Анхны төслийнхөө хөрөнгийг хэрхэн босгох вэ?

     Kickstarter нь шинэ бүтээгдэхүүн, шинэ зүйлийг хийх хүсэлтэй залуучууд, шинэ төслийг санаачлагчид болон түүнийг нь сайн дураараа дэмжих сонирхолтой сая сая хүмүүсийг холбосон маш том веб платформ юм. Өдөр тутмын энгийн санаанаас авахуулаад шинжлэх ухаан дээр суурилсан гайхалтай санаануудаар дүүрэн хэн бүхэнд өөрсдийн санаагаа бодит хэрэг болгоход хөрөнгө санхүүгийн хувьд үргэлж бэрхшээл тулгардаг. Тиймээс хэдий сайхан санаа байвч санхүүгийн дэмжлэг, танил тал байхгүй бол үнсэнд хаясан чулуу шиг орхигддог үе ард хоцорсоор байгаагийн илрэл бол тус платформ юм.

     Kickstarter нь 2009 онд АНУ-д  байгуулагдсан бөгөөд Crowdfunding хэлбэрийн нэг том төлөөлөл юм. 21-р зуунд шинийг санаачлагчидийн санхүүгийн бэрхшээлийг шийдэж өгч буй хөрөнгө босголтын шинэ хэлбэр болох Crowdfunding нь маш хурдацтайгаар хөгжиж, энэ хэлбэрийн олон сайтууд ар араасаа гарч ирж байна. Crowdfunding нь олон залуусын мөрөөдлийг бодит биелэл болгож,  урам зориг өгч буй шинэ үеийн ололт амжилт болсон маш том систем болон өргөжөөд байгаа билээ.

     Crowdfunding гэдэг үгийг махчлан орчуулбал Crowd (олон хүн) олуулаа хамтарч funding (санхүүжүүлэх) гэсэн үгнээс улбаатай.  Энэхүү хөрөнгө босголтын хэлбэр нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн арга бөгөөд отгоос шинэ санаа биш юм. Гэсэн хэдий ч хөгжлийн шатанд хэлбэрээ өөрчилсөөр ирсэн бөгөөд интернет хөгжилтэй хөл нийлүүлэн нэг дор олон хүнийг хамарсан маш өргөн хэмжээний санхүүжилт явагдах бололцоотой болсон. Мөн түүнчлэн хэн бүгдэд нээлттэй оролцох эрхээр хангах бөгөөд илүү хурдан, үр дүнтэйгээр хөрөнгө оруулагчдыг татахаас гадна өөрсдийн бүтээгдэхүүнээ олон нийтэд анхнаас нь сайтар сурталчлах давуу талтай. Ингэснээр цаашдын бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжийг нэгэн зэрэг олгож байгаа юм. Crowdfunding нь эдүгээ маш хүчээ авч гал түймрээс үүдэлтэй осол, иргэний хөдөлгөөн, урлаг спорт, хөгжим, засгийн газар уруу чиглэсэн хөдөлгөөн, шинэ бизнес, кино урлаг, софтверийн нээлт, бүтээгдэхүүний нээлт, шинжлэх ухааны нээлт, хувь хүн болон сонирхлын бүлэг рүү чиглэсэн санхүүжилт зэрэг өргөн хүрээг хамарч байна.

Kickstarter “Амжилттай төслийн зургаас”

      Харин ийм төрлийн олон платформуудаас Kickstarter ялгаатай нь илүү урлаг, уран сайхан, комик цуврал, гар урлал, бүжиг, дизайн, загвар, кино урлаг, компьютер тоглоом, сэтгүүл, фото график, хэвлэл, технологитой холбоотой салбаруудад түлхүү хамаардаг. Мөн түүнчлэн робот, унадаг дугуй, мотоцикл, виртуал реалити, цоо шинэ бүтээгдэхүүнүүд зэргийг байнга дэмждэг бөгөөд нийгмийн төлөөх залуучуудын хөдөлгөөн нь маш олон хандалтыг авдаг.

