Коронавирусийн талаарх худал мэдээллийн тархалтыг бид хэрхэн зогсоож чадах вэ?

Бид аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор олон нийтийн сүлжээн дээрх шинэ зөвлөмж мэдээг цаг алдалгүй дамжуулж бусдад анхааруулж болох юм.

Гэвч Коронавирусийн талаарх ташаа мэдээллүүд интернетэд тархах нь халтай тул мэргэжилтнүүд олон нийтэд “information hygiene” буюу “Мэдээллийн эрүүл ахуй”-г сахихыг уриалж байна. Үүний тулд бид юу хийж чадах вэ?

  1. Түр азнаад, тунгаа

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар худал мэдээллийг илрүүлж зогсооход бидний хийж чадах хамгийн эхний алхам бол түгээхээсээ өмнө түр азнаад тунгаах явдал юм.

Хэрвээ авсан мэдээлэлд тань эргэлзэхээр зүйл ажиглагдсан бол тухайн мэдээг илүү нягтлан гүнзгий судлаарай.

  1. Мэдээллийн эх сурвалжийг нягтлах

Мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө тэрхүү мэдээлэл хаанаас, хэнээс эх сурвалжтай вэ? гэсэн асуулт урган гарч ирэх юм.

Хэрвээ мэдээллийн эх сурвалж нь “найзын танил” эсвэл “хамаатны эгчийн хамт ажилладаг хүний хөрш” гэх зэрэг үл таних хэн нэгэн бол та бусдад түгээхээс татгалзаарай. Үүнээс гадна хэн гэдэг ямар эрдэмтэн, судалгааны байгууллага гэдгээ дурдаагүй, мэдээллээ авсан сурвалжаа бичээгүй хэдий ч “гэж эрдэмтэд тогтоожээ.”, “Япон эмийн зөвлөгөө” гэх зэрэг бичвэр нь хуурамч мэдээний нэг хэлбэр мөн.

Харин хамгийн аюулгүй, үнэн зөв мэдээллийн эх сурвалжуудыг дурдвал “Эрүүл Мэндийн Яам”, “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO)” гэх зэрэг итгэл даах, найдвартай эрүүл мэндийн байгууллагууд юм.

Мэргэжилтэн докторуудын мэдээлэл бүгд үнэн зөв байх баталгаа байхгүй. Гэхдээ Твиттэр, Фэйсбүүк дээрх хэн нэгэн танихгүй хүнээс илүү үнэн мэдээллийн урсгал болно. 

 

  1. Энэ мэдээлэл худал байж болох уу?

Мэдээллийн харагдаж буй байдлыг өөрчлөн Засгийн газар болон баталгаатай эх сурвалжийн нэр болон логог ашигласан хуурамч мэдээг бэлдэж сүлжээнд тараах боломжтой.

Жишээлбэл, доорх зурган дээрээс харвал адилхан нэр, зурагтай хоёр хуудас байна. Энэ тохиолдолд цэнхэр зөв гэсэн тэмдэглэгээ агуулсан эхний хуудас бол баталгаажсан, албан ёсны хаяг болно.

Ялангуяа дэлгэцийн зураг /Screenshot/ хэлбэртэй мэдээлэлд засвар хийж янзлаад тэрхүү мэдээллийг дээр дурдсан баталгаатай эх сурвалжаас ирсэн мэтээр болгох явдал байдаг.

Эдгээр тохиолдолд та тухайн мэдээний эх сурвалжийг олоод, албан ёсны хаяг, веб хуудсруу нэвтрэн шалгаж болох юм. Магадгүй уншсан мэдээлэл тань олдохгүй байвал тухайн мэдээг худал гэж ойлгож болно.

Мөн уг мэдээллийн бичвэр дунд том жижиг үсгийн алдаа, бичгийн хэв маяг /фонт/ өөрчлөгдсөн эсэх сэжигтэй байдлыг шалгаж хуурамч мэдээллийг илрүүлэх боломжтой.

  1. Эргэлзээ төрсөн бол бусдад бүү түгээ.

Үнэн байж магадгүй “юмыг яаж мэдэх вэ, тараачихъя” гэж бодож байвал ЗОГС!!!. Та магадгүй бусдад халтай үйлдэл хийж байж болзошгүй.

Бид мэргэжилтнүүд болох эрдэмтэн, судлаач, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын мэдээллийг бусдадаа тарааж байгаа. Хэдий тийм ч хэрвээ танд эргэлзээ төрсөн бол өөрт байгаа асуултад хариулт авах хүртлээ бусдад бүү тараагаарай.

 

  1. Бичвэр дэх бүх баримт зөвлөмжийг шалга

Танд магадгүй хүн бүхний мэдэх ойлгомжтой, урт дараалсан зөвлөмж /гараа тогтмол угаа г.м/ ирсэн байх. Эдгээр энгийн ойлгомжтой зөвлөмж мэдээнд бид амархан итгэдэг. Гэтэл итгэл төрүүлэм мэдээтэй хавсран ташаа мэдээлэл тархах аюул байдаг байна. Тийм учраас зөв зөвлөмж агуулсан мэдээ байсан ч доторх бүх мэдээг сайтар шалгахгүйгээр бусдад тараахаас татгалзъя.

 

  1. Сэтгэл хөдлөл агуулсан бичвэрээс болгоомжил

Нийтийн сүлжээнд биднийг уур бухимдал, санаа зовнил, баяр баясгаланд оруулах бичвэр нийтлэлүүд маш хурдацтай тархдаг.

Хүмүүсийн айдас дээр тулгуурлан худал мэдээллийг хурдацтай тараан нийтийн сүлжээн дэх хаягийн хандалтаа ихэсгэх, аливаа ашиг хонжоо олох зорилготой мэдээллүүд их болсон. Нийтэд сөрөг нөлөөтэй ташаа мэдээ бичдэг хаягууд ихэвчлэн хэн нэгний нэр зүүсэн хуурамч хаягууд байдаг.

Бусдыг ямар нэгэн хөдөлгөөнд уриалсан хандлагатай нийтлэлүүд иргэдийн сэтгэл зовнилыг өсгөх сэдэлтэй бичигддэг болохоор үүнээс болгоомжлох хэрэгтэй.

Гэр бүл, найз нөхдөө аюулгүй байлгахыг хүсэж байгаа хүн “Вирусээс хамгаалах зөвлөмж” эсвэл “Дархлаа дэмжих сайн эм бэлдмэлийг аваарай” гэх мэт мэдээг харвал юу ч байсан туршиж үзэх хандлагатай болдог байна.

  1. Нөлөөнд автан түгээхээ зогсоо

Та үнэхээр мэдээллийг үнэн гэдгийг мэдсэн болохоор түгээж байна уу ? эсвэл тухайн мэдээтэй санал нэг байгаа болохоор түгээж байна уу?

Цар тахал идэвхжиж дэлхий даяар чих тавин чагнаж буй одоо үед та найз нөхөд, бусдын нөлөөнд автан хүсээгүй хэдий ч толгой дохин мэдээ түгээж яваа юм биш биз?  

Хэрвээ тийм бол олон нийтийн сүлжээн дэх хэт хурдацтай тархах мэдээллийн давлагааг бага ч гэсэн бууруулж хэрэглээгээ хянаж, түгээх товчийг дархаасаа өмнө нягталцгаая.

Г. Лхагвасүрэн

Ашигласан материал: 

https://www.bbc.com/news/blogs-trending-52326415?intlink_from_url=https://www.bbc.com/news/technology&link_location=live-reporting-story

 

Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.