Таамаглашгүй байдлын сайн тал

 

  “Иррациональ” гэдэг үгийн утгыг та мэдэх үү? Хэрвээ надаас энэ асуултыг асуувал магадгүй би шууд л математикийн бодлогуудаа санана даа. Таамаглашгүй байдал, тэр дундаа хүмүүс бидний өөрсдийн зан чанарт байх иррациональ асуудлуудыг хөндсөн нийгэм судлаач Дан Ариэлигийн “Таамаглашгүй байдлын сайн тал” гэх номын нэгэн бүлгээс та бүхэнд хүргэж байна. 

“IKEA нөлөөлөл”

Дан Ариэлигийн номон дахь энэ бүлэгт хүмүүс яагаад өөрсдийн хийсэн зүйлээ хэт үнэлдэг талаар эргэцүүлэн бичжээ.

Үнэнийг хэлэхэд, дэлхийд алдартай тавилгын брэнд IKEA-гийн талаар миний мэдэх зүйл гэж бараг л байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Эвлүүлж нийлүүлэхэд тийм ч амаргүй тавилгуудтай гэдгийг нь л хальтхан мэддэг. Авъяастай, эвлэгхэн, заавар зөв ойлгож уншдаг хэн нэгэнд амархан байж болох ч, над шиг хүн бол буруу газар нь нүх гаргахаас цаашгүй. Хэдий ч өөрийн гараараа эвлүүлсэн царай муутай ямар ч тавилга, бэлэн худалдаж авсан зүйлээс илүү үнэ цэнэтэй мэдрэгддэгийн учрыг энэ бүлэг тайлбарлах юм.

Хамгийн дуртай хоолуудаа та сана даа. Эмээгийн минь банштай цай, өвөөгийн хар шөл, ээжийн цуйван, аавын ногоотой шөл, хэзээ ч би тэр нэгэн өдөр, үнэтэй ресторанд идсэн, нэрийг нь ч дуудаж чадахгүй хоолоо дуртай хоол гэж санахгүй. Магадгүй тэр рестораны хоол илүү гоё амттай байсан байж болох ч, таны хайртай хүмүүс дээрхи хоолуудыг хийхдээ цаг хугацаа, сэтгэлээ зориулдагийг та мэддэг болохоор юунаас ч илүү хайрладаг юм. Өөрөөр хэлбэл тэр хоолнуудын амтнаас илүүтэй, дурсамж, бас өмчлөх сэтгэл илүүтэй мэдрэгддэг гэсэн үг. Тэгвэл гараа гаргаж хоол хийх нь таны хувьд ямар мэдрэмжийг төрүүлдэг бол. 1940-д оны үед хагас бэлэн бүтээгдэхүүнүүд АНУ-д ид од болж, ус нэмээд л болчихдог жигнэмэг болон бялууны зуурмагнууд зарагдаж эхэлсэн байна. Жигнэмэгийн зуурмагнууд төсөөлж байснаас ч илүү амжилт олж эхэлсэн бол бялууны зуурмаг уналтанд оржээ. Та яагаад гэж бодож байна?

Энэ уналтын гол учир нь бялуу ямар нэгэн тэмдэглэлт өдрийн гоёл болж, баяр жаргалтай холбогдох сэтгэлийн тун их таашаалыг өгдөгт байсан юм. Тухайн үеийн гэрийн эзэгтэй нар өөрсдийн гараа гаргаж хийсэн бялуугаараа зочдоо дайлж тэднийг онцгойлон хүлээж авч буйгаа илэрхийлдэг байснаас гадна өөрсдөө ч сэтгэл хангалуун мэдрэмжийг авдаг байжээ. Ус нэмээд л болчихдог бялууны зуурмаг энэ бүх онцгой байдлыг үгүй хийгээд байсан хэрэг. Яг энэ үед маркетинг судлаач, сэтгэл зүйч Эрнэст Дихтер, зуурмагны орцноос хэд гурвыг нь үлдээх санааг гаргасан байна. Зуурмагт сүү, өндөг, тос нэмж хийх үүргийг эзэгтэй нарт үлдээснээр энэхүү бүтээгдэхүүн амжилт олж чадсан юм. Өнөөдрийн бид нар эрэгтэй эмэгтэй гэлтгүй мэдэх Пиллсбури зуурмаг ингэж амжилтанд хүрсэн түүхтэй. Үүнээс үзвэл, хүнд өөрөө хийсэн юм шиг мэдэрч, түүгээрээ бахархах мэдрэмж төрүүлэхүйц тухайн “амарчлал”-д тодорхой зааг байдаг, харин тэр заагийг давж хэт амархан болсон зүйл үнэ цэнээ алддаг аж.

