Танд эцэг эхийн үнэмлэх бий юу? Эцэг эх, гэр бүлийн үүрэг хариуцлагын талаарх бяцхан философи

      Монгол улсын минь ирээдүй болсон гэнэн цайлган хүүхдүүд маань зүгээр л гадаа тоглох гэж байгаад усанд живж, эсвэл архидан согтуурсан эцэг эхдээ зодуулж амь насаа алдаж буй олон гашуун мэдээнүүд Монголчууд бидний өнөөгийн нийгмийн хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болоод байна. Бодит статистик хүртэл Монгол улсад 10 эмэгтэй хүүхэд тутмын 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хэлж байна. Тиймдээ ч бид болсон зүйлийн араас зүгээр нэг харуусаад өнгөрөх бус, нийгэм даяараа эцэг эх байхын “утга учир”, “үүрэг хариуцлага”, “гэр бүлийн харилцааны ёс зүй”-гийн талаар эргэцүүлэн бодолцож, ярилцан мэтгэлцэж, сурч мэдэх цаг нэгэнтээ иржээ. Энэхүү нийтлэлээр гэр бүлийн үүргийн талаарх гол философийн онолуудыг тайлбарлахыг зорилоо.

     Гэр хорооллын дүр төрх. (Зургийг Ganjavkhlan Chadraabal фэйсбүүк аккаунтын постноос татав)

     Бид эцэг эхийнхээ өмнө хир хэмжээний үүрэг хариуцлага үүрэх ёстой вэ? Эцэг эхийнхээ ачийг хариулах шаардлагатай юу, үгүй юу? Эцэг эх болох гэдэг хүн бүрийн хувийн эрх, эрх чөлөө юу, эсвэл үүрэг хариуцлага уу? Эдгээр асуудлыг тойрсон 3 үндсэн үзэл байдаг аж. Үүнд:

  • Үнэмлэхүй үзэл(the unconditional view). Чамайг төрүүлж, эцэг эх чинь болсон л бол чи эцэг эхдээ өртэй болж, тэднийг хүндэтгэж, хөгшин болоход нь асран хамгаалах үүрэгтэй хэмээх үзэл. Эцэг эх чинь гэдэг үнэн л юм бол тэд чамаас ямар нэгэн байдлаар ачийг нь хариулахыг шаардах эрхтэй гэсэн үг юм.
  • Нөхцөлт үзэл(the conditional view). Эцэг эх чинь чамайг сайхан өсгөж хүмүүжүүлж чадсан бол, чи түүнтэй ижил хэмжээнд эцэг эхдээ өртэй болж, ачийг нь хариулахыг хичээх хэрэгтэй хэмээх үзэл. Эсрэгээрээ эцэг эхээсээ болж хүүхэд насаа хүчирхийлэл, зовлон гачиг дундуур өнгөрөөсөн бол тэдний өмнө ямар ч үүрэг хүлээх хэрэггүй.
  • Нөхөрлөлийн үзэл(the friendship view). Эцэг эхийнхээ ачаар хэчнээн сайхан хүүхэд насыг өнгөрүүлсэн ч, том болоод тэдэнд ямар ч өртэй байх ёсгүй хэмээх үзэл.

    Дийлэнх Монголчуудын өнөөгийн итгэдэг үзэл баримтлал “үнэмлэхүй үзэл”-тэй харьцангуй ойрхон мэт санагдана. Бид багаасаа л “шүүдрийн усыг нэг бүрчлэн цуглуулж данх цай чанаад ижийдээ өгч чадваас, түүний ердөө ганц шөнө босож хөхүүлсний ачийг хариулсантай тэнцэнэ” гэдгийг сонссоор өсөж, ямар ч эцэг эхтэй байсан тэдний ачийг хариулж баршгүй хэмээн заалгасаар ирсэн. “Төрүүлээд өглөө болоо юм биш үү?” гэдэг үг хүртэл нийгэмд нэлээн ул сууриа олчихсон юм шиг санагддаг. Ээж аав нь ч хүүхдээсээ ямар ч ичих зүйлгүйгээр “том болоод чи л аав ээжийдээ хоол цайг нь ойртуулж, харж хамгаална шүү дээ” гэж хэлдэг. Даан ч олон бяцхан үрсэд минь том болох ч боломж олдолгүй хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа нь бидний өнөөгийн бодит байдал аж. Үнэмлэхүй үзэлд хэд хэдэн асуудлууд бий. Нэгдүгээрт, төрүүлсэн нь үнэн ч хүүхдээ олигтой өсгөж чадаагүй, харин ч эсрэгээрээ хүнд ажил хийлгүүлж, зодож тарчлаадаг байсан бол том болоход нь “одоо миний ачийг хариул” гэж хэлээд сууж байх эрх байна гэж үү? Хоёрдугаарт, сайн аав ээжид үрчлүүлэгдэн өсөж, цусны холбоотой аав ээжтэйгээ нэг ч удаа уулзалгүй ч сайхан хүүхэд насыг өнгөрөөж том болсон хүмүүс олон бий. Энэ тохиолдолд үнэмлэхүй үзэлд итгэвээс амьдралдаа нэг ч удаа уулзаж ч үзэж байгаагүй хүмүүсийнхээ ачийг хариулах ёстой болох юм.