Kickstarterд өөрийн санаагаа хэрэгжүүлэхийн тулд тодорхой зорилго, хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, заагдсан хугацаан дотор хөрөнгөө босгосноор төсөл амжилттай хэрэгждэг. Заагдсан хугацаанд хөрөнгө төвлөрч чадахгүй тохиолдолд цугларсан мөнгө буцаагддаг. Тиймээс төсөлд хөрөнгө оруулалт хийсэн бол төслийн хөрөнгө амжилттай 100% бүрдэх хүртэл төсөл хэрэгжих боломжгүй. Төслийн санхүүжүүлэлтэнд хэдэн ч хүн оролцох боломжтой бөгөөд 1 ам.доллараас эхлэн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Харин тэр даруйд картан дахь мөнгө хасагдахгүй. Тиймээс төслийн санаачлагч хөрөнгөө бүгдийг нь цуглуулж чадна эсвэл бүр мөсөн чадахгүй гэсэн 2 сонголттой юм. Харин тус сайт нь өөрөө нийт цугларсан хөрөнгийн 5%-г ашиг болгон авч сайтынхаа тогтмол үйл ажиллагаагаа явуулах болон ажилчдынхаа цалинг олгодог байна.

Kickstarter нь (reward based) урамшууллын тогтолцоотой. Уг урамшууллаар дамжуулан урьдчилан хөрөнгөө босгодог. Төслүүд онцлогоосоо шалтгаалан урамшуулал нь ялгаатай. Хөрөнгө оруулагч урамшуулалд төслийн бүтээгдэхүүнийг авч болох ба эсвэл өөрийн нэрийг спонсор нэрээр компанид үлдээж бас болдог. Тийм учраас хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс хамаарч урамшуулал харилцан адилгүй. Ихэвчлэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээсээ зах зээлээс хямд үнээр борлуулах эсвэл үнэгүй өгөх хэлбэр түгээмэл. Гэвч урамшуулал нь хуулийн хүрээнд багагүй заалтууд тусгагдаж өгдөг ба архиний төрлийн урамшуулал хориотой. Мөн Kickstarter нь хувьцааны хэлбэрээр хөрөнгө оруулалт татах хэрэгсэл биш бөгөөд тус хэлбэрийн сайт тусдаа байдаг.

Урамшууллыг төслийн санаачлагчид гаргана.

     Энэхүү урамшууллын хэлбэрийг интернет худалдан авалттай адилхан гэж яригддаг. Учир нь тухайн төсөлд хөрөнгө оруулсны дараа бүтээгдэхүүнээс авч буй нь урьдчилж мөнгөө төлөөд бүтээгдэхүүнээ авч буйтай ижил юм. Гэвч нөгөөтэйгүүр энэ нь эрсдэлийн хувьд нэлээн ялгаатай. Төсөл амжилттай явах эсэхэд 100%  батлан даалт хийхгүй нь хөрөнгө оруулагчдад өөрсдийн бие даасан хариуцлага ногдож байгаа юм. Хуурамч төсөл зохиож мөнгөө авч зугтсан жишээнүүд байдаг бөгөөд  АНУ-н засгийн газарт баригдсан хуулийн этгээдүүд бий. 2012 онд “Кард-Тоглоом” гэх төсөл амжилттайгаар хөрөнгөө татаж чадсан ч төслийн санаачлагч бүтээгдэхүүнээ хийлгэлгүйгээр зугтаж, цугларсан хөрөнгийг өөрийн хувийн эрх ашигт зарцуулсан тухай мэдэгдсэн. Тус этгээд  2015 оны 6-р сард АНУ-н Холбооны Арилжааны Комиссоос  54851 ам.доллараар шийтгүүлжээ. Энэ бол хамгийн анхны худал төсөл байсан юм. Мөн тухайн этгээдийг дахин Crowdfunding хэлбэрээр хөрөнгө босгох эрхгүй болгосон юм. Нөгөөтэйгүүр энэхүү хөрөнгө босголт нь харилцан итгэлцэл дээр үндэслэгдэн явагддаг учраас олны итгэлийг алдсан тохиолдолд тухайн хүний нэр хүнд унаж дахин оролцох боломжгүй болох нь ойлгомжтой биз ээ. Мөн зарим төслүүд анхны агуулгаасаа хазайсан гэх мэт тохиолдлууд байдаг бөгөөд хөрөнгө оруулагч нарт анхаарууштай зүйлс цөөнгүй. Мөн төсөлд оруулсан хөрөнгө сайн дурынх учир буцаан авах гэсэн хуулийн заалт байхгүй. Kickstarter-д маш олон залуус гайхалтай бүтээлч, баялаг санаагаар дүүрэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, олны хүртээл болгож байгаа билээ.

