Нөхөн төлжүүлэх эмчилгээний шинэ үеийн эхлэл -iPS эс хэрэглээнд-

Японы хамгийн том судалгааны төв болох Рикэн-ий “Нүдний торлог бүрхүүлийн нөхөн төлжүүлэх эмчилгээний судалгааны төсөл”-ийн багийнхан энэ 3 сарын 28-нд анхны өвчтөндөө эс шилжүүлэх мэс засал хийжээ. Анхны өвчтөн нь 60 настай эрэгтэй бөгөөд 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр мэс засал хийж, төлөвлөсөн ёсоор нэг цагийн дотор мэс заслыг дуусгажээ. Уг мэс засалд Киото их сургуулиас хүлээн авсан iPS эсээс гаргаж авсан, нүдний торлог бүрхүүлийн эпидермийн 650 мянга орчим эсийг агуулах шингэнийг шилжүүлжээ. Энэхүү мэс засал нь iPS эс ашигласан хоёр дахь нөхөн төлжүүлэх эмчилгээ болж байгаа юм.

Анхны нөхөн төлжүүлэх мэс засал нь хэзээ явагдав?

Анхны мэс засал нь 2014 оны 9 сарын 12-нд амжилттай болж өндөрлөсөн юм. Тус мэс засал нь хөгшрөлтөөс үүдэх шар толбоны өөрчлөлт гэгдэх нүдний өвчний эмчилгээнд зориулан хийгдсэн байна. Энэ мэс засалд өвчтөний өөрийнх нь арьсны эснээс гаргаж авсан iPS эсийг ашиглажээ. Энэ нь iPS эсийг ашигласан нөхөн төлжүүлэх эмчилгээний аюулгүй байдлыг шалгахад чухал үр дүн өгсөн мэс засал байсан юм. 2015 оны 10 сарын 2-нд тус өвчтний эмчилгээний үр дүнг тайлагнахад, мэс заслаас нэг жил өнгөрсний дараагаар хавдар зэргийн өөрчлөлт харагдалгүй, анхны мэс засал гэхэд сайн үр дүн үзүүлсэн аж. Өвчтөний зүгээс өмнөхөөсөө илүү тод, өргөн хүрээтэйгээр харж чадах болсондоо баяртай байгаагаа мөн дуулгасан юм. Энэхүү судалгаа нь дэлхий нийтэд цацагдан, тус төслийн удирдагч Такахаши Масаё нь Английн Натур шинжлэх ухааны сэтгүүлийн оны онцлох 10 эрдэмтэний нэгд шалгарсан байна.

ES эсээс iPS эс рүү

 Такахаши Масаё гуай нь 1992 онд Киото их сургуульд анагаах ухааны докторын зэргийг хамгаалж, 1995 онд тархины мэс заслын эмч нөхрийгөө даган Америк явсан байна. Тэнд очоод тэр үедээ дөнгөж олдоод байсан мэдэрлийн тулгуур эсийн талаар олж мэдэн, нүдний торлог бүрхүүлийн эмчилгээгүй өвчнийг эмчлэх боломжийг олж харсан байна. 2000 оноос ES эсэд анхаарлаа хандуулан, тус эсээс мэдрэлийн эс гаргаж авах судалгаа хийж байсан Рикэний судлаач Сасаи Ёшики гуайтай хамтарч, анх удаа ES эсээс мэдрэлийн торлог бүрхүүлийг гаргаж авчээ. Үүнээс хойш төд удалгүй 2006 онд Яманака Шиня гуай iPS эсийг нээж (2012 онд үүгээрээ Нобелийн шагнал хүртсэн), Такахаши Масаё гуай нь ES эсээс хэрэглэхэд илүү тохиромжтой iPS эс рүү шилжсэн байна.

Миний бие анхны мэс заслын дараах жил болох 2015 оны 5 сард Такахаши Масаё гуайн лекцийг сонсох завшаан тохиосон юм. Тэрбээр “Хүмүүс iPS эс олдоод ердөө наймхан жилийн дотор хүн дээрх эмчилгээ эхэлсэнд гайхдаг. Гэхдээ энэ судалгаа нь ES эсээс эхэлсэн судалгаа юм” хэмээж, хүн дээрх эмчилгээ явагдах хүртэл судалгаанаас гадна өөр олон хүчин зүйл хэрэгтэй байсныг дурдсан юм.

