“Токиогийн Олон Улсын Кино Фестивал”

Роппонги метроны буудлаас яаран гүйн гарлаа. Роппонги Экс кино театрын үүдэнд очин амьсгаа аваад орохдоо хэнийг харахаа огтхон ч мэдсэнгүй.

“Логан Лакки”

Хулгай дээрэм бүхий гэмт хэргийн кино гэхээр буун дуу, хурдны машин, зүрх цохилом адал явдал бодогдох нь элбэг. Энэ бодлыг эвдэн амар амгалан, багахан инээдээр чимэглэсэн гэмт хэргийн кино Ошеаны 11, 12, 13 кинонууд, Даниал Ошеан болон түүний найзуудыг санаж байна уу? Эдгээр кинонуудын найруулагч Стивэн Содербэргийн шинэхэн кино Логан Лакки, 4хөн өдрийн дараа буюу 11 сарын 18-нд Японд нээлтээ хийнэ. Саяхан болж өнгөрсөн Токиогийн Олон Улсын Кино Наадмаар Японд буй хэн бүхнээс түрүүнд энэхүү киног үзэх боломж олдсон юм.

Өдийг хүртэл бидний сэтгэлд хоногшсон Тахал (Contagion), Эрин Броковыч(Erin Brokovich) болон Шидэт Маик (Magic Mike) зэргийг найруулсан Стивэн Содербэрг Логан Лакки киногоор кино дэлгэцнээ эргэн ирлээ. Кино эхлэхээс өмнөх хүлээлт нэг л өөр байсныг хэлэх нь зөв байх, хоцрох шахам ирсэн миний хувьд том зааланд суудлаа олж суухаас өөр санаа зовох зүйл байсангүй тул урд эгнээг дүүргэсэн сэтгүүлчдийг огтхон ч анзаарсангүй. Цаг болж, киног танилцуулахаар кино театрийн хариуцагч нээлтийг үг хэлээд тайзан дээр найруулагч Содербэргийг урих нь тэр.

 

Найруулагч Стивен Содербэрг,

“Хүний амьдрал маш богинохон юм шиг санагддаг. Харин тэр доторх 2 цаг маш удаан юм шиг санагддаг ч үе байна. Харин одооноос эхлэх 2 цаг маш хурдан өнгөрнө гэж найдаж байна”

гэж хэлэн киног эхлүүлсэн юм. Кино Жон Денвэрийн “Зарим өдрүүд яг л Алмаз шиг” гэх дуугаар эхлэн, танил нэрүүд дэлгэцэнд гарч эхэллээ. Чаннинг Татум, Кети Холмес, Адам Драивер, Даниел Крэйг . . . Жүжигчидийн хувьд бидний таньдаг царай олон байсан ч тэр дундаас жүжигчин Даниел Крейг яахын аргагүй тодорч байлаа. Бид бүгд Даниел Крейгийг ноён Бонд гэдгээр нь таниж, энэ үед ховордсон Жентльмэн гэх тодотголыг өгч байсан бол энэ кинонд тэрээр шивээсэнд будагдсан, шоронгийн атаман байх нь тэр. Энэ эсрэг дүрдээ ч тэр тун зохиж байсан нь гайхалтай. Киноны дүрүүд болон тэдний түүхийг ойлгож эхлэх явцад Стивен Содербэрг өөрийгөө төсөөлүүлэн бүтээсэн болов уу гэмээр нэгэн дүр байсан нь гол дүр биш ч өөрийн үүрэг бүхий уралдааны машины жолооч байв. Өөрийн амьдралаа хүүрнэн ярих зуураа, хэрхэн хэцүү үеүүдийг даван туулж эргээд зам дээр гарах хүчээ авсан зэргээ дурьдах нь магадгүй Содербэрг өөрийн эргэн ирэлтийн талаар ярьж байгаа мэт санагдсан юм. Энэхүү дүр хамгийн оргил үед цор ганц үгээр даацтай өөрчлөлт кинонд хийж чадсан. Миний хувьд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн үе бол яахын аргагүй “Сая долларын хонгор” Хилари Сванк гарч ирсэн хэсэг. Эмэгтэй дүрүүдээ үргэлж ухаалгаар дүрсэлж, таамаглашгүй нөхцөлд гаргаж ирдэг Стивен Содербэрг энэ удаад ч гэсэн амжилттай байж чадсаныг тэмдэглэх нь зүйтэй байх.

Кино эхлэлээсээ тун намуухан бөгөөд тайван мэдрэжийг өгч байсан. Яг л энгийн гэр бүлийн кино шиг, ямар ч дээрэм гарахгүй юм шиг л. Үйл явдлуудын огтлолцол хэсэг ойлгомжгүй байсан ч кино дүрүүд тус тусдаа өөрсдийн үүргээ гүйцэтгэж явааг ойлгоход асуудал байсангүй. Хамгийн сүүлийн зорилго дэндүү ойлгомжтой байсан тул тэр олон жижиг “зүйлс” хэрхэн нэг болон нэгдэхийг тэсэн ядан хүлээж байв. Энэхүү киноноос хэрхэн нэг худал нөгөө худлаар халхлагддаг, дээрэм хийхэд хүртэл шуналын хязгаар гэж байдаг, төгс төлөвлөгөө бол хамгийн “бүтэлгүй” төлөвлөгөө байдаг гэдгийг анзаарч мэдэж сурч болохоор байв.

Сэтгэлд хоногшсон тэр нэгэн дууг сонсоод өөрийн эрхгүй инээмсэглэн, “За одоо л үзэгчид биднийгээ гэгээрүүлэх нь дээ” гэж зуурхан бодогдов. Крийдэнс Клеарватэрийн “Азтай хүү” дуу явж, “яг л хуучны цагууд шиг” тэд хэрхэн дээрмээ хийснээ нэгд нэгэнгүй тайлбарлаж эхэлсэн юм. Ямар ч төлөвлөгөө гэдэг хэдэн цагт хэн юу хийхийг заахаас гадна, хүний зан араншин ямар үед яаж нөлөөлөхийг хүртэл тооцоолж гаргадаг аж. Хүнийг таньж, тэднийг яг л ном мэт унших нь удирдагч хүний чадвар байдаг аж.

“Энэ киног хийх явцад ямар ч дээрэм хийгдээгүй болно. Танаас өөр хэнийг ч дээрэмдээгүй” гэх сүүлийн хэсэг гаран, үзэгчдийн инээдээр гэрэл аслаа.

Стивен Содерберг киноных нь талаар бичсэн энэ нийтлэлийг хэзээ ч уншихгүй л дээ. Гэхдээ Монгол хэл мэддэггүй болохоороо биш өөрийнхөө киноны талаарх нийтлэлийг хэзээ ч уншдаггүй болохоор тэр.

2017.11.18

Обирин Их Сургууль

Глобал Харилцаа Факультет

Доржпүрэвийн Амина

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*