Таны ард хэн байна гээч …

Юу ч гэсэн эргэж хараад ардаа хэн байгааг шалгаад үз дээ. Хүн байна уу? Юу байна?

Монгол хэлэнд “ар” гэдэг үг утга олонтой. Энэ удаад бүгдээрээ, яагаав нөгөө хүмүүс зодолдох гэж байхдаа л чиний ар хэн юм бэ?, араа дуудлаа шүү? гэх мэтээр ашиглаад байдаг “ар” гэдэг үгний талаар ярих гэсэн юм. 

“Итгэлийн Уналт” гэж нэг тоглоом/туршилт байдаг даа, нүдээ аниад ардаа зогсож байгаа хүн нь өөрийг нь унагахгүй гэж найдан хойшоо унадаг.тБурхан минь гэж, та хэн нэгэнд ингэж унах эрсдлээ даван итгэл үзүүлж чадах уу? Хэдий энэ туршилт өөрөө ихэнхидээ амжилттай болдог ч /яахав үнэхээр тэгшхэн бус унадаг эсвэл үнэхээр хүн барьж авах авьяасгүй хэсэг бүлэг хүмүүсийг үл тооцоод амжилттай болдог гэж үзвэл/ жинхэнэ амьдрал дээр итгэж унаж ч чадахгүй зогсож зогсож гүйгээд явчихдаг хүмүүс байхад, за яг уналаа шүү гэж хэлээд унаж байхад л зугтаад алга болчихдог хүмүүс ч байж л байна. Гэхдээ амьдралын сайн сайханд итгэж явахад таны “арыг даах” хэн нэгэн байсан, байдаг, байх ч болно гэдгийг өнөөдөр харуулахыг хичээнээ.

Хэн нэгний өнөөдрийн зан ааш, царай зүс, хүн чанарыг бий болгосон гэдгээ мэддэгийн улмаас таныг арыг даадаг хүмүүс бол гэр бүл. Өнөөдрийн таны амьдралын хэдэн хувьд нь гэр бүл тань нөлөөлсөн бол?. Нобелийн шагналт, эмэгтэйчүүдийн боловсролын төлөө тэмцэгч Пакистан охин Малалагийн аав нь яриандаа “Яагаад Малала ийм хүчтэй вэ гэвэл би түүний далавчийг нь тайраагүй учраас” гэж хэлжээ. “Чи эмэгтэй хүүхэд учраас сургуульд явж болохгүй”, “Чи эмэгтэй хүн учраас …” гэж аав нь Малалад сургахийг огтхон ч хүсдэггүй байв. Энэ их хичээл зүтгэлийн дараа тэрээр “Малалаг Зиауддины охин гэж биш намайг Малалагийн аав гэж хүмүүс дууддагт би баярладаг” гэж хэлсэн байдаг. Энэхүү яриаг бодит амьралдаа бодоод үзвэл Зиауддин охиныгоо өндөр эрсдэлд өсгөж, эрсдэлтэй хүмүүжил олгосон ч юм шиг. Гэхдээ Зиауддин өөрөө охиндоо итгэж, харин охин ч гэсэн тэр итгэлийг хариулсан хамгийн энгийн үйл явдал л байсан гэлтэй.  

Та бүхэн Америкийн ганц догь ерөнхийлөгчийг санаж байна уу? Барак Обама. Гэхдээ ээжийг нь хэн гэдгийг мэдэх үү? Анн Дунхам бол Индонезийн хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, болон ажилчдын хүнд нөхцөл гэх олон асуудлууд дээр ажиллаж байсан хүчирхэг эмэгтэй. Ерөнхийлөгч байх үедээ Обама өөрийнх нь улс төрийн талаархи үзэл бодлын суурь ээжээс нь тавигдаж байсныг дурьдаж, шашин/бурхан гэдэг зүйл байхгүй байсан ч итгэл гэдэг юунд хүргэдэгийг би ээжээсээ хардаг байсан гэж дурссан байдаг. Ээжээс ирэх хүмүүжил боловсрол дээр суурьлан тэрээр улс төрд орохдоо итгэл дүүрэн байж чадсан. Энэ бол бас л харилцан итгэлцэл, өөрийн амьдралд итгэх итгэлээр хүүхэддээ ч итгэл гэдэг зүйлийг батлаж чадсан ээж харин тэр баталгаанд найдаж алхам хийх хүүхэд юм.