Өөрийн бүтээсэн зүйлээ хүмүүс юунаас ч илүү хайрладаг энэхүү сэтгэлгээ орчин үеийн бизнест тусгалаа олж байгаа нь ганцхан гал тогоонд ч биш тавилга бүтээгч IKEA-с авахуулаад илүү олон оршин байдаг. Жишээлбэл, Converse.com таныг зөвхөн өөртөө зориулж онцгой гутал урлах боломжийг олгодог. Материал, загвараа сонгож, та тодорхой цаг зарцуулсны эцэст өөрийн гутлаа урлаад, шуудангаар ирэх гутлаа хүлээх л үлдэнэ. Үүний адилаар шаазангийн үйлдвэр, аяганы дэлгүүр зэрэг газрууд танд өөрөө ямар нэгэн зүйл урлах боломжийг олгодог болж буй нь дээрхи сэтэгэлгээнд түшиглэж байгаа хэрэг юм. Бага багаар ч гэсэн бизнес эрхлэгчид энэ санааг маркетингийнхаа гол хүч болон ашиглах нь ихсэж байна.

“Хүүгээ хайрлах ээж” гэж нэрлэгддэг энэ зан чанар нийгмийн харилцаанд нэгэн сонирхолтой асуудлыг үүсгэдэг. Танд таах боломжийг олгоё. “Эцэг эхийн хувьд тэдний хүүхэд хамгийн хөөрхөн нь юм шиг харагддаг бөгөөд бусад хүмүүсийн хувьд ч яг тэгж харагддаг гэж боддог” гэнэ. Та бараг л ойлгосон байх. Тиймээ, хэзээ нэгэн цагт танд хэн нэгэн “Би өөрөө хийсэн юм” гэж өгсөн зүйл тэдний хувьд маш үнэ цэнэтэй байдаг бөгөөд таныг ч яг адил бодохыг хүсч байх болно. Миний хувьд хүмүүст өгсөн бэлэг, захиануудаа бараг л нэг бүрчлэн санадаг гэж хэлэхэд болно. Харин хүн болгоноос авсан бэлгээ тэгж санах нь юу л бол.

Ямар нэгэн байдлаар цаг хугацаа, хичээл зүтгэл шаардсан зүйл үргэлж илүү үнэ цэнэтэй байдаг, гэтэл хэдий цаг хугацаа зарцуулсан ч бүрэн дуусгаж чадаагүй зүйл урам хугалдаг. Энэхүү хэсэгт тун сонирхолтой жишээ татагдсан байсан нь, хайр сэтгэлийн асуудал байлаа. Нэгэн зоримог залуу хэн нэгэн бүсгүйн араас гүйх явдлыг авч үзжээ. Залуу нь эрч хүчээ шавхан зүтгэсний эцэст бүсгүйг өөрийн болгох үед бүсгүйн үнэ цэнэ үнэлэшгүйд хүрдэг бол өөрийн болгож чадаагүй эмэгтэйгээ үзэн ядахын наагуур болдог гэнэ.

Энэ мэтээр хүн өөрийн хийсэн зүйлээ хэт хайрлаж биширдэг аж. Энэ нь огтхон ч буруу зүйл биш бөгөөд харин ч бидний давуу тал юм уу гэж бодоход хүргэсэн ном байлаа. Эцэст нь, та хэзээ ч битгий зогсоорой. Өөрийн хийсэн зүйлээсээ урам авч, амжилтын амтыг мэдрэх хүн бол та өөрөө, тиймээс өөрийгөө хайрлаж илүү ихийг хийж бүтээн, өөрийн гэсэн зүйлээсээ сэтгэл хангалуун байдлыг мэдэр.

Д.Амина
2017.07.15

Ашигласан материал:
“Upside of Irrationality” Dan Ariely,

“Таамаглашгүй байдлын сайн тал”, Дан Ариэли, 2011.06

Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.