NHK телевизийн 4-р сарын 11 өдрийн Тусгай дугаар: “ҮЛ ТАНИХ ВИРУСИЙН ЭСРЭГ АМЬ ӨРССӨН ТЭМЦЭЛ” ЦУВРАЛ-2

      3 сарын 14-ны өдөр. Хятадаас эхэлсэн эхний тархалтыг намжаан, Япон улс дахь огцом тархалтыг бууруулж чадсан Бодлогын багийнхны хамгийн эмээж байсан зүйл болоход ойртож байлаа. 14 сая хүн амтай Токио хотод бага багаар халдвар тээгчид нэмэгдэж эхэлсэн. Тэдний эмээж байсан гол зүйл бол халдварын эх үүсвэр нь тодорхойгүй халдвар тээгчид энд тэнд гарч ирэх болсон явдал юм.  Түүний ард 未知のクラスタ-(Үл үзэгдэх кластер) буюу далд голомт байх боломжтой ба үүнийг сул тавих юм бол 2, 3 өдрийн дотор кластер тархалт хяналтаас гарах аюултай. Эх үүсвэр нь тодорхойгүй халдвар тээгч олон гарч ирэхэд аль хэдийн аюул нүүрлэсэн гэсэн үг . Бодлогын баг “Ханами” /Сакура цэцэг үзэх баяр/-ийн үеэр дараалсан 3 хоногийн амралт байгаа нь тархалт ихсэх эрсдэл дагуулж мэднэ хэмээн үзэж байлаа.

3-р сарын 19-ний өдөр. Хуралд дүн шинжилгээ хийсэн материалаа эрх баригчдад танилцуулав. Токио хотын халдвар тээгчид хэд болж өсөх талаар таамаглал гаргаж, хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах хүчтэй арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн саналаа хүргүүлэв.

3-р сарын 25-ны өдөр. Токио хотын иргэдэд, амралтын өдрүүдээр халдвар тархах өндөр эрсдэлтэй учир онцын шаардлагагүй бол гэрээс гарч болохгүй гэсэн захирамжийг анх удаа гаргасан. Бодлогын баг энэ үеэр, үүсвэр нь тодорхойгүй халдвар тээгчийн талаарх мэдээллийг бага багаар гартаа оруулж эхэлж байлаа. Халдвар гарах өндөр магадлалтай газар гэж таамаглаж байгаа нь шөнийн цэнгээн, уушын газрууд гэж үзэв. Халдвар тээгчдийн ерөнхий мэдээлэл болон хөдөлгөөнд дүн шинжилгээ хийж үзтэл, халдвар тээгчдийн 30 хувь нь дээрх газруудаар үйлчлүүлсэн байв. Гэвч эдгээр газруудад илүү нарийн тандалт, судалгаа хийх боломж тааруу байлаа. Шөнө оройн цагаар уушын газар луу явдаг хүмүүс нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, мөнгөтэй байх бөгөөд тухайн газар нь ч өндөр зэрэглэлийн байж, чухал, хүндтэй үйлчлүүлэгчдийнхээ нэр хүндийг хамгаалахгүй бол болохгүй гэсэн байр суурьтай. Үйлчлүүлэгч нь хаашаа явсан, хэнтэй хооллосон зэрэг мэдээллийг хэлж өгдөггүйгээс хангалттай мэдээлэл бүрдэхгүй байв.

Бодлогын баг кластер тархалтыг аль болох хязгаарлаад явах уу, эсвэл халдвар тархаж болох нөхцөлүүдийг таслан зогсоогоод явах уу гэдэг талаар хэлэлцсээр байв. Хөл хорио тогтоох нь хуулийн хүрээнд иргэдийг хүчилж болохгүй зүйл юм.

3 сарын 18-ны өдөр Токио хотын халдвар тархах арифметик үзүүлэлт 1,5-д хүрсэн байв. Буурах хандлагатай бол тархалтыг хумих боломжтой ч эсрэгээрээ ихсэх хандлагатай болов.

Нишиүра судалгаагаа үргэлжлүүлж шөнийн уушын газруудаар өөрөө очиж сануулах бичиг, судалгаанд хамтран ажиллах тухай тайлбар бичиг зэргийг хүргэж өгөв.

Ямар газар халдвар тархаж байгааг датагаар илэрхийлж, илүү хүчтэй нийтийг хамарсан арга хэмжээнд шилжихгүй бол болохгүй гэдгийг сануулсаар байв.

3-р сарын 30-ны өдөр. Токио хотын “шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг”  нэгдсэн хурлаар караоке, шөнийн клуб, баар зэрэг шөнөөр үйл ажиллагаа явуулдаг газруудыг нэр цохон, хөл хорио тогтоох захирамжийг гаргав.