Өдөр тутмын амьдралын энгийн зүйлүүдэд өөрийн санаагаараа баяжуулаад олны анхаарлыг татахуйц төслийг санаачилж чадвал амжилт олох бөгөөд урамшуулалд юу өгөхөө ч мөн амлах хэрэгтэй. Тус сайт уруу зочилбол маш сонирхолтой бүтээгдэхүүн олныг олж чадна. Жишээ нь амжилттай хэрэгжсэн бүтээгдэхүүнүүдээс дурдвал  ухаалаг бугуйн цаг Пеббле, гал тогооны хэрэгслүүд, орчин үеийн бизнесмений  гар цүнх,  ухаалаг гар утасны кармантай цамц, дуран , цахилгаан унадаг дугуй гэх мэт.

Цахилгаан унадаг дугуй.
Пебблэ ухаалаг цаг.

     Гэсэн хэдий ч 2009 оноос хойш найман жилийн дотор тус сайтаар дамжуулан 122390 төсөл амжилттайгаар 3 тэрбум ам.долларын хөрөнгө босгож чаджээ. Үүний дотор 1 сая ам.долларын 223 төсөл, 100 мянгаас 999 мянган ам.долларын 3659 төсөл амжилттай хөрөнгөө босгож хэрэгжиж чаджээ. Амжилттай хэрэгжсэн төслүүд дотроос хөгжмийн салбар  хамгийн амжилттай бөгөөд нийтдээ 22133 төсөл байсан байна. Түүний дотроос 2017 онд алдарт Граммын  5-н төрлөөс 4-н шагналтан тодорчээ. Дурдахад “Шилдэг реп цомгоор”  De La Soul, And the Anonymous Nobody тодорсон. Уг бүтээл нь 2015 онд нийтдээ 11169 дэмжигчдээс (хөрөнгө оруулсан хүмүүсийн тоо) 600874 ам.доллар цуглуулж, 2016 оны “Биллийн самбарт” (Billboard Rap album chart)”-д тэргүүлжээ. Мөн утга зохиол, комик цуврал, веб дизайнтай холбоотой 3500 гаруй төсөл амжилттай хэрэгжсэн байна.

    Мөн санаачлагчид дахин төсөл бичих тохиолдол олон бөгөөд нийтдээ 8539 давталтад санаачлагчид бий. Харин эсрэгээрээ төслийн зорилтот мөнгөн дүнд хүрч чадаагүй 219688 төсөл байгаагаас 1856 төсөл нь 80%- цугларсан нь хугацаандаа бүрэн цуглараагүйгээс цуцлагдсан байна. Kickstarter анхан үедээ 100 төсөл дөрвөн сарын дотор арай хийж хөрөнгөө босгодог байсан бол одоо 100 гаруй төсөл гуравхан өдрийн дотор хэрэгжихэд бэлэн болдог болжээ. Монгол эх орон маань эрт дээр үеэс уламжлагдан ирсэн язгуур урлаг, түүх соёлоороо баялаг билээ. Ганцхан уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай  манай төр засгаас дорвитойхон дэмжих бодлого сул байдаг учраас авьяаслаг ахан дүүс маань харийн нутагт ажиллаж амьдардаг ч эдүгээ хөгжиж буй гадаадын платформыг ашиглан олон сайхан төсөл санаачлах боломж их байгаад тун баяртай байна. Одоогоор тус платформууд Монголд хэрэгжих боломжгүй ч, төслийн санаа байвал хамтран ажиллах хүсэлтэй залуучууд олон байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Мөн Монголд хайртай, Монголын хөгжмийн урлагийг биширдэг гадаадынханд ч том боломж болж чадах болов уу хэмээгээд нийтлэлээ өндөрлөе.

2017.04.06
Өсөхбаярын Үүлэн
Шиншү их сургууль

 

Ашигласан материал

  1. Албан ёсны сайт “Статистик мэдээлэл”
    https://www.kickstarter.com/help/stats
  2. Crowdfunding
    https://en.wikipedia.org/wiki/Crowdfunding
  3.  Kickstarter-н бүтээлч гайхалтай 44-н бүтээгдэхүүнүүд.
    http://www.bestproducts.com/lifestyle/g1651/innovative-kickstarter-campaigns/?slide=44
  4. Граммын шагнал авсан бүтээлүүд.
    https://www.kickstarter.com/blog/make-some-noise-kickstarter-creators-at-the-grammys

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 17 Articles

Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*