүүгээр явснаар олон шавьтай болж, Буддын шашин үүссэн түүхтэй. Өөрөөр хэлбэл буддын шашинд ажил бүтээх увьдастай ямар нэг гойд бурхан, далдын ид шидийг шүтэн бишрэх бус, гэгээрэл амар амгалангийн замыг зааж өгдөг багш, түүний хэлж ярьж, өвлүүлж үлдээсэн тэр ухаан номыг дээдэлдэг учиртай. Бидний л адил эхээс төрж, эрээн амьдралыг элээгээд, цаг нь ирэхээр төрхөмдөө буцсан бодит хүмүүс гэсэн үг. Будда ч тэр, Мял богд ч тэр, Бадамжунай ч тэр, Тавдугаар богд ч тэр, тийм биз дээ. Энэ утгаар нь би хувьдаа Буддын философи, үзэл санааг бодит чиг баримжаа сайтай, мухар сүсгийн бус рациональ ШУ хэмээн бодож, ихээр сонирхон шимтдэг юм. Гэтэл дэлхий дахины шашны чиг хандлагыг харахад, хамгийн олон хүн шүтдэг Христийн шашин, Исламын шашин, Еврейн шашнууд бүхний эцэг гэх “цорын ганц” бурхныг шүтэн биширдэг. Байдаг үгүйг нь баттай мэдэхгүй хэрнээ, байдаг хэмээн итгэж, шүтдэг гэсэн үг. Яагаад тэр вэ? Тэнд нэг онцгой учир шалтгаан байна уу? Сонирхолтой биш гэж үү? Ийм асуулт, сониучирхал, мэдье гэх хүслийн хүчээр энэ удаа Исламын шашны үндэслэгч зөнч Мухаммадын тухай өвөрмөц бүтээлийг сонирхон уншиж үзэв.

Зохиолч номын өмнөтгөлдөө энэ ном бол цэвэр түүхэн зохиол, новел юм шүү, ямар нэг байдлаар намтар ч юмуу, шашны номлол биш шүү гэдгийг цэвэр тодорхой хэлж өгчээ. Бичилтийн хувьд маш өвөрмөц. Жирийн нэг өгүүлэгч хүүрнэх бус, Мухаммадын эргэн тойрны олон дүрүүд тус тус өөрт холбоотой үйл явдлыг өгүүлэх бөгөөд тэр хэрээрээ Мухаммадын тухай, Исламын шашны эхлэлийн тухай, Исламын шашны эхлэлийн булаг болсон Меккагийн тухай, Арабын ертөнцийн соёл амьдралын талаар тод томруун гаргаж өгчээ.

0119muhammad041Энэхүү бүтээлээс голчлон юуг мэдэж авах вэ? Манай эриний 570 онд одоогийн Сауды Арабын нутагт орших Мекка хотод төрсөн өнчин хүү өсч том болоод олны итгэлийг даасан тэмээн жингийн худалдаачин болох хэрнээ, 40 гарсан хойноо гэв гэнэт хэрхэн, өдгөө тэрбум хол давсан хүний шүтдэг Исламын аварга шашныг үндэслэн бий болгох болов? Их сонин шүү. Түүний үйл хэргийг хувьсгал болгосон нэг ухагдахуун нь, тухайн үеийн арабд байсан олон тооны шүтээн, сахиуснуудыг халан цорын ганц “бурхан” буюу арабаар Аллахыг төлөөлөн гарч ирсэн гэдэгт байгаа юм. Мөн бас нэг сонирхолтой зүйл нь, өөрийгөө бурхны хүү хэмээсэн Есүс, төгс гэгээрсэн гэх Буддагаас тэс ондоогоор Мухаммад өөрийгөө зүгээр л хүний дундах хүн, Аллахын үгийг дамжуулах энгийн л зөнч хэмээн нэрийдсэн гэж байгаа. Тийм ч учраас энгийн ард олны дунд эгэл даруу оршиж, жирийн л хүн мэт буян нүглийг хослуулан амьдарч ирсэн гэх. Зохиолоос ажиглагдах нэг сонирхолтой элемэнт байна. Арабын ард олны амьдралын философи, тэдний соёл. Араб хүмүүс аман хууч яриаг их чухалчилж, хойч үедээ уламжлан дэлгэрүүлдэг ажээ. Манайхаар бол зүйр цэцэн үг юм уу даа. Ганцхан жишээ хэлэхэд, Араб эр хүн үхэхээсээ өмнө 3 зүйлийг хийж амжвал амьдарсны хэрэг бүтдэг гэнэ. Нэгт худаг ухах, хоёрт мод тарих, гуравт хүүтэй болох. Цөлийн хүмүүсийн хүнд хүчир амьдарлаас урган гарсан гэлтэй биш гэж үү.

Түүнчлэн яг одоо дэлхий дахины нүдэнд торсон өргөс болчихоод байгаа “жихадист” гэж хэсэг нөхдүүд байна аа даа. Тэд угтаа Мухаммадын хамгаалагчид, түүнийг дагагчид байсан гэдгийг та мэдэх үү? “Жихад” гэж тэмцэл, зөрчил гэсэн утгатай энэ үг анх Мухаммадыг, Аллахыг буруу шаах омгуудаас хамгаалах ариун дайнд явсан дайчдыг нэрлэн бий болжээ. Мөн Ислам гэдэг үгийн үндэс “салам” нь Арабаар энх тайван гэсэн утгатай бөгөөд Ислам болон хувирахаараа шүтэн, дагах гэсэн утгыг илэрхийлдэг аж. Бас их сонин байгаа биз. Орчин үеийн мань жихадистууд өөрсдийгөө Мухаммадын ариун дайчид, энх тайвны төлөө дайтаж байгаа гэж төсөөлдөг болж таарч байгаа юм. Гэтэл нөгөө талд, ардчилал, хүний эрх, энх тайвныг тугаа болгосон барууны орнууд зогсож байдаг. Утга учир хаана байна вэ? Юунаас болж өнөөдөр Алепод гэм зэмгүй ард иргэд, тэр дундаа хүүхдүүд бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдсаар байна вэ? Мухаммадын үлдээсэн, өөрийн Аллах бурхныг хэт дээдлэх Исламын суртахуун уу? Хар алтанд сохорсон барууны хумхай шунал уу? Мухаммад гэж энэ хүн өөрийн номлодог шиг ядууст тусалж, энэрэнгүй нигүүлсэнгүй хайрыг түгээх ариун шашныг өвлүүлэн үлдээж чадсан уу? Рамаданы үеэр Меккад мөргөл үйлдэх мянга мянган хүний дунд сүндэрлэх тэр шүтээн угтаа юу байсан бэ? Ямартай ч, энэ мэт маш олон харанхуй асуултад уг ном гэгээн гэрлээ тусган харуулах болно.

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*