Бидний хийж буй судалгаанд болон эрүүл мэндийн газрын тандалт судалгаанд хамрагдах хүсэлгүй өвчтөнүүд олон байгаа талаар кластер судлалын багийнхан хэлж байв.

Япон улсад анхны Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2 сар хагасын хугацаа өнгөрөв. Өөрсдийн хэрээр вирусийн эсрэг арга хэмжээ авч байсан Япон улс өмнөхөөсөө ч илүү аюултай нүүр тулах дөхөж байна.

      /Ошитани Хитоши профессорийн оролцсон NHK -ийн ярилцлага /

押谷仁 Ошитани Хитоши (Тохокү ИС профессор)

合原明子 Гообарү Акико (Хөтлөгч эм)

虫明英樹 Мүшиакэ Хидэки (Хөтлөгч эр)

    Хөтлөгч /эм/:  Студид маань Ошитани профессор хүрэлцэн ирээд байна.

    Хөтлөгч /эр/: Бодлогын багийнхан кластер тархалтын эсрэг гол анхаарлаа төвлөрүүлэн эхний шатны халдварын давлагааг барьж чадсан. Одоогийн байдлаар онц байдал зарлаж, тархалтын эсрэг дараагийн үе шатны алхамруу ороод байгаа. Яг ямар төрлийн арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлагатай байгаа вэ?

   Ошитани:  Бидний баримталж буй зарчим бол, эрүүл мэндэд болон эдийн засагт учирч болох хор хөнөөлийг хамгийн бага түвшинд барингаа вирусийн тархалтыг хязгаарлах гэсэн зарчим байсан. Хэрхэн яаж дарах тухай заавар, аргачлалгүй, үл мэдэгдэх вирусийн эсрэг, авч болох олон янзын арга хэмжээ байж болно. Гэвч вакцин нь хараахан гараагүй байгаа вирусийн эсрэг арга хэмжээнд “олон нийтийн ариун цэврийн дэглэмийг сахиж хэрэгжүүлэх”-ээс өөр арга байхгүй. Энэхүү арга замыг хэрэгжүүлэхэд тухайн газар нутгийн иргэдийн хөдөлгөөнөөс хамаарч, арга хэмжээг чангатгах, суллах гэсэн хэлбэр байж болно.

    Хөтлөгч /эм/:  Дэлхий дахинд ямар арга хэмжээ авч буйг нэгтгэсэн мэдээллийг танилцуулъя. Хэвтээ шугам нь баруун тийш болох тусам шинэ төрлийн коронавирусийн эсрэг арга хэмжээ үр дүнтэй байгааг харуулж байгаа бол, босоо шугам нь дээш болох тусам нийгэм, эдийн засгийн хохирол ихсэж буйг тус тус зааж байна. Жишээ нь БНХАУ-ын Ухан дахь Лок Даүн буюу ХОТЫН БҮРЭН ТУСГААРЛАЛТ нь баруун дээд буланд хамаарагдана. Авч буй арга хэмжээ нь туйлын үр дүнтэй боловч, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө ч мөн их гэдэг нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр одоогоор бүтээгдэж буй уг вирусийн вакцин нь баруун доод буланд байх боловч, бэлэн болтол цаг хугацаа шаардлагатай байгаа нь одоогийн нөхцөл байдал билээ.

    Хөтлөгч /эр/:  Ошитани гуай, Япон нь эдийн засаг дахь таагүй нөлөөг бага байлгахын зэрэгцээ вирусийг зогсоох нөлөө харьцангуй их буюу ХАЛДВАРЫН БҮЛЭГ ГОЛОМТЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭГ эрчимжүүлсэн гэсэн хэрэг үү ?

   Ошитани: Тийм ээ. ХАЛДВАРЫН БҮЛЭГ ГОЛОМТЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ нь харьцангуй нийгэм эдийн засгийн хохирол багатайн зэрэгцээ, уг вирусийн онцлогийг харсан ч энэ арга хэмжээ нь хамгийн үр дүн сайтай аргуудын нэг гэж үзэж болно. Гэхдээ ХАЛДВАРЫН БҮЛЭГ ГОЛОМТЫГ хурдан олж дарах нь тийм ч үр дүн сайтай биш учир БҮЛЭГ ГОЛОМТ үүсгэх нөхцөлийг олж илрүүлсэн. Энэ нь 3 битүү (3 мицү) орчин бүрдэх нөхцөлүүд юм. Энэ 3 нөхцөл бүрдэх газраас аль болох зайлсхийснээр халдварыг тодорхой хэмжээгээр удаашруулж чадна гэж бодож байгаа.