Энэ удаагийн мэс заслын онцлог

Энэ удаагийн мэс засал нь анхны iPS эс ашигласан мэс засал байгаагүй байсан юм бол, өмнөхөөсөө юугаараа онцлог вэ? Энэ нь тус хүний өөрийн эс бус бусдын эсийг ашигласнаараа, анхны өөрийн бус эсийг ашигласан нөхөн төлжүүлэх эмчилгээ болж байгаа юм. Тэгвэл яагаад одоог хүртэл чадаагүй вэ? Ерөнхийдөө хүний биед өөрийн бус зүйл орж ирж байгаа тул, дархлааны систем гадны зүйл гэж танин, устгах урвалыг явуулна. Ингэснээрээ зөвхөн шинээр оруулж ирсэн эс бус, түүний эргэн тойрны эсэд ч хөнөөл учруулах тул  өвчтөн бүр мөсөн сохрох ч аюулыг дагуулж болно. Гэтэл энэ удаагийн мэс засал нь энэ асуудлыг шийдсэн байна. HLA дархлааг нь тааруулсан iPS эс хэрэглэснээрээ шийдэлд хүрчээ. Энэ нь ерөнхийдөө бол А бүлгийн цустай хүнд О бүлгийн цус сэлгэж болдогтой төстэй шалтгаантай юм.

Бусдын эснээс гаралтай iPS ашиглах давуу ба сул талууд

Давуу тал нь:

  1. Цаг алдахгүй. Өөрийн эсийг ашиглана гэвэл, эхлээд тус хүний эсний дээжийг авч iPS эсийг гаргаж авах шаардлагатай. Цаашлаад түүнийгээ хэрэгтэй эс болгож, түүнийхээ аюулгүй байдлыг шалгах гээд бараг хагас жил орчим шаардагдах болно. Лабораторид бэлтгэсэн бусдын эсийг ашиглавал энэ хугацааг хэмнэх болно.
  2. Өртөг хэмнэнэ. Өвчтөн тус бүрийн iPS эсийг хийнэ гэдэг нь хүн хүчний, тоног төхөөрөмжийн зэрэг зардлууд гарч, маш өндөр өртөгтэй эмчилгээ болох юм. Энэ удаагийн эмчилгээ нь энэ өртгийг багасгах технологийг туршсан гэж хэлж болно.

Сул тал нь:

  1. Хэд хэдэн төрлийн донор болох iPS эсийг бэлдэх шаардлагатай. Үүний талаарх нарийн зүйлийг дараагийн нийтлэлдээ тайлбарлах болно.
  2. Цусны бүлэгт ховор гэж байдаг шиг HLA-д ч ховор гэж бий. Тиймээс HLA-н төрөл нь донор болгон хадгалсан эстэй бүгдэнтэй нь таарахгүй бол өөрийн эсийг хэрэглэхээс өөр аргаагүй болох болно.

Энэ удаагийн нийтлэлдээ iPS эсийн хэрэглээний сүүлийн үеийн шинэхэн мэдээнээс дуулгалаа. Дараагийн нийтлэлдээ тус эмчилгээний талаар бага зэрэг гүнзгийрүүлэн тайлбарлах болно. Миний хувьд биохими, эсийн биологийн чиглэлээр суралцдаг ч, анагаахын мэдлэг хомс тул зарим анагаахын үгсийг махчилж орчуулсан байгаа. Тиймээс буруу орчуулагдсан байвал хүлцэл өчье.

 

Бусад энэ сэдэвтэй холбоотой мэдээллийг эндээс сонирхоорой.

“Уучлаарай, генээ засуулах гэсэн юм?”

Хавдрын тулгуур эс

STAP эс гэж үнэхээр оршдог уу?

 

Ө. Нарандулам

Ашигласан материал:

  1. Рикэн-ий нүдний торлог бүрхүүлийн нөхөн төлжүүлэх эмчилгээний судалгааны төслийн багийн веб хуудас

http://www.cdb.riken.jp/research/laboratory/takahashi.html

  1. Японы википедиа хуудсын Такахаши Масаё гуайн танилцуулга

https://ja.wikipedia.org/wiki/%E9%AB%98%E6%A9%8B%E6%94%BF%E4%BB%A3#cite_note-nature2014-5-1

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*