Номын амт: Зүүний сүв

Номын нэр: Зүүний сүв

Зохиолч: Ken Follett

Төрөл: Түүхэн фикшён, триллер

Хэвлэгдсэн он: 1978

Хуудасны тоо: 369

Амжилт: 1979 онд Америкын Мистери Зохиолчдын Холбоо (MWA)-ны оны шилдэг романаар шалгарч, Edgar Award-г хүртэж байв. Улмаар хэвлэгдэн гарснаасаа хойш 15 сая гаруй хувь борлогджээ.

1944 оны эхээр Германы тагнуулын штаб, Английн зүүн өмнөд хэсэгт бүрэлдэж буй холбоотны хүчирхэг армийн талаар мэдээллийг авч эхэлжээ. Тэдний тагнуулын онгоцнууд Уош дахь аварга том хуаран, онгоц хөөргөх зурвас, усан флотын фото зургийг авч, Генерал Жорж С. Паттоны цагаан буллдог нохойгоо салхилуулж буй андашгүй зураг олдсны дээр, тус бүс нутаг дахь радио харилцаа илт эрчимжиж, Британи дахь өөрийн тагнуулууд нь ч уг хөдөлгөөнийг бататгаж байв.

Мэдээж тэнд ямар ч арми байгаагүйг түүх гэрчилнэ. Усан онгоцнууд нь зүгээр л банз хадаж нийлүүлсэн дүрс, хуаран нь киноны сетээс дээрдэхгүй хуурамч, Паттоны удирдлагад нэг ч цэрэг байсангүй, радио дохионууд нь ч утгагүй зохиомол, тагнуулууд нь урвагчид байжээ. Гагцхүү энэ бүх худал хуурмагийн зорилго нь дайснаа Пас Дэ Калайсыг онилсон хуурамч дайралтад бэлдүүлж, үнэн чанартаа бэлтгэлгүй хоцорсон Норманди руу гэнэт уулгалан довтлох холбоотны армийн ов мэх байлаа. Уг аварга том стратегийг биелүүлэхэд мянга мянган хүн оролцож, тэр хирээрээ бүтэх боломжгүй гэж хэлж болохоор хууралт байлаа. Бодит үнэнийг ядаж нэг Гитлерийн тагнуул мэдэхгүй өнгөрнө гэхэд итгэхэд бэрх.

Тэгвэл тухайн үед Англид Наци тагнуулууд байсан уу? Мэдээж байсан. Дайны үед хүмүүс өөрсдийгөө тагнуулч, урвагчдаар бүрхэгдсэн байгаа гэж бодож болгоомжилдог байв. Дайн дууссаны дараа гарсан цуу яриагаар бол Германы тагнуулуудыг 1939 оны зул сараар MI5 (Британий Тагнуулын Ерөнхий Штаб) олноор нь агнаж, саармагжуулсан юмсанж. Бодит байдал ч уг цуу яриатай тун дөхөж, MI5 бараг бүгдийг нь барьсан бөгөөд, маш цөөхөн хэд нь баригдалгүй үлдсэн байсан бололтой.

Гэхдээ ганцхан хашир тагнуул байхад бүх юм орвонгоороо эргэж болно. Германчууд Зүүн Англи дахь хуурамч армийг олж харсан уу харсан. Ов мэх байж мэднэ хэмээн сэжиглэсэн үү сэжиглэсэн. Тиймдээ ч бодит үнэнийг мэдэхийн тулд тэд эцсээ хүртэл чадах бүхнээ хийсэн. Энэ бол үнэн түүх. Үлдсэн нь харин зохиомж бөлгөө.

Түүний нууц нэр “Зүү”. Тэрээр Германы сурвалжит угсааны гоц ухаантан, цусанд нь хүчирхийлэл нэвт шингэсэн мастер тагнуул, түүхэн дэх хамгийн аргаа барсан гэж хэлж болох эрэн сурвалжлагын бай байлаа. Гэвч түүний хувь заяа хэнд ч гэм хоргүй залуухан Англи бүсгүйн гарт орж, тэр бүсгүйн эх орноо хэмээх үнэнч байдал суларвал мань хүн эрх чөлөөтэй болж, Нацистууд дайнд ялахад байг гэх газаргүй болох байсан юм.

Алдарт Кен Фоллеттын “Дэлхийн багана” зохиолыг урьдын нэгэн дугаартаа хүргэж байлаа. Харин энэ удаа түүнийг алдрын замд хөтлөн оруулсан анхны томоохон сенсаци болох “Зүүний сүв”-г танилцууллаа. Адал явдал, романс, уулга алдам түүхэн факт гээд олон төрлийн амтыг нэг дор мэдэрч болох уг гайхалтай зохиол таныг хэдэн өдөртөө уйдаахгүй гэдэгт миний бие бат итгэлтэй байна.

“Германчууд бараг л бүрэн хууртсан гэж болно. Ганцхан Гитлер өөрөө зөвөөр таамагласан. Гэвч тэр зөн совингоо дагахаас эргэлзсэн юм.”
A. J. P. Taylor
Английн түүх 1914-1945

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*