Хэрэггүй Хичээл гэж Байдаг уу?

 “Ихнүдэн”-гээ бид дахин хөл дээр нь босгох энэ үед, яг одоо юуны талаар бичих вэ гэж толгой гашилган элдэв бодлоор дүүргэн сууна. Цаг үетэйгээ тааруулж COVID-19-н тухай бичмээр байвч, та бүгд надаас илүү хангалттай мэдээлэлтэй гэж бодож байгаа тул миний зүгээс илүү мэдэж та бүгдэд хүргэх зүйл байхгүй гэж үзлээ.

 Энэ удаадаа өөрийнхөө жишээн дээр суурилж, дунд болон ахлах сургуулийн дүү нартаа жижигхэн зөвлөгөө өгөхийг л хүслээ. Ялангуяа сургуульдаа явж чадахгүй байгаа энэ үед өөрийнхөө ирээдүйн тухай тухтай бодож, өөрийнхөө мотивацыг багахан ч гэсэн эргээд олж авбал хэмээн хүслээ.

 Би ажилд ороод яг 4 жилийг элээж байна. Ахлах сургуульд байхаасаа механик инженер гэдэг мэргэжилдээ үнэнч явж ирсэн ч, ахлах болон их сургуульдаа өшөө илүү сурч чадсан бол гэж бодох зүйл их байдаг. Тэр нь ердөөсөө л өөрт хэрэггүй гэж боддог байсан хичээлүүд. Сурагч байхдаа ч тэр, оюутан байхдаа ч тэр өөрт хэрэггүй гэж боддог хичээлдээ сонирхол тэр их төрдөггүй байж. Жишээ нь миний хувьд, том бөгөөд хөдөлдөг зүйлд л шохоорхогдож математик болон физиктээ сонирхолтой байдаг байсан ч, хими болон нийгмийн хичээлүүдээ өөрт огт хэрэггүй гэж боддог байж. Магадгүй таны ирээдүйд огт хэрэг болохгүй хичээл байж болохыг үгүйсгэхгүй ч, мэргэжлээ дахиад нэг илүү гүнзгий судлаад үзээрэй. Өөрийн мөрөөдөж буй 10 жилийн дараах дүр төрхөө илүү нарийн төсөөлөхөд чинь туслах гэсэн юм.

 Товчоор хэлбэл, 4 жил ажиллах хугацаандаа механик инженер байхад зөвхөн математик болон физиктэй хол явахгүйг ойлгосон юм. Хийж бүтээж байгаа зүйл чинь ашиг олох ёстой тул тодорхой хэмжээний худалдааны, гэрээ хийж ажиллах учир хуулийн, хүн удирдах (хүнд ажил олгох тохиолдол ч буй) тул даатгал болон хөдөлмөрийн гэрээ гэх мэт нийгмийн ухааны мэдлэг танд хэрэг болно. Олон олон хичээлийн тухай жишээ байгаа ч, яг энд хуваалцмаар байгаа, миний том алдаж байсан нь бол Химийн мэдлэг юм. Химиэр мундаг хирнээ физиктээ тааруу, эсвэл физиктээ сайн хирнээ химидээ муу хүүхэд байдаг л биз? Яг тийм бол хэзээ ч битгий хаяарай гэж энд цохлон хэлмээр байна. Миний жишээнээс суралцаарай.

 Миний бие дулааны цахилгаан станц барих болон сэргээх ажил голдуу хийж байна. Тонн тонноор яригдах хүнд механик эд ангиудыг хөдөлгөж энерги болон хувиргах нь гол зорилго ч гэсэн, үүнд хими ямар хамаатай юм гэж бодогдож байна уу? Гэвч хамгийн хамаатай салшгүй зүйл гэдгийг ажилд орсон хойно л мэдсэн юм. Бидний амьдралд ихэнх зүйлс шатах урвалаас энерги гаргадаг. Машиныг бензин шатааж байж сая нэг хөдөлгөдөгтэй адил, дулааны станц нүүрс шатааж байж дулааны эх үүсвэрээ гаргаж авна. Тэгэхээр шатах гэдэг зүйлийг сайн мэддэг байх шаардлагатай ба энэ нь тэр чигтээ химийн шинжлэх ухаан.

 Мөн дулааны станц гэхэд, усны цэвэршилтийг байнга хянах шаардлагатай байдаг. Уурын зуух болон турбинд ашиглагддаг ус бидний уудаг уснаас тэс  өөр ба байнга цэвэршүүлж хянах шаардлага гардаг. Үүнийг бас л химийн аргаар л шийдэх шаардлага гардаг.

 Нүүрс шатааснаар зөвхөн нүүрсхүчлийн хий бус, олон олон хорт хий ялгардаг ба үүнийг өөр химийн ямар аргаар саармагжуулах вэ гэх мэт химийн олон мэдлэг шаардагддаг. Атомын станц ч мөн урвалаар энерги үүсгэдэг тул химигүйгээр та хэзээ ч энэ талын бүрэн мэдлэгтэй инженер болж чадахгүй биз. Гэх мэтчилэн химийг тоолгүй ирсэн миний хувьд олон жилийн дараа л дахин сурах хэрэг гарсан юм.

 Инженерийн бус мэргэжлийн хувьд ч гэсэн адил гэж бодож байна. Тиймээс та ирээдүйн мөрөөдлийн ажилдаа хэрэгтэй мэдлэг боловсролоо дахин нэг гүн тунгаагаад үзээрэй. Яг одоо сурч байгаа танд асар их цаг хугацаа байгаа, мөн асар их боломж бололцоо байгаа тул анхан шатны мэдлэгүүдээ сайн сураад аваарай. Ялангуяа, таны сурч байгаа зүйл яг юунд хэрэг болдог тухай сайн судлаад аваарай. Зүгээр л нэг дэвтрийн цаасан дээр бичээд дуусгалгүй, уг утгыг нь тунгааж ойлгож хичээллэвэл илүү урамтай байх болов уу. Ойлгомжгүй зүйл байвал, өөрөө давхар судлах, багшаасаа асуух, эсвэл энд биднээс чөлөөтэй асуугаарай. Олон салбараас багаа бүрдүүлсэн бидний зорилго бол өөрсдийн сурсан жижиг зүйлсээ та бүгдэд түгээх л юм… Хэдэн хором гаргаж уншсан танд баярлалаа.

И. Өгөөмөр

Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.