Шинэ Коронавирус гэж юу вэ

   2019 оны сүүлээс Ухань хотоос эхэлсэн Шинэ коронавирус нь дэлхий даяар тарж , урьд хожид байж байгаагүй гамшгийн хэмжээнд хүрээд байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ энэхүү гамшгийн үндэс болох Шинэ коронавирус гэж юу болохыг тайлбарлахаар бэлтгэлээ.

  Шинэ Коронавирусийн шинжлэх ухааны нэршил нь Severe acute respiratory syndrome coronavirus 2 (SARS-CoV-2) буюу Монголоор Амьсгалын цочмог хам шинжийн титэм вирус 2 юм. Энэ вирусээс үүдэх өвчнийг COVID-19 (Coronavirus disease 2019) гэж нэрлэнэ. Коронавирус буюу манайхаар титэм вирус нь титэм мэт харагддагаараа ингэж нэрлэгджээ. Шинэ коронавирус нь бета коронавируст ангилагдах бөгөөд , 7 дахь хүнд халдварлах коронавируст бүртгэгдэж байгаа. Үүнд 229E, NL63, OC43, NKU1, цаашлаад бидний мэдэх 2002 оны юм байна. Эхний 4 нь анхнаасаа хүнээс хүнд дамждаг энгийн ханиадны вирус юм. Сүүлийн 2 нь Шинэ коронавирусийн адил амьтнаас хүнд халдварладаг болсон вирус аж. SARS болон Шинэ коронавирус нь сарьсан багваахайгаас хүн рүү, MERS нь нэг бөхтэй тэмээнээс хүн рүү халдварласан байна.

  Тэгвэл яагаад сүүлийн 3 нь аюултай халдварт өвчин болоод байна вэ? Эхний 4 нь зөвхөн амьсгалын замын дээд хэсгээр халдварладаг тул энгийн ханиадаар дуусна. Харин SARS, MERS, SARS-Cov-2 нь амьсгалын замын доод хэсэг рүү буюу уушги руу халдварлана. Энэ нь үхэлд хүргэх аюултай уушгины хатгалгаа (Pneumonia) болоход хүргэдэг байна.

Зураг 1. Электрон микроскопоор авсан Шинэ коронавирус. 
/http://www.tokyo-eiken.go.jp/lb_virus/kansenshou/virus_gazou/sars-cov-2//

Шинэ коронавирусийн бүтэц

  Шинэ коронавирус нь бөөрөнхий хэлбэртэй , 60-140 нанометр диаметртэй , гадна талаараа энвелоп /дугтуй/ гэгдэх бүрхүүлтэй , энэ дотроо  удамшлын мэдээлэл /геном/ агуулж буй маш энгийн бүтэцтэй. /Зураг 3/.

    Энвелоп нь хүний эсийн мембран бүрхүүлийн адил фосфолипидээс бүтнэ. Фосфолипид гэдэг нь тосны нэг төрөл учир спирт болон органик уусгагчид амархан уусна. Энэ нь коронавирус нь спиртэд тэсвэргүй гэсэн үг юм. Ташрамд дурдахад 50-70 хувийн спирт нь ариутгалд тохиромжтой болов уу. Спиртээр устана гээд архи уувал сайн гэж ойлгож болохгүй. Юуны өмнө вирус маань ходоод гэдсээс илүүтэйгээр, амьсгалын замыг байгаа болгож байгаа. Мөн вирус устгах чадвар бүхий спиртийн хэмжээ нь гэдэс дотрыг шархлуулан, вирус халдварлахад илүү тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай юм.

 Вирусийн геном. Вирус нь геномоо ямар байдлаар хадгалж байгаагаараа 2 ангилагдана. ДезоксирибоНуклейн Хүчил /ДНХ/ , РибоНуклейн Хүчил /РНХ/. ДНХ нь вирусээс гадна хүн төрөлхтнөөс эхлээд бүх амьд биет энэ хэлбэрээр генийн мэдээллээ хадгалдаг. РНХ нь мөн ялгаагүй бүх амьд биест орших ч удамшлын мэдээлэл хадгалах зорилгоор биш, мэдээлэл зөөвөрлөх зэрэгт хэрэглэгдэнэ. Коронавирусийн геном нь РНХ-ийн дан хэлбэрийн эерэг гинж бөгөөд , 29903 азотлаг сууриас тогтоно. Ташрамд дурдахад хүний геном нь нийтдээ 3 тэрбум орчим азотлаг сууриас бүтнэ. Үүнээс вирус нь ямар энгийн бүтэцтэй болохыг харж болно.

