Кассгүй, худалдагчгүй Ирээдүйн супермаркет

  Supermarket of the Future | urbanNext         

       Дэлхийн том сүлжээ супермаркет, хүнсний дэлгүүрүүд сүүлийн 50 гаруй жилд ямар ч онц сүртэй шинэчлэлт хийсэнгүй гэж судлаачид үзжээ. Гэвч энэхүү зах зээл өөрөө маш өрсөлдөөнтэйгээс гадна нарийн судалгаа (хүн ам зүйн судалгаа гэх мэт) , зохион байгуулалтыг байнга шаарддаг. Хэрэглэгч үргэлж ойрхон, тав тухтай, нэг дороос хүнсээ цуглуулах эрмэлзэлтэй байдаг. Хүнсний ногоо, жимсээс авхуулаад талх, нарийн боов, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэргийг муутгахгүй бас байнгын сэлбэх ажиллагаа, талбайн зохион байгуулалт, бараа бүтээгдэхнүүний өрөлт, нэр төрөл, бүтээгдэхүүн бүрийн үнийн стратеги гэх зэрэг байнгын шинэчлэлт, өөрчлөлттэй тулгардаг. Тэгэхээр хүнсний дэлгүүр нь өрх айл бүрийн гал тогоонд ямар хүнс байгаа цаашид юу хэрэг болох мөн бидний ямар тасгаар яаж дайрч гараад юу авахыг ч та биднээс хавь илүү мэдэж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгэхээр дэлхийн түвшинд хүнсний сүлжээ дэлгүүрийн зах зээлд “Шинэчлэлт” гэж ярихын өмнө энэхүү зах зээл маань удирдлагын түвшинд олон онол, практикийн хувьд хангалттай өсөж дэвшсэн гэж хэлж болох болов уу.  

Харин одоогоос 50 жилийн дотор хэрхэн өөрчлөгдөх талаар их сургуулиудын профессор, маркет судлаач нар өөрсдийн сонирхолтой эрдэм шинжилгээний ажлуудаа танилцуулсаар байна. Массачүссэт технологийн их сургуулийн (MIT) профессор Карло Ратти-гийн “Senseable City Laboratory” нэртэй судалгаан дор, 2016 оны 12-р сарын сүүлээр Милан хотод “Ирээдүйн супермаркет” нэртэй төсөл нь олон нийтэд танилцуулагдсан. Үйлчлүүлэгч дэлгүүрээс хүнсний ногоо сонгож авахдаа барьж бас үнэрлэж үздэг бол ирээдүйд хэрэглэгчид мэдрэгч дэлгэцээр дамжуулан бүтээгдэхүүний уг гарал, химийн бүтэц, хоолны харшил, амин дэм гэхчлэн илүү дэлгэрэнгүй мэдээллүүдээр хангагдана гэж үзжээ.

At Expo Milano, Re-Imagining the Future of Food – MIT Spectrum

2016 онд Милан хотод баригдсан “Ирээдүйн супермаркет” -н мэдрэгч дэлгэц.

Supermarket of the Future' opens in Italy | Supermarket News

Мэдээж ганц помидор авахад шил толь болсон энэхүү мэдрэгч дэлгэцнээс авах олон мэдээлэл нь шал утгагүй мэт санагдах боловч 2065 оны хүмүүсийн хоол хүнсэнд хандах хандлага нь эрүүл мэндтэй холбоотойгоор мэдэгдэхүйц өөрчлөгдөх юм. Тиймдээ ч жил ирэх бүр органик хүнсний хэрэглээ тогтмол өсч, 2016 онд өмнөх жилээс 8 хувиар өссөнг АНУ-н Хөдөө аж ахуйн эдийн засгийн судалгааны газраас гаргасан. Мөн Карло Ратти нь бараа бүтээгдэхүүнийг ижил төрлөөр ангилах бус аль болох ижил орцтой бүтээгдэхүүнүүдийг хамтад нь өрөх аргыг илүү өгөөжтэй гэж үзжээ. Усан үзэмний хажууд улаан дарс, харин шинэхэн помидорны хажууд лаазалсан помидор байх жишээний.

