Номын амт: Мартагдсан тэмдэг

the-lost-symbol-large

Нэр: The Lost Symbol / Мартагдсан тэмдэг

Зохиолч: Dan Brown / Дэн Браун

Төрөл: Адал явдалт, Мистери, Триллер

Хэвлэгдсэн он: 2009

Хуудас: 509

Амжилт: Хэвлэгдэж гарсан эхний өдрөө л Америк, Британи, Канадад нийт 1 сая хувь борлогдож, хамгийн хурдан борлуулалттай зохиол болон түүхэнд бичигдэн үлдэж байв. Гарснаасаа хойш 6 долоо хоногийн турш Нью-Йорк Таймсын бэст сэллер листэд “тэргүүн” байранд бичигдсэн бол, үргэлжлүүлэн 29 долоо хоногийн турш уг жагсаалтад багтаж байжээ.

“Хорвоогийн үнэн учрыг танилгүйгээр хорвоогийн тоосыг хөдөлгөн байна гэдэг, агуу том номын санд ороод нэг ч номонд хүрч үзэлгүйгээр гиюүрэх лугаа адил” хэмээн уг номын эхний нүүрэнд бичсэн байх ажээ. Хачирхалтай нь уг бүтээлийн хамгийн сүүлчийн мөрийг унших тэр агшинд дээрх өгүүлбэр эргэн нэг удаа бодолд харагдсан юм. Эхний нүүрний тэр өгүүлбэр, хамгийн сүүлчийн мөр хоёрын холбоог эргэцүүлж бодмоор, тунгаан шимтмээр санагдана. Сүүлчийн мөр ердөөсөө л “Hope” гэсэн нэг үг. Хүн төрөлхтний “итгэл найдвар”. Энэ итгэл найдвар миний өдийг хүртэл эргэлзэж гайхаж явсан асуултад гэрэл цацарсан хариултыг бэлэглэсний дээр, цаашлаад хорвоогийн учир шалтгааныг ахин нэг бодолхийлж, өөрийгөө хорвоо гэгч энэ агуу том номын сангийн номонд гар хүрч байна уу аль эсвэл эс зүрхлэн гиюүрч байна уу хэмээн ахин нэг нягтлан тунгаах боломжийг олгосон тул уг номыг уншигчиддаа уншихыг зөвлөхөөр шийдлээ.

Д.Брауны бүтээл ямар хэв шинж, онцлогтойг номын хорхойтнууд хэлүүлэлтгүй мэднэ ээ. 2003 оны блокбастер “Да Винчи Код” нь зохиолчийн нэр алдрыг тэнгэрт хөөргөж, түүхэн дэх хамгийн их уншигдсан бүтээлүүдийн нэг болж байсан бол уг “Мартагдсан тэмдэг” зохиол нь түүний үргэлжлэл секюэл юм. Зүрх догдлуулсан, сэрээж сэхээсэн, ёстой л металл рок хэмнэлтэй үйл явдал нь таныг тогонд цохиулсан мэт сэтгэгдэлтэй үлдээж магадгүй юм шүү. Нэг уншвал тавилгүй дуусгамаар гэдэг тодотголын цаадах магтаал гэж байдаг бол би хувьдаа энэ номонд өгмөөр байна. Д.Брауны зохиолын талаар бусадтай ярилцахад тэдний хандлага янз янз байдаг аа. Зохиолын агуулгыг тэгтлээ хүндээр хүлээж авалгүй, унших процессоос таашаал авдаг нэг хэсэг байхад, зохиолд гарч ирэх конспирацын онол шинжтэй үй түмэн фактууд, ухуулгуудыг шүүмжлэх, түүний үнэн худлыг тодотгож туйлшрах хандлагатай нэг хэсэг нь бас байна. Брауны зохиолуудад Шашин, ШУ-ны элдэв онол, CIA, FBI гэх мэт өндөр нууцлалтай байгууллагууд, энд тэндхийн нөлөө бүхий бродерхүүд, фратернитигүүдийн тухай ч гэдгиймуу, нэг бодлын үнэн ч байж болох аль эсвэл зүгээр зохиомж ч байж болох, заримдаа болохоор “аан тийм байсан юмуу” гэмээр сонирхолтой, хачирхалтай, түүхэн фактуудыг нүд бүлтийж, эрүү мултартал шийдэмгий оруулж ирсэн байдаг. Энэ удаагийн “Мартагдсан тэмдэг” зохиолд л гэхэд АНУ-ын нийслэл Вашингтон хотод нуугдан буй нэгэн агуу нууцыг гайхамшигтай адал явдлаар амтлан дэлгэжээ. Зүгээр нимгэн өрөмнөөс нь дурдахад, яг одоо Вашингтон Д.С-д байрлах хамгийн өндөр барилга юу гээч? Аль 1884 онд баригдсан, 169м өндөр Вашингтон Монюмэнт. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нийслэлд энэнээс өндөр байшин байвал байхаар даа. Гэтэл үгүй. Учир нь уг монюментаас өндөр барилга барихыг хориглосон дүрэмтэй аж. Яагаад? Бусдаас содон байлгах гэж үү? Магадгүй ээ. Мандах нарны туяа үзүүрт нь хамгийн түрүүн тусах болохоор уу. Магадгүй л юм. Тэгсэн ч гэсэн “яагаад заавал” гэж асуумаар байгаа биз. Үүний хариултыг уг бүтээлээс уншиж ойлгож болно. Ганцхан жишээ дурдахад л энэ. Ер нь түүхийн нууцлагдмал оньсого, далд утгыг агуулах тэмдэг, паззлд дургүй, сонирхлыг нь татахгүй хүн гэж байхгүй байх. Тийм ч болохоор энэ хүний ном зохиол олон хүний сонирхлыг татдаг биз ээ. Зохиолч номынхоо эхэнд уг зохиолын үйл явдал цэвэр фикшён юм шүү гэдгийг хэлэх ч, зохиолд гарах барилга байгууламж, түүний шинж чанар, агуулж байгаа зүйлс үнэн бодит болохыг ч мөн хэлж үлдээсэн байна. Үүнээс үүдээд, амархан итгэчихмээргүй байвч, итгэхийн аргагүй юм бас гарч ирдэг болохоор, би хувьдаа уншихдаа жижигхэн сэтгэхүйн тоглоом гэж бодоод, фактад төвлөрөлгүй, процессоос таашаал авч, хэлэх гээд байгаа хамгийн цаад санаанд нь төвлөрч, тэр ухаанаас нь өөртөө шингээхийг эрмэлздэг билээ.

