Газрын тос боловсруулах үйлдвэр: Цоо шинэ салбар, шинэ гарц

  Нефтийн үйлдвэр өөрөөр хэлбэл газрын тосны үйлдвэр бол жилд дэлхий даяар 3.2 их наяд доллар-аар хэмжигдэх орлогыг бүрдүүлдэг томоохон бүтэц юм. [1] Байгалийн ашигт малтмалын төрөл дунд томоохон байр суурь эзэлж, “Хар алт” хэмээн нэрлэгддэг нефтийг боловсруулах үйлдвэрийн талаар тодорхой мэдээлэл, мөн Монгол улсын газрын тосны салбарын талаарх статистик баримтыг сонирхуулах зорилгоор энэхүү дугаараа бичиж байна.

Монгол улс ба Газрын Тос

 Газрын тосны үйлдвэрлэл нь хайгуул, олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт, нефтийн бүтээгдэхүүний борлуулалт гэсэн дэлхийг хамарсан үйл ажиллагаагаар явдаг. Энэхүү салбарын голлох бүтээгдэхүүн бол түлш, тос, бензин /петрол/ юм. Нефтийн тос нь цаашлаад эмийн бодис, уусгагч, бордоо, пестицид, синтетик үнэр, хуванцар зэрэг олон химийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлүүдийн түүхий эд болдог.

 Монгол улс нь газрын тосны олборлогч орон бөгөөд 1996-2016 оны хооронд 6 сая тонн газрын тос олборлож, 5.7 сая тонн  тосыг БНХАУ-д экспортолж, нийт 1,1 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. [2]

 Харин “сүүлийн 2 жилийн хугацаанд 0.872 / 0.938 сая тонн (2018 он / 2019 он) газрын тосны олборлолт хийсэн” [3] гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мэдээлжээ.

 Хэдий бид газрын тос олборлож экспортолдог боловч эргүүлээд боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнийг /бензин гэх мэт/ 100 хувь гадаад улсаас худалдан авдаг маань ашигт малтмалаа үнэ хүргэхгүй зарж алддаг, эргээд гадны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн авдаг үрэлгэн байдлыг илтгэж буй мэт. Газрын тосны бүтээгдэхүүнд Монгол улс жилд дунджаар 1,0 тэрбум ам.доллар зарцуулдаг байна.[4]

 Газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хамааралтай байдал нь дэлхийн газрын тосны үнэ өсөхөд, инфляцыг хөөрөгдөж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, эдийн засаг, хөгжлийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг бий болгож байна. Тийм ч учраас манай улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь чухал ач холбогдолтой юм.

 Гэхдээ энэ байдал дуусах цаг удахгүй ирэх болов уу. Учир нь 2017 онд Засгийн газар, Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээгээр Дорноговь аймагт жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг 92-р тогтоолоор байгуулан ажиллаж байна.

http://mongolrefinery.mn/Default.aspx?page=1

 Дээрх шийдлийг зорилгоо болгон ажиллаж байгаа компанийн үйл ажиллагаатай танилцан, санал сэтгэгдэл мөн хяналт тавьж байх нь иргэд бидний үүрэг гэж бодож байна.

 Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн компанийн үйл ажиллагааны талаар Дефакто Жаргалсайхан гуайтай хийсэн ярилцлагыг үзэх боломжтой.

Газрын тосны үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар ерөнхий мэдээлэл

 Газрын тосны үйлдвэрлэлийг Дээд урсгал , Дунд урсгал, Доод урсгал гэсэн үндсэн гурван хэсэгт хуваадаг.

Дээд урсгал

 Дээд урсгал гэдэг нь газрын тос болон байгалийн хийг өрөмдөж, тэсэлж олборлох явцыг хэлдэг. Газрын гүний хөрсийг өрөмдөж дээш татан цооног үүсгэх зарчмаар газрын тосыг олборлоно. Түүхий эдийг олборлох өрөм, тэсэлгээний тоног төхөөрөмжүүд нь өндөр эрсдэлтэй бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ, суурилуулалтын цаг хугацаа их шаарддаг.

Дорноговь аймаг Тамсагийн сав газар: Газрын тосны олборлох цэг

Дунд урсгал

 Олборлосон түүхий тос материалыг боловсруулах үйлдвэр уруу, газрын тосны бүтээгдэхүүнийг дэлгүүр болон станцуудруу тээвэрлэх явцыг дунд урсгал гэдэг. Энэ салбарт урсгах хоолой, тээвэрлэх том машин, тусгай нөхцөлийн тээврийн хэрэгслүүд багтана. Түүхий газрын тосыг машинаар тээвэрлэх нь үр ашиггүй гэж үздэг учир ихэнх улсад хоолойгоор урсгаж үйлдвэр уруу тээвэрлэдэг байна. Дунд урсгал нь эрсдэл багатай, дээд урсгалтай харьцуулахад бага хөрөнгө оруулалт шаардагддаг.

Калифорнид газрын тос урсах хоолой

Доод урсгал

 Гурван урсгалын сүүлийнх болох Доод урсгал нь голчлон түүхий газрын тосыг цэвэршүүлж, боловсруулан эцсийн бүтээгдэхүүнийг бий болгох явц оршдог.  Нэмэлтээр бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж дэлгүүр болон станцуудад түгээх явц мөн хамаарна.

 Түүхий газрын тосонд их хэмжээний гидрокарбон мөн дийлэнх хувийг хүхэр агуулсан нэгдлүүд эзэлдэг. Боловсруулах үйл ажиллагаа нь ерөнхийдөө Хүхрийг/ S / гидросульфуржуулах буюу устөрөгчтэй нэгдэл болох  “Хүхэрт устөрөгч” /H2S/  хий уруу шилжүүлэн ялгаж авдаг. Үүний үр дүнд газрын тосны үйлдвэрлэлийн хажуугаар их хэмжээний хүхэртэй болох боломжтой.

Хьюстон хот “SNRG” корпорацийн Газрын тос боловсруулах үйлдвэр

Ирээдүйд бий болох боломж

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг статистик мэдээ

 Дээрх статистикийг үзвэл сүүлийн 2 жилийн дунджаар 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авжээ.  Харин шинээр баригдаж буй боловсруулах үйлдвэр нь ойролцоогоор жилд 1,5 сая тонн буюу 75 хувийг дангаараа хангаж чадах том үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр дээр тулгуурлан олон төрлийн химийн үйлдвэрүүд бий болох боломжтой юм. Жишээ нь хамгийн өргөн хэрэглэгддэг хуванцар сав, бүх төрлийн пластик бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулж чадна.

 Ирээдүйд ийнхүү сайхан боломжууд нээгдэх учир, та магадгүй одооноос энэ салбарт өөрийн байр суурийг бий болгох, мэргэшиж ажиллах бодол төрж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол биднийг хүлээхгүйгээр урагшлах ирээдүйн өөдөөс төлөвлөгөөгөө гарган урьдчилан бэлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Г. Лхагвасүрэн

2020. 5. 20

Ашигласан материал :

  1. https://www.investopedia.com/investing/oil-gas-industry-overview/
  2. http://mongolrefinery.mn/Default.aspx?page=40&menu=354
  3. https://mof.gov.mn/article/entry/news-10-09
  4. https://mrpam.gov.mn/public/pages/133/2019-12-mon.pdf

Холбогдох нийтлэл:

Шингэн түлш

Таны ерөнхий мэдлэгт: Нефтийн химийн бүтээгдэхүүнүүд

Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.