    Тэгвэл нөхөрлөлийн үзэл яагаад эцэг эхийнхээ ямар ч ачийг хариулах шаардлагагүй гэж үздэг юм бэ? Орчин цагийн Америкийн философич Жэйн Энглиш (Jane English)-ийн хэлснээр бол, хүн хэзээ ч төрөх эс төрөхөө өөрөө шийдэж чадахгүй, харин эцэг эх нь хүүхдээ төрүүлэх эсэхээ шийддэг учир, хэрэв төрүүлнэ гэж шийдсэн л бол тухайн хүүхдийг хайр халамжтайгаар өсгөх нь 100 хувь эцэг эхийн үүрэг болох юм. Хэрэв тэгж чадахгүй гэж байгаа бол төрүүлэхгүй байх сонголт тэдний өмнө хэзээ ч нээлттэй гэсэн үг. Нэг ёсны гэрээ хэлэлцээр хийхтэй ижил зүйл аж. Гэвч бүрэлдэж ч эхлээгүй байгаа ирээдүйн хүүхэд, аль эсвэл төрснийхөө дараа ч гэсэн нялх хүүхэд том хүнтэй ижил гэрээнд гарын үсэг зураад, түүнийг мөрдөөд явах хэзээ ч боломжгүй учир, тэрхүү гэрээ нь зөвхөн нэг талаас, өөрөөр хэлбэл эцэг эхийн талаас зөвшөөрөгдсөн гэрээтэй ижил юм. Эцэг эх болохоор шийдсэн хүмүүс тэрхүү хүүхдээ сайн асран хамгаална гэсэн нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурж, хүүхэд өсгөх гэдэг хүнд хүчир ажлыг өөрсдөө хүссэн учраас хүүхэд төрүүлсэн, тиймээс хүүхдийн талаас эцэг эхэд өртэй болох шалтгаан огтхон ч байхгүй гэжээ. Эцэг эх дуртайдаа хүүхдээ төрүүлж том хүн болгосон тул, хүүхэд ч мөн том болоод дуртай байвал эцэг эхийнхээ ачийг хариулж, дургүй байвал тэгэх шаардлага байхгүй гэх үзэл юм. Энэ утгаараа яг л найз нөхөрлөл шиг учир “нөхөрлөлийн үзэл” хэмээн нэрийдсэн аж.

       Австралийн судлаач Франк Айнсворт (Frank Ainsworth) тэргүүтэй олон философич, нийгэм судлаачид хүн бүр хүүхэдтэй болохоосоо өмнө эцэг эхийн үнэмлэх авах шаардлагатай болгосноор хүчирхийлэл үйлдэгдсэний дараа нь харуусан гашуудаж суух бус, түүнээс урьдчилсан сэргийлэх чухал арга хэмжээ болж чадна хэмээн дүгнэсэн нь ч байдаг. Энэ нь жолооны үнэмлэх авахтай тийм ч ялгаатай зүйл биш. Хэрэв та машин барихаар шийдсэн бол эхлээд заавал жолооны курсэд сурч, жолооны үнэмлэх авах биз. Энэ нь та өөрийгөө жолооч болоход бэлтгэж, хариуцлагатай жолооч байж чадна гэдгээ баталж байна гэсэн үг. Эс чадваас машин барьж байхдаа дүрэм зөрчих, осол аваар үүсгэх, хүний амь насанд хүртэл аюул авчрах учраас жолооны курсэд суух нь иргэн бидний “үүрэг” бөгөөд “хариуцлага” юм. Өөрийгөө хангалттай бэлтгээгүйгээс болж хэн нэгэнд хохирол учруулах, өөртөө болон өрөөлд гай зовлон авчрахаас урьдчилсан сэргийлж буй нэг хэлбэр гэсэн үг. Нийгмийн хэв журам, итгэлцэл гэдэг дээрхтэй төстэй маш олон гэрээнүүд дээр тулгуурлаж байдаг. “Жолоочийн үнэмлэх”, “гэрлэлтийн баталгаа”, “эмчийн зөвшөөрлийн гэрчилгээ”, “үсчний лиценз” гээд л маш олон бий.