  Хөтлөгч /эр/:  Өдийг хүртэл зөвхөн энэ ХАЛДВАРЫН БҮЛЭГ ГОЛОМТЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭГ л авч байсан хэрэг үү.

   Ошитани: Яг ч тийм биш ээ. Халдвар тодорхой хэмжээ хүртэл нэмэгдсэн үед уг халдварын голомтуудыг олох нь маш хэцүү болж ирнэ. Бид засгийн газарт хүсэлт тавьж эхэлсэн нь 2-р сарын 25-н байсан бөгөөд 2-р сарын 27-н гэхэд Хоккайдо муж хэдийнээ тийм нөхцөл байдалд хүрсэн байсан гэж үзээд 28-нд Хоккайдо мужийн захиргаанд үүнийг тайлбарласан. Мужийн амбан захирагч ч шийдвэрээ гарган хуулинд үндэслэхгүйгээр онцгой байдлыг зарлах, хөл хөдөлгөөний хязгаарлалт хийж эхэлсэн.

   Хөтлөгч /эр/: Зөвхөн ХАЛДВАРЫН БҮЛЭГ ГОЛОМТЫГ илрүүлэх арга хэмжээ авах төдийгүй, хөл хөдөлгөөнийг ч мөн хорьсноор Хоккайдо муж дахь халдварыг саармагжуулсан хэрэг үү.

   Ошитани: Тийм ээ. Хүмүүс хоорондын харилцааг багасгах арга хэмжээг Хоккайдо мужид авсан гэсэн үг.

   Хөтлөгч /эр/: Үүний дараа дахин нөхцөл байдал өөрчлөгдсөн санаж байна.

   Ошитани: Тэгсэн. Хоккайдогийн нөхцөл байдлаас одоогийн нөхцөл байдал нь илүү дордсон. Хоккайдод авсан шиг хүн хоорондын харилцааг багасгах арга хэмжээ нь халдварыг удаашруулах магадлал багатай гэж үзээд, хуулинд үндэслэсэн ОНЦГОЙ БАЙДАЛ зарлахыг засгийн газарт санал болгосон.

   Хөтлөгч/эр/ :Энэ долоо хоногт онцгой байдал зарлагдсан. Үүний дараагаар Японы нөхцөл байдал яаж өөрчлөгдөх бол.

   Ошитани: ОНЦГОЙ БАЙДАЛ зарласнаар ард иргэдийн хөл хөдөлгөөн нэлээн өөрчлөгдөж, нэг хэсэг халдвар саармагжина гэж үзэж болно. Тэгснээр дахин ХАЛДВАРЫН БҮЛЭГ ГОЛОМТЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭГ авах нөхцөл байдал бүрдэнэ. Мөн одоогийн хүчтэй хөл хөдөлгөөний хязгаарлалт байхгүй байсан ч уг вирусийг тогтоож чадна гэж үзэж байгаа.

    Хөтлөгч /эр/: Тэгэхээр хэвийн амьдралд ойрхон нөхцөл байдлыг нэг сарын дотор дахин сэргээх боломж бий гэж үзэж болох нь ээ.

   Ошитани: Тийм ээ. Тэгж чадах эсэх нь хэр зэрэг хөл хөдөлгөөн багасахаас шалтгаална гэж бодож байна.

    Хөтлөгч /эр/: Мөн вирусийн халдварыг багасгах арга хэмжээний нэгээр ПиСиАр (PCR) шинжилгээг илүү их хийх шаардлагатай гэсэн санал их байгаа. Өмнө нь та, шинжилгээг ихэсгэх нь эмнэлэг доторх халдвар ихсэх аюултай гэж хэлж байсан. Харин одоогийн нөхцөл байдлыг харахад юу гэж та бодож байна вэ.

