Хятадын мобайл төлбөр тооцоо

Өмнөх нийтлэлдээ Энэтхэгийн мобайл төлбөр тооцооны шинэ тоглогч PayTm-н талаар танилцуулсан бол, энэ удаагийнхаа нийтлэлээр Хятадын мобайл төлбөр тооцооны шинэ тоглогч, Монголчуудын хувьд зайлшгүй мэдэх ёстой нэгэн компанийн үйлчилгээг танилцуулъя.

Энэ бол Tencent группын WeChat. Хятад уруу аялал, бизнес, хувийн зорилгоор тогтмол зорчдог Монголчуудын хувьд энэ үйлчилгээ аль хэдийн танил болсон ч магад. Бээжингээр саяхан миний бие яваад үзэхэд хотын захын жижиг дэлгүүрээс авахуулаад том брэндийн их дэлгүүрүүдэд хүртэл бэлэн мөнгө, тэр ч байтугай манайхан шиг картаар төлбөр тооцоо хийж байхыг олж харсангүй. Хөгшин залуугүй бүгд л гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийж байна. Ашиглаж буй аппликейшнийг нь ажиглавал, WeChat.

WeChat нь Facebook шиг найзуудтайгаа чатлах, видео уулзалт хийх, үзэл бодлоо бусадтайгаа хуваалцах зэрэг харилцааны үндсэн хэрэгсэл байхаас гадна өөр хоорондоо мөнгө шилжүүлэх (Рeer to Рeer, P2P),  онлайнаар төлбөр тооцоогоо хийх боломжтой олон нийтийн сүлжээний хэрэгсэл юм. Өдгөө нийтдээ 900 сая хэрэглэгчидтэй бөгөөд тэдний 830 сая нь тус аппликэйшнийг төлбөр тооцоондоо ашигладаг аж. WeChat нь зөвхөн чатлах бус өдөр тутмын төлбөр тооцооны үндсэн хэрэгсэл болж чадсан нь Tencent группын хамгийн том амжилт гэж хэлж болно. Хэрэглэхэд маш хялбар бөгөөд бизнес эрхлэгчидийн хувьд заавал олон төрлийн POS машинуудыг кассан дээрээ тавилгүйгээр дан ганц баганан код л наагаад тавихад хангалттай. Түүнийг нь худалдан авагч өөрийнхөө гар утсан дээрээ уншуулаад л, нийт төлбөл зохих дүнг бичээд л болоо. Ердөө хэдхэн секундын л ажил.

Хятадын мобайл төлбөр тооцооны нийт дүн 5.5 их наяд ам.долларт хүрсэн (дэлхийн хамгийн том) бөгөөд энэ нь АНУ-ын тус дүнгээс 50 дахин их гэж бодохоор уншигч та Хятадын мобайл төлбөр тооцооны хөгжлийг шууд гадарлаж буй биз.

Хятадын төлбөр тооцооны гол тоглогч нь өдийг хүртэл Alibaba группын Alipay байв. Alibaba-н хувьд 2004 онд өөрсдийн худалдааны төв болох Taobao, Т Mall дахь төлбөр тооцоог түргэн шуурхай болгохын үүднээс АНУ-ын PayPal-тай төстэй Alipay гэх энэхүү электрон төлбөр тооцооны системийг анх нэвтрүүлж, түүнээс хойш тогтмол Хятадын мобайл төлбөр тооцооны зах зээлийг атгаж байсан ч, шинэ үеийн тоглогч Tencent группын WeChat-д өдгөө зэх зээлээ алдсаар байна.

WeChat нь ердөө ганцхан аппликэйшнээр чатлах, тоглоом тоглох, худалдан авалт хийх зэрэг бүх зүйлсийг амжуулж байгаа нь хэрэглэгчдийн хувьд том давуу талыг бий болгож, WeChat-г өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болгож чадсан юм.

Өнгөрсөн жилийн 9 сарын байдлаар гэхэд л, WeChat-р  830 сая хэрэглэгч нь төлбөр тооцоогоо хийж байхад Alipay-н уг үзүүлэлт ердөө 400 сая.

Төлбөр тооцооны нийт дүнгээр авч үзвэл, WeChat нь онлайн худалдааны акул Alipay-г давахгүй ч, 2014 онд 79 хувь байсан Alipay-н зах зээлийн эзлэх хэмжээг 2016 онд 50 хувь хүртэл бууруулж, 38 хувь хүртлээ зах зээлээ тэлж чадсан нь WeChat-н хувьд том амжилт билээ.

Apple-н төлбөр тооцооны систем болох Apple Pay нь өнгөрсөн оны 2 сараас Хятадад үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч, төлбөр тооцооны системийн хэрэглэлтээрээ эхний 10-д ч орж чадаагүй л байна.

Саяхан, Tencent групп АНУ-ын Starbucks-тай гэрээ хийн,  Хятад дахь 2,600 гарам  Starbucks-н дэлгүүрүүдэд WeChat-р төлбөр тооцоо хийх боломжтой болохоо зарласан.  Түүнчлэн, Tencent групп нь цаашдаа төрийн үйлчилгээ болох эмнэлэг, боловсрол, нийгмийн даатгалын үйлчилгээг WeChat-р үзүүлэхээр бэлтгэн ажиллаж байгаа юм.

Эсрэгээр, WeChat-н өрсөлдөгч AliPay-н хувьд Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү гарч, гадаад төлбөр тооцоонд сүлжээгээ тэлэхдээ анхаарч байгаа аж.

Дашрамд хэлэхэд, Tencent группын орлогын эх үүсвэрийн 70 хувийг гар утасны тоглоом эзэлдэг. Үүнээс харахад WeChat-тай байхад л тоглочихно, чаталчихна, мэдээллээ олоод авна, төлбөр тооцоогоо хийчихнэ. Аргагүй л Хятадуудын хувьд WeChat өдөр тутмынх нь амин хэрэгцээ нь болохоос өөр яахав…

Уншигч та бүхэнд хоёр удаагийн цувралаар хамгийн их хүн амтай Энэтхэг болон Хятадын төлбөр тооцоо хэрхэн гар утсан дээр суурилан хийгдэж, бэлэн мөнгөгүй дижитал хувьсгал хийж буйг жишээ болгон танилцууллаа. Интернэт, гар утас өргөн хэрэглээ болсон өнөө цагт бэлэн мөнгө, төлбөрийн картууд үеэ өнгөрөөх цаг болж. Хэдий энэ удаад зөвхөн Хятад, Энэтхэг гол жишээ болгон авсан ч, дэлхийн бусад улс орнуудад ч (АНУ-д Venmo, Тайваньд Rabbit Line Pay, Сингапурт Rikid Pay, Индонезид Go Pay зэрэг төлбөр тооцооны аппликэйшнийг ашиглаж байх жишээтэй) гар утсаа ашиглан төлбөр тооцоог банкны данстай, дансгүй ч маш хурдан гүйцэтгэдэг болоод байна.  Монголын технологийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд ч дэлхийн энэхүү жишигээс суралцан өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болохуйц хэрэглэхэд хялбар, олон төрлийн хэрэглээнд ашиглаж болохуйц төлбөр тооцооны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх мөч удахгүй ирэхийг тэсэн ядан хүлээж байна.

О.Баярсайхан
2017.06.18

Ашигласан материал:

  1. Nikkei, 2017.05.02 “Тэнсэнт Алибабаг гүйцэх нь”
  2. Nikkei, 2017.03.24 “Мобайл төлбөр тооцооны 800 сая хэрэглэгчтэй Тэнсэнт”

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*