    Тэгвэл бидэнд яагаад “эцэг эхийн үнэмлэх” үнэмлэх гэж байдаггүй юм бэ? Эмзэг цэцгийн дэлбээ шиг бяцхан хүүхдийн эцэг эх байна гэдэг жолооны ард суухтай нэгэн адил, үгүй ээ, түүнээс ч хүнд ажил бөгөөд, асар том хариуцлагын асуудал юм. Учир нь сайн эцэг эх байж чадаагүйгээс болж олон бяцхан үрс өдөр бүр хүчирхийлэлд өртөж, зовлон гачгаар дүүрэн хүүхэд насыг өнгөрөөж байна. Тиймээс хүн бүр эцэг эх болохынхоо өмнө жолооны курстэй ижил, “эцэг эхийн курс”-д сууж, “эцэг эхийн үнэмлэх”-тэй байх ёстой гэсэн үзэл ч байдаг аж. Нөхөрлөлийн үзэлийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх арга ч байж мэдэх юм.

    Нөхөрлөлийн үзэл нь эцэг эх чинь ямар ч сайхан амьдралыг чамд өгсөн бай, түүний ачийг хариулах шаардлагагүй гэж үздэг ч, хэрвээ сайхан амьдралыг чамд өгсөн бол түүний ачийг хариулах ёстой хэмээн үздэг нь “нөхцөлт үзэл” юм.

       Энэхүү нийтлэлээр энэ үзэл нь сайн, энэ үзэл нь муу хэмээн шүүмжлэхийг оролдсонгүй. Ойрын үед гарч буй хүнд мэдээнүүд толгойн гашлан болж, Монголчууд бид гэр бүлийн харилцааны талаарх ойлголтоо шинэчилж, энэ талаарх боловсролтой болох шаардлагатай байна гэдгийг мэдэрсний хувьд, өөрийн сурсан бяцхан зүйлсээ хуваалцах зорилгоор бичсэн болно. Үнэмлэхүй үзэл, нөхцөлт үзэл, нөхөрлөлийн үзэл, аль нь ч байсан бай, гэр бүлийн хүчирхийлэлгүй, хүүхдэд ээлтэй нийгмийг цогцлоон бүтээх нь бидний нэгдсэн зорилго байх ёстой. Эцсийн эцэст, бид төрсөн цагаасаа эхэлж одоог хүртэлх амьдралдаа ямар ч зовлон шаналал, баяр баяслыг мэдэрсэн, хувь хүний хувьд хэрхэн өөрчлөгдсөн ч хэзээ ч өөрчлөгдөхгүй нэг л харилцаа бидний амьдралд байдаг. Тэр бол гэр бүл юм.
Г.Тэнгисболд

Ашигласан материалууд :

1. Эцэг эхийн үнэмлэх:
Cambridge University Press, Franks Ainsworth, Parental Licensing : an Australian perspective, 2019.

2. Монгол улсад 10 эмэгтэй хүүхэд тутмын 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан:
National Statistics Office and the UN Population Fund Ulaanbaatar, Mongolia, Breaking the silence for equality : 2017 National Study on Gender-based Violence in Mongolia. https://mongolia.unfpa.org/en/publications/breaking-silence-equality-2017-national-study-gender-based-violence-mongolia (2018)

3. Гэр бүлийн үүрэг хариуцлагын талаарх 3 үзэл баримтлалууд:
Crash Course Philosophy, Family Obligations, 2017. https://www.youtube.com/watch?v=p7cOwQQDI7o

4. Нөхөрлөлийн үзэл:
Internet Encyclopedia of Philosophy, Filial Obligation.
https://iep.utm.edu/fil-obli/#:~:text=If%20the%20parent%20and%20child,speaking%2C%20owe%20their%20parents%20anything.

 5. Гэр бүлийн ёс суртахуун, гэр бүлийн харилцааны философын талаар унших сонирхолтой байвал Америкийн философич Claudia Mills-г судлахыг санал болгож байна. Гэр бүл, найз нөхөд, сэтгэлтэй нэгэн гэх мэт өөрийн хувьд чухал хүмүүстэйгээ хэрхэн харилцаж, тэдний өмнө ямар үүрэг хариуцлагатай байх талаар судалдаг философийн салбар нь “Ethics of Care” юм.
https://www.colorado.edu/philosophy/people/claudia-mills

 

Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.