   Шинэ коронавирусийн геном нь ерөнхийдөө бусад коронавирустай төстэй. Энэ нь өөрийгөө хувилах энзим кодлох хэсэг , бүтцийн уураг кодлох хэсэг гэсэн хоёр хэсгээс бүтнэ. Өөрийгөө хувилах энзим кодлох хэсэг нь ORF1a , ORF1b гэсэн 2 том генээс бүтнэ. Энэ 2 ген нь бүтцийн бус 16 генийг кодолно. Харин бүтцийн уураг кодлох хэсэг нь тус тус S , E , M , N уургийг кодолно.

Зураг 2. Шинэ коронавирусийн геномийн бүтэц

 

  Бүтцийн уураг. Nucleocapsid (N) уураг нь геном РНХ-тэй холбогдож , нуклеокапсид үүсгэнэ. Ингэснээрээ геномийн тогтвортой байдлыг хадгална. Envelope (E) нь уг нэрийн дагуу энвелоп дээр орших бөгөөд вирус эсээс ялгарах болон нэвтрэхэд үүрэг гүйцэтгэнэ. Membrane (M) нь мөн энвелоп дээр оршино. Энэ нь вирусийн хэлбэрийг алдагдуулахгүй байх , шим тэжээл зөөвөрлөх үүрэгтэй. Spike (S) нь Монголоор вирусийн өргөс гэгдэнэ.  Үүнийг мэдрэгч эсвэл эс рүү нэвтрэх түлхүүр гэж хэлж болно.

Зураг 3. Шинэ Коронавирусийн бүтэц. /SARS- CoV 2 Structure. Contributed by Rohan Bir Singh, MD; Made with Biorender.com/

S уураг нь эс рүү нэвтрэх түлхүүр

   Коронавирус бие рүү нэвтрэхэд хамгийн чухал үүргийг S уураг гүйцэтгэнэ. S уураг нь хүний ангиотензин хувиргагч энзим 2 /angiotensin converting enzim 2: ACE2/-холбогдоход тохиромжтой бүтэцтэй юм /Зураг 3/. Энэ нь Шинэ коронавирус ACE2-оор дамжин халдварладаг болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл ACE2 нь эс рүү нэвтрэх цоожны нүх, S уураг нь түлхүүр болно гэсэн үг юм. 2002 оны SARS нь мөн адил АСЕ2-г байгаа болгож байсан.

  Шинэ коронавирусийн S уургийн АСЕ2 той холбогдох чадвар нь SARS-аас 10-20 дахин өндөр байгааг эрдэмтэд илрүүлжээ. Энэ нь шинэ коронавирус SARS-тай харьцуулахад хүнээс хүнд халдварлах чадвар өндөртэйг харуулж байна. АСЕ2 нь уушги, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо /улаан хоолой, нарийн болон бүдүүн гэдэс, мөн ходоодонд бага зэрэг/, бөөрөнд оршино. Энэ дотроо уушгинд бусад эрхтнээс 100 дахин их байдаг байна. Иймээс энэ вирус уушги, амьсгалын замыг голчлон довтолно гэсэн үг юм.  

Хянасан:   М. Эрдэнэ-Очир

Нийтлэлч: Ө. Нарандулам

Ашигласан материал:

  1. Remdesivir for severe acute respiratory syndrome coronavirus 2 causing COVID-19: An evaluation of the evidence

https://www.sciencedirect.com/science/article/pii/S1477893920301162?via%3Dihub

  1. Features, Evaluation and Treatment Coronavirus (COVID-19)

https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK554776/

Холбогдох нийтлэл:

NHK телевизийн 4-р сарын 11 өдрийн Тусгай дугаар : “ҮЛ ТАНИХ ВИРУСИЙН ЭСРЭГ АМЬ ӨРССӨН ТЭМЦЭЛ” ЦУВРАЛ-1

Эсийн төрөл

Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.