Харин энэ оны 6-р сард дэлхийн сүлжээ дэлгүүрийн зах зээлд томд тооцогдох 13.7 тэрбум ам.долларын бэлэн мөнгөөр арилжаа хийгдсэн. Энэ нь Амазон.ком (Amazon.com) Хоул Фүүдс (Whole Foods)-г худалдаж авсан бөгөөд үүнийг дагаж хөрөнгийн зах зээлд бусад Таргет, Костко, СуперВалу, Спроут сүлжээ дэлгүүрүүдэд багагүй доргилт үзүүллээ. 13.7 тэрбум ам.доллар нь манайх шиг жижиг эдийн засагтай орны хуьд нэг жилийн ДНБ-тэй тэнцэх мөнгөн дүн билээ.

Ойролцоогоор Монгол улсын нэг жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүн ( 2016 оны Монгол улсын ДНБ 11.76 тэрбум ам.доллар) -ээс 2 тэрбум ам.доллараар илүү мөнгөн дүн.

     Амазон.ком нь 1994 онд номын худалдаанаас бизнесийн гараагаа эхэлж байсан бол өдгөө дэлхийн хамгийн том цахим худалдааны сайт болон өргөжжээ. Амазон.ком эдүгээ бүхий л зүйлийг худалдаалдаг. Мөн түүнчлэн цахим ном болох Киндлээс авхуулаад маш олон электрон бараа, софтваре, тоглоомнууд, нисэгч камер, хөгжмийн хэрэгслүүд, автомашины эд анги гэхчлэн үйлдвэрлэж ирсэн. Мөн Амазон.ком компанийн 2005 онд танилцуулсан “Амазон-Прайм” үйлчилгээ ( жилийн төлбөр 77-99 ам.доллар) нь АНУ, Герман, Англи, Японд нэвтэрч ердөө 2-хон хоногийн тээвэрлэлт болон, Амазон.комын видео сан дахь кино, дууг ямар ч нэмэлт төлбөргүй, мөн Киндле дэх цахим номын санд сард нэг удаа үнэгүй ном унших зэрэг үйлчилгээг үзүүлэх болсон нь 2015 оны 12-р сарын байдлаар хэдэн арван сая хэрэглэгчдийг жилд нэгтгэж чаджээ. Хоул Фүүдс бол органик хүнсний сүлжээ дэлгүүр бөгөөд 1980 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иржээ. Энэ дэлгүүр нь зөвхөн органик хүнс л борлуулдаг. Органик хүнс нь өнгө үнэр оруулагчгүй, нөөшлөх бодисгүй тул удаан хадгалах боломжгүй. Бусад дэлгүүрүүдтэй харьцуулахад үнийн хувьд хамаагүй өндөр ч амт чанар маш сайтай. 

Has Amazon Given Up on Changing Whole Foods' Pricey Image? | The ...

       Харин Амазон.ком компаний хувьд энэхүү худалдан авалт нь Хоул фүүдсийн АНУ, Их Британи, Канад дахь 460 гаруй салбар, 800 гаруй тэрбум ам.долларын зах зээл үрүү нэвтрэн орох  боломжийг олгохоос гадна Хоул Фүүдсийн салбарууд нь маш байршил сайтай бөгөөд онлайн захиалгаа хүргэхэд ч илүү дөхөм болж буй билээ. Мөн нэг зүйлийг дурдахад Хоул Фүүдсийн ихэнх хэрэглэгчид Амазон.ком-ын маш идэвхитэй хэрэглэгчид юм. Тэгэхээр нэг сумаар 2 туулай гэсэн үг. Захирал Жефф Безос хүнсний дэлгүүрээр дамжуулан энэхүү зах зээлд технологийн өөрчлөлтийг хийх нь гарцаагүй. 

Amazon Go Delays Public Opening Due To Tech Challenges

Amazon's First Cashierless Supermarket, Amazon Go Grocery, Opens ...

Зүгээр л алхаад гарах буюу Check-Out Free үйлчилгээ.