Ер нь Брауны нэг л зохиолыг уншчихвал бусдыг нь заавал уншихаар тэмцэхэд хүргэдэг гэж хэлж болно. Дээр дурдсан алдарт “Да Винчи Код”, энэ удаагийн “Мартагдсан тэмдэг” зэргээс гадна саяхан кино нь дэлхийн хэмжээнд нээлтээ хийсэн “Инферно”, кибер ертөнцийн тухай “Дижитал Фортрес” гэх мэт хэд хэдэн сенсаци бүтээлүүд бий. Та “Да Винчи Код” киног үзсэн бол мэдэж байгаа, зохиолын баатар Робэрт Лангдоны дүрийг алдарт Том Хэнкс бүтээсэн. Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Инферно”-д ч мөн тэрээр тогложээ. Зохиол нь гайхамшигтай байсан учраас нээгдээд удаагүй байгаа “Инферно”-г саяхан кино театрт очиж үзлээ. Үнэнийг хэлэхэд кино номоо гүйцдэггүйн бас нэг жишээ болсон санагдсан. Кино урлаг мэдээж хэцүү биз, гэхдээ л чухал санаанууд ихээр хасагдсан, агуулгыг их зөөллөсөн санагдсан. Тэгэхээр номыг нь л уншиж үзэхийг зөвлөмөөр байна.

“Мартагдсан тэмдэг”-ийн хувьд надад хамгийн ихээр таалагдсан, загатнасан газар маажсан мэт хайж, эрэлхийлж байсан асуултад минь хариулсан, тийм нэг гоё санаа, том ойлголт зохиолын төгсгөлд бүх ээдрээний утга учир болон дэлгэгддэг. Тэр нь”Laus Deo”. Ганцхан латин үг. Англиар “Praise be to God”. Гэхдээ харагдаж байгаа шигээ зүгээр л “Бурхныг магтан дуулъя” биш ээ. Яг юу гэсэн далд утгатай үг болохыг энд тайлж хэлэлгүй, уншигч танд уг бүтээлийг олж унших эрмэлзэл болгон үлдээе. Харин миний хайж эрэлхийлж байсан үнэн гэвэл товчхондоо, Ислам, Христийн шашинтнууд яагаад байдаг үгүй нь мэдэгдэхгүй ертөнцийн эзэн, “эцэг” бурхныг шүтэн дээдэлдэг юм бол? гэсэн асуулт. Будда “чи өөрөө бурхан юм шүү” гэж хэлсэн байдаг. Мөн Монголд харагдаад байдаггүй ч Японд буддын сүмд ороход, мөргөлийн тавцан дээрээ “толь” тавьсан байх нь бий. Мөргөлч толинд хараад мөргөнө. Толины тусгалд мөргөлчид юу харагдах вэ? Өөрөө харагдана. Өөрөөр хэлбэл өөртөө орших бурханд мөргөж байна аа гэсэн үг. Монголоор бол эзэн хичээвэл, заяа хичээнээ гэдэг шиг. Ийм байхад Ислам, Христийн шашны хэлэх ертөнцийн эзэн бурхан байдаг гэдэгт тэр олон сая хүн яагаад итгэдэг вэ гэсэн асуулт гарч ирдэг. Энэ асуултад уг “Мартагдсан тэмдэг” зохиолын гол санаа маш уран гоёор, бүр нэг борооны хар үүлийг тууж, цаанаас нь алтан наран гийх мэт санагдтал хариулж өгч чаджээ. Хэрэв танд ч бас ийм эргэлзээ байдаг бол энэ номыг заавал уншиж үзээрэй…

Хуваалцах

2 Comments

  1. Танай “Номын амт” булан их таалагдаж байгаа шүү 🙂 Улам идэвхтэй мэдээлэл нэмээрэй

Leave a Reply

Your email address will not be published.


*