Ирээдүйд бид ямар чадвараа алдах вэ?

Бидэнд байхгүй гайхалтай чадваруудтай Суперман, Ахмад Америк зэргийг хараад атаархах сэтгэл өчүүхэн ч гэсэн төрдөггүй гэж үү. Миний хувьд, бодлоороо бүхнийг удирддаг мутант Jean Grey атаархал төрүүлдэг байлаа. Хэзээ нэгэн цагт ийм болно доо гэж боддог байснаа ч нуух юу байх вэ.

Бид өөрсдийгөө ямар ч онцгой чадваргүй, энгийн л нэгэн “хүн” гэж бодож байдаг ч үгүй аж. Харин ч бидэнд олон сонирхолтой чадвар байдаг бөгөөд энэ дундаас үгүй болох аюулд ороод байгаа чадвар бол “Бодол унших” чадар аж. Арай ч кинон дээр гардаг шиг хүний бодлыг сонсоод байж чадахгүй ч, харилцаж буй хүнийхээ царайны хувирал зэргээс нь тухайн хүний юу бодож байгааг 62% магадлалтай таамаглах боломжтой. Гэвч энэ 62% сүүлийн 5 жилд 43% хүртлээ буурсан бөгөөд насны ялгаагаар ангилж үзэхэд 40 болон түүнээс дээш насны бүлгийнхэн чадвараа хэвээр нь хадгалж байгаа бол 15-25 насныхан хамгийн муу үзүүлэлттэй байна. Би өөрөө ч энэхүү 15-25 насны ангилалд хамаарч байгаагаар бодоод үзэхэд бидний 20%-тай үзүүлэлт тийм ч таатай санагдсангүй ч өдөр тутмыг юу хийж өнгөрөөж байгаагаа санах үед өөрийн эрхгүй санал нийлэн толгой дохих аж. Магадгүй та ч толгой дохиж буй биз.

Facebook, Instagram-н эрин үе гэгдэх энэ үед бид технологиудтайгаа сайн харилцаатай болж уйдах завгүй өдрүүдийг өнгөлөгөөр өнгөрөөж байна, гэвч эргэн тойронд буй хүмүүстэйгээ хэр харилцаж байгаа бол? Хүмүүс хоорондын харилцаа багасах тусам өөр юу алга болдог байж болох вэ?

Олон нийтийн сүлжээн дэх харилцаа ихэвчилэн “Үг, үсэг” дээр тогтдог гэдгийг та бүхэн сайн мэднэ. Ямар үгийг хэрхэн зөв ашиглаж бодол санаагаа илэрхийлэх вэ гэдэгт хүний оюун санаа төвлөрч эхэлдэг. Бид онлайн чатаар хэдий “хахаха” гэж бичиж байсан ч үнэхээр утасныхаа цаана инээж байдаг нь юу л бол. Өөрөөр хэлбэл бид ямар царай гаргаж байгаагаа, юу мэдэрч байгаагаа хүртэл үгээр илэрхийлэх гэж хичээдэг болсон цаг хугацаа ирсэн. Нэг талаас зөв мэт боловч энэ мэтээр царайны хувирал, дуу хоолой зэргээс илүүтэй үг өгүүлбэрийг хүлээн авч сурч буй хүмүүс царай царайгаа харан харилцах үед гагцхүү үг яриандаа хэт анхаарч эхэлдэг.

Кино үзэж байх үеийн романтик хэсгүүдийг та эргэн сана даа. Хэрхэн нүдээрээ харилцаж байсныг нь санаж байна уу. Тун удахгүй тийм харилцааг киноноос л хардаг болох вий гэж эмээх юм. iRobot зэрэг киног санаж байна уу? Хэрхэн робот, хүн төрөлхтний зөв бурууг шүүж бослого гаргаж байгаа талаар байдаг, харин энэ үйл явдалд заавал робот хэрэг болохгүй бол яах вэ? Магадгүй хэтэрхий итгэмээргүй, арай дэндүү байж магадгүй ч хүн төрөлхтөн өөрсдөө сэтгэл санаа, мэдрэмж зэргээ мартаад эхлэх вий.  Хэн нэгнийг гунигтай байгааг харцаар нь ойлгодог байсан үе өнгөрч гунигтай байна гэж хэлтэл нь хүлээх үе л битгий ирээсэй.

Энэ мэдээлэлтэй санал нийлж буй уншигчид олон байгаа байх гэхдээ яг яаж энэ чадвар алдагдаж, тэр нь хэрхэн илэрч буй талаар арай тодорхой болговол та бүхэнд илүү сонирхолтой болж эхлэх байх. Хүн 21 төрлийн тодорхой царайны хувиралтай байдаг гэж судлаачид үздэг, эдгээр царайны хувирлуудын ачаар бид хоорондоо үггүй харицаж болдог. Бид өнөө үед ууртай, гунигтай, уйтгартай, жаргалтай, зовлонтой гэх мэт царайг ойлгодог хэвээрээ боловч, үгүй, тийм, би чамд хайртай, чиний буруу гэх зэрэг романтик харцууд мартагдаж, мэдэхгүй, ойлгохгүй байна гэх зэрэг үгийг багш нар ойлгох төдий болж байгаа аж.

Та өөрийг хэр сайн уншигч гэж бодож байна даа. Хэрвээ та өөртөө итгэлтэй би ямар ч чадвараа алдаагүй гэж хэлж чадахаар бол та нийгмийн амьтан хэвээрээ байна. Харин магадгүй алдагдаж байгаа гэж бодож буй бол түр утсаа тавиад эргэн тойрноо анзаараад үзээрэй. Магадгүй таны гээгдүүлсэн нандин хүн, хүний холбоо гараа сунгаад л хүрэхээр газар ч байж магадгүй шүү.

Обирин Их Сургууль
Глобал Харилцааны Факультет
Доржпүрэвийн Амина
2017.10.25

Хэрэглэсэн материал:

  1. Human and Animal emotions by Jaak Panskepp, 2004

  2. Evolution of Human Evolution by Joseph E.LeDoux, 2012

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*