        Өнгөрсөн оны 12-р сард “Амазон Гоү” хүнсний дэлгүүрийг олон нийтэд танилцуулж, 2017 оны эхээр ажилчиддаа зориулсан анхны дэлгүүрээ Сэттлэ-д (Seattle) нээсэн. Уг дэлгүүрт үйлчлүүлэгч орохдоо гар утаснаасаа тусгай апп-г ашиглаж коде уншуулахад л хангалттай. Дэлгүүр ороод хүссэн юмаа аваад зүгээр л гарч явахад (Check-out Free) бүрэн тооцоо дуусах нь кассан дээр очирлох, мөнгө төлөх, карт уншуулах шаардлагагүй болж байгаа юм. Энэхүү технологи нь хиймэл оюун ухаанд (Artificial intelligence) тулгуурласан ба Amazon’s machine learning technology гэж нэрлэж байна. Амазоны энэхүү технологийг ашиглах хүнсний дэлгүүр нь ойролцоогоор 167м квадрат байх бөгөөд том супермаркетаас харьцангүй жижиг байх юм. Үүнийг дагаад зарим ажлын байрууд хэрэггүй болно. Амазон.ком компанийн дотоодын төлөвлөгөөнөөс харахад ойрын 12 жилийн дотор АНУ-н нутаг дэвсгэр дээр ийм 2000 орчим хүнсний дэлгүүрүүдийг барих юм.

     Харин дэлхийн том сүлжээ дэлгүүр болох Валмарт нь 2016 онд Жэт.ком цахим худалдааны сайтыг 3.3 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Энд сонирхолтой нэг зүйл нь Жет.комын үүсгэн байгуулагч Марк Лоре нь 2010 онд Диаперс.ком цахим худалдааны сайтаа Амазонд зарж байжээ. Сүүлийн 2 жилд Амазон.ком, Валмартын өрсөлдөөн ч нэлээн ширүүсэж эхэлсэн. Валмарт нь АНУ-н урдаа барьдаг том компани бөгөөд 1962 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Валмартын хувьцаа “Дов Жонес Индастриал 30” (Dow Jones Industrial average ) хувьцааны чарт-д багтдаг бөгөөд үүнд АНУ-н шилдэг гэсэн 30 том компаниудын үзүүлэлтийг харуулдаг. Валмарт нь өөрсдөө электрон бараа, хувцас, гэр ахуйн бараа, тоглоом, гоёл чимэглэл, гоо сайхны бараа, спорт хэрэглэл гэхчлэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. 2017 оны байдлаар дэлхий даяар 11695 сүлжээ дэлгүүрүүдтэй, 2.3 сая ажилчинтай. 2016 оны жилийн нийт орлого 485.87 тэрбум ам.доллар бөгөөд цэвэр орлого нь 13.6 тэрбум ам.доллар. Мөн Валлмартын ажилтнуудын дийлэнх хэсгийг цалин багатай дундаж давхаргынхан бүрдүүлдэг гэдгээс АНУ-н эдийн засагт тодорхой хэсгийг дангаараа бүрдүүлэгч компани билээ. Валлмартын үндсэн зорилго нь “Save money, live better” буюу “Хүмүүсийн мөнгийг хэмнэснээр, илүү сайхан амьдрах боломжийг олгож байна” гэсэн агуулгатай. Тиймдээ ч Валлмарт үйл ажиллагааны зардлаа тасралтгүй бууруулж, танасаар ирсэн. Тиймээс ажилчид олон цагаар цалин багатай ажилладаг. Валмартыг тойрсон асуудал, шүүмжлэл, иргэдийн бослого хөдөлгөөн олон. Тэгэхээр сүлжээ дэлгүүрүүд болон Амазон.ком цаашдаа хэрхэх вэ гэдэг маш их сонирхол татаж байна. Амазон.ком болон сүлжээ дэлгүүрүүдийн өнгө төрх өөрчлөгдөж, илүү амар, тухлаг, органик хэв маяг үрүү шилжих тусам хэрэглэгчид хожно. Гэвч үүнд цаашдаа зах зээлийг хэн эзэлж, хэн нь хожих вэ гэдэг талаас бус нийгэмд үнэт зүйлсийг хэн бүтээж чадах вэ гэдэг нь хамгийн чухал. Зах зээлийн онол, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн муруй гээд эдийн засгийн чухал онолууд ч мөн адил шинэчлэгдэх шаардлагатай биз ээ. Мөн нийтлэлч миний зүгээс энэ их хөгжингүй үед залуус бид технологийн хөгжлийг ямагт нийгмийн баялагтай холбож харах нь чухал хэмээн бодож байна.

2017 оны 7-р сарын 19
Шиншү их сургууль
Өсөхбаярын Үүлэн

Ашигласан материал

  1. CNN news
    Amazon is buying Whole Foods for $13.7 billion
  2. Карло Ратти-гийн судалгааны ажил
    Senseable City Laboratory
  3. Nasdaq news
    Судлаачид юу гэж таамаглаж байна вэ?
  4. The Wall Street Journal
  5. Bloomberg
Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.