Ирээдүйг харж хүүхэд өсгөх энэ их үйлд, өнөөдрийн бидний харж шүтэж, бахархаж яваа хүн бүхний ард үргэлж хэн нэгэн итгэл хүлээлгэсэн хүн байх болно. Тэр хүн цор ганцаараа төрөөд, цор ганцаараа алхаж яваад л гэнэт л бурхны хишиг мэт амжилтанд хүрнэ гэдэг нь юу л бол? Хэзээ нэгэн цагт хэн нэгний өгсөн итгэл үнэмшил, амьдралыг харах үзэл бодолд итгэн унаж, бас баригдан түшигдэж чадсан учраас л хийсэн зүйлээ хийсэн гэж итгэцгээе. 

Бүх амжилттай залуучуудын ард, гайхалтай эмэгтэй байдаг гэдэг үгийг хэзээ нэгэн цагт хаа нэгтээ сонсож л байсан байх. Энэ үгийг аль ч талаар нь хэрэглэж болно, тэр тусмаа өнөө үед “Амжилттай эмэгтэйчүүдийн ард, гайхалтай эр хүн байдаг” гэж заавал хэрэглэх хэрэгтэй. Ким Кардашиан, Канеэ Вэст нар шиг бие биенийгээ дэмжээд явж байгаа хосууд ч олон бий. Мет Гала гэж нээх том урлагийн үдэшлэг болдог доо, 2013 онд Ким К анх удаагаа энэхүү үдэшлэгт оролцохдоо Канеэгийн нэр дор буюу +1 нь болж оржээ, харин 2019 онд тэрээр өөрийн нэрээрээ орох үед Канеэ “Өнөөдөр чиний гялалзах өдөр харин би ердөө л чиний +1 байх болно” гэж хэлсэн гэдэг. 

Хосуудын харилцаа бол хэн нэгэн таны арыг даах, бас та араа даалгаж байгаа гэж итгэх томоохон үйл явдал. Харилцан итгэлцэл тэр тусмаа харж мэдэхгүй хэн нэгэнд амьдралаараа итгэх үйл явц…, маш хэцүү сонсогдож байгаа биз. Үнэхээр хэцүү учраас бид энэ сэдвийг тойруулан кино, зохиол бичиж, итгэлцээд удаж байгаа хосуудаа амьдралын зорилго мэтээр өхөөхрдөн тойрдог. Яг энэ сэдвийн дагуу насаараа нөхөрлөх найзуудын итгэл ч гэсэн амар зүйл биш. Гэхдээ илтгэл бол бариад явж болдон бодит зүйл биш, хүний арыг даана гээд насаараа хойноос нь явбал шоронд ороод л дуусна. Итгэл бол мэдрэмж, бас итгэл бол маш том хар/цагаан чулуу – аятайхан өргөж явахгүй бол та ч тэр хэн нэгэн тань ч дарагдах аюул үргэлж байна.  

Бүгдийг нь базаад би ердөө цөөхөн юм хэлэх гэсэн байх. Хүнд итгэж, итгэл хүлээх чадвартай байцгаая. Итгэж байгаа, итгэл хүлээлгэж буй нэгнээ хайрлаж байя. Хэзээ нэгэн цагт итгэж, итгэл хүлээлгэсэн нэгнээ үргэлж санаж, хүндэтгэж явья.   

2020.06.30

Обирин Их Сургууль

Амина.Д

  

Please follow and like us:

2 comments on “Таны ард хэн байна гээч …”

  1. Зочин

    Хүний амьдралын харилцааны үнэт зүйлийг гайхалтай харьцуулж дүгнэж бичжээ.

  2. Амина

    Баярлалаа. Тэр хүртлээ сайн ойлгогдох нь уу гэж бодоод л байсан юм :))

Leave A Reply

Your email address will not be published.