Онгоцонд COVID-19 халдах уу?

COVID-19 яг дэгдэж эхэлсэн 3 сараас хойш өдийг хүртэл онгоцонд хувийн болон ажлын шалтгаанаар 5 удаа суучихаж. 2020 он гараад богино болон хол нислэгээ оруулбал 11 удаа суучихсан байна. Бүр яг өнгөрсөн Ням гарагт томилолтоор гадагшаа нисч ирлээ.

 

Өвчин гарснаас хойш онгоцонд суух болгонд “онгоцны агаар 3-4 мин тутамд бүрэн солигддог. Бас ашиглаж буй шүүлтүүр нь эмнэлгийн хагалгааны өрөөнд ашиглагддагтай адилхан тул та бүхэн санаа амар байна уу” гэж аюулгүйн заавартай хамт заавар өгч байна. Сая суухад Японы JAL бүр тусгай бичлэг хүртэл зориулаад хийсэн байв. Гэвч агаар нь цэвэр гэдэг үнэн үү? Уг нь манай гэрийхэн хэлэхдээ “Онгоц олон хүнтэй, битүү агаартай шүү. Болгоомжлоорой” гэж байв…

 

Мэргэжил, сонирхолтой минь ч холбоотой болохоор, өөрөө ч гэсэн энэ тал дээр жаахан судлаад үзмээр санагдав. Энэхүү вирус маань цаашдаа ч гэсэн бид нарын амьдралд оршин тогтнох нь тодорхой тул та бүхэнд онгоцний агааржуулалтын тухай багахан ч гэсэн мэдлэг болбол…

Онгоцонд суухаар л чих сонин болж, зарим тохиолдолд өвдөх үе ч байдаг. Онгоцонд уусан савтай ус буух үед хумигдсан байдаг. Тэгэхээр бид нар ямар ч байсан агаарын даралттай холбоотой зүйл байгаад байдгыг гадарлаад байдаг. Тэгвэл, дараах зүйлсийг бодож байсан уу?

 

  1. Өндөр ууланд авирахад хүчилтөрөгч дутагдана гэж ярьдаг, тэгвэл уулнаас өндөрт нисч байхад яагаад бид зүгээр амьсгалж болдог вэ?
  2. Олон хүнтэй онгоц байхад хүчилтөрөгч нь амьсгалсаар байгаад дуусчихдаггүй юм байх даа?
  3. Ер нь яагаад хүчилтөрөгчийн маск байдаг юм бол? гэх мэт.

 

Агаарт хүчилтөрөгчийн эзлэх хувь нь ойролцоогоор 20.95% (за 21 л гэе) байдаг ба энэ нь далайн түвшнээс үл хамаардаг. Өөрөөр хэлбэл Эверестийн оройд ч, Монголд ч, Японд ч мөн адил. Гэвч яалт ч байхгүй Эверест гэлтгүй уул гэх мэт өндөрлөг газар амьсгалахад хүнд байдаг ч, онгоцонд бид (хүн бүр адил биш ч) ихэвчлэн чих бага зэрэг өвдөөд л өнгөрдөг нь онгоц өөрөө агаарын даралтаа байнга тохируулж байдагтай холбоотой. Өндөр газар хүчилтөрөгч бага байгаадаа биш агаарын даралт бага байгаа нь биднийг амьсгалахад хүнд болгодог.

 

  1. Агаарын даралтын тохиргоо

Онгоц агаар дахь хүчилтөрөгчийн хувь хаана ч 21% л юм бол агаарын даралтыг нь л бидний амьсгалдаг газар дээр байдагтай ойрхон л болгочиход болж байгаа юм. Онгоц агаарт бүхээгийн даралтыг газар дээрх шиг биш ч, бид асуудалгүй амьсгалж болох аюулгүй даралттай (уулын орой орчимтой ойр) байхаар зохицуулдаг.

Уг нь бол өндөрт нисэх тусам агаар сийрэгжих тул, агаарын эсэргүүцэл бага болж онгоц илүү амар (бага түлшээр хол зай) нисэх боломжтой болох ч, онгоцон доторх агаарын даралтыг бидний амьсгалах боломжтой агаарын өндөр даралттай байлгаснаар онгоцны гадна болон доторх даралтын зөрүү улам ихсэнэ. Өөрөөр хэлбэл бидний үлээдэг бөмбөлөг (шаар) шиг байдалтай нисч байдаг ба байнга гадагшаа тэлсэн төлөвт байдаг гэсэн үг. Энэ нь онгоц бөөрөнхий хэлбэртэй байдгийн бас нэг шалтгаан. Хийх материалыхаа бат бөх байдал, жин гэх мэтээсээ хамаарч хэр өндөрт нисэх, хэр хол нисэх гэдэг нь хамаарах нь ээ дээ.

  1. Агаар шүүгч

(COVID-19-с шалтгаалж зарим том авиа компаниуд агаар эргэлдүүлэлтийг минимум болгож байгаа ч) онгоцны агаарын тодорхой хувь нь мөн дахин шүүгдэж ашиглагддаг. Дахин ашиглагдах агаарыг HEPA хэмээх мэс заслын өрөөнд ашиглагддаг шүүлтүүрээр цэвэршүүлдэг. COVID-19 вирусыг 99.97% шүүх боломжтой юм байна.  (эх сурвалж баталгаагүй ч, NASA-с мэдэгдсэнээр 100% шүүдэг гэсэн мэдээ ч байна). Ямар ч байсан агаар дахин ашиглагдсан ч онгоцон дотор агаар бол маш цэвэрхэн болж таарах нь.

Мэдээж чигжүү суух, маскаа зүүхгүй байх зэрэг бидний хариуцлагаас хамаарч халдварлах эрсдэл үргэлж байгаа ч, та бидний төсөөлж буй шиг битүү агаартай биш, мөн агаар нь сайн чанарын шүүлтүүрээр шүүгддэг байх нь. Цаашдаа ч гэсэн бид зөвхөн COVID-19 гэлтгүй амьсгалын замын халдварт өвчинтэй зохицож амьдарахаас өөр гарцгүй. Битүү агаартай биш тул та ямар ч байсан онгоцонд суухдаа тэгтлээ их санаа зовох хэрэггүй байх нь.

 

 

2020.10.10

Механик  Инженер

И. Өгөөмөр

 

Зургуудыг

  1. https://akipress.com/news:637308:Mongolia_freezes_all_flights_as_it_evacuated_its_citizens_abroad/
  2. https://www.jal.co.jp/jp/en/info/2020/other/200403/?location_jp
  3. https://aerosavvy.com/aircraft-pressurization/
  4. https://aircrafttechnic.com/general_aviation/what-is-the-hepa-high-efficiency-air-particulate-filter/

 

 

 

 

Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.