    Ошитани: Бид засгийн газарт саналаа хүргүүлж эхэлсэн 2-р сарын 28-ны 1 өдөрт гэхэд 150 гаран тохиолдлууд гарсан байсан. Зөвхөн Хоккайдо ч биш, маш өргөн хүрээнд тохиолдлууд илэрсэн байсан. Энэ дунд ГАНЦААРЧИЛСАН ТОХИОЛДЛУУД буюу хаанаас халдвар авсан нь тодорхойгүй тохиолдлууд их байв. Өөрөөр хэлбэл тэр үед хэдийнээ Сингапур, БНСУ хийж байгаа шиг PCR шинжилгээг ихэсгэсэн ч халдварын холбоо хамаарлуудыг бүгдийг олох боломжгүй болсон байсан. Харин тэр нөхцөл байдлыг засгийн газарт тайлбарласан. Уг вирусийн халдварлагдагсад дунд шинж тэмдэггүй, эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй тохиолдлууд байгаа бөгөөд энэ бүх тохиолдлуудыг олъё гэхэд Японы бүх иргэдэд PCR шинжилгээ хийх шаардлага гарна. Энэ нь барагтай хийж чадахааргүй зүйл байсан бөгөөд үүний оронд бид халдварын бүлэг голомтуудыг болон түүний эргэн тойронд байгаа ганцаарчилсан тохиолдлуудыг олж, тэр тооноос халдварын цар хүрээг тооцоолж, ямар сөрөг арга хэмжээ авах арга замыг сонгосон. Энэ ажлыг явуулахад бүс нутгууд, эрүүл мэндийн төвүүд, халдварт өвчин судлалын төвүүдээс ирүүлсэн мэдээллийг манай Нишиүра ахлагчтай анализын багийнхан судалж математик загвараар тооцоолж ирсэн. Тухайн үед PCR шинжилгээ нь халдварын бүлэг голомтуудыг илрүүлэх, халдварын голомтуудыг судлах зэрэгт хэрэглэгдсэн.

     Хөтлөгч /эм/: Ошитани гуай, өндөр халуунтай байсан ч эмнэлэг, эрүүл мэндийн төвд шинжилгээ өгч чадахгүй байгаа гэсэн иргэд олон байгаа. Тийм иргэдэд яаж туслалцаа үзүүлэх вэ.

    Ошитани: Одоогоор бол төрөл бүрийн шалтгаанаар PCR шинжилгээний тоог ихэсгэж чадахгүй байгаа. Эмч шинжилгээ шаардлагатай гэж үзсэн ч шинжилгээ хийж амжихгүй, хүлээлтийн нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Эхэн үед бол сая хэлсэнчлэн ХАЛДВАРЫН БҮЛЭГ ГОЛОМТЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭГ дэмжих, хүнд шинж тэмдэгтэй тохиолдлыг олж, хангалттай PCR шинжилгээ хийгдэж байсан. Харин нэг хэсэг үнэхээр шинжилгээ хийх шаардлагатай ч, шинжилгээ хийгдэж амжихгүй тохиолдлууд байсан. Халдвар бүлэглэж голомтлохгуй л бол ихэнх тохиолдол нь хөнгөн, эсвэл шинж тэмдэггүй тохиолдол гэдгийг харгалзаж үзэхээр, бүх тохиолдлыг илрүүлээгүй байсан ч олонх халдварын тохиолдлууд нь аажим аажмаар алга болох шинжтэй вирус юм. Энэ чанараараа томуу, SARS зэргээс тэс өөр. Мэдэгдэхүйц хүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдлын дийлэнхэд PCR шинжилгээ хийгдсэн. Гэхдээ одоо бол тохиолдлууд хурдтай нэмэгдэж байгаа ч PCR шинжилгээг ихэсгэж чадахгүй байгаа нь асуудал болж байгаа. Энэ нь мэргэжилтнүүдийн дунд ч олон удаа яригдаж байгаа бөгөөд вирустэй тэмцэх үндсэн зарчимд ч бичээстэй байгаа зүйл. Засаг захиргааны байгууллагууд олон янзын аргаар тэмцэж байгаа ч хангалттай хурдтайгаар шинжилгээний төвүүдийг байгуулж чадахгүй байгаа нь өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Гэхдээ хэд хэдэн орон нутагт засаг захиргааны байгууллага, эмнэлгүүд хамтарч, шинжилгээ болон өвчтөн хүлээж авах чадвараа нэмэгдүүлж буй. Тэдгээр орон нутгуудын хувьд  нөхцөл байдал эрчимтэйгээр сайжирна гэж итгэж байна.

    Хөтлөгч /эм/:  Хамтран ажилласнаар нөхцөл байдал сайжирна гэж ойлголоо.

Эхэн үед бидэнд тулгарсан асуудал нь БНХАУ-с эхэлсэн вирусийн эхний давлагаа байсан боловч, одоо бол Европ, Америкаас зөөвөрлөгдөн орж ирсэн вирусийн хоёр дахь давлагаа юм.

                                                                                                                    Үргэлжлэл бий

Орчуулсан: П.Баасансүрэн, В.Түвшинжаргал, М.Анударь, Д.Дуламсүрэн ,М.Лхамсүрэн, Б.Цолмон

Хянасан:  Ц.Бурмаа

Please follow and like us:

1 comment on “NHK телевизийн 4-р сарын 11 өдрийн Тусгай дугаар: “ҮЛ ТАНИХ ВИРУСИЙН ЭСРЭГ АМЬ ӨРССӨН ТЭМЦЭЛ” ЦУВРАЛ-2”

Leave A Reply

Your email address will not be published.