Лидия улсын зоосон мөнгө

Хүн төрөлхтний анхны соёл иргэншил болох Месопотамийн нийслэл Вавилон хотод МЭӨ 1754 онд ойролцоогоор 2 метр өндөр чулуун дээр сийлсэн хуулийг гаргаж тавьсан бөгөөд Хаммурабийн хууль гэдгээрээ алдартай дэлхийн анхны хууль байв. Хаммурабийн хуульд эдийн засаг, мөнгөний тухай тодорхой тусгаж өгсөн байдаг нь мөнгө хэмээх ойлголт чухал байр суурь эзэлдэг байсны баталгаа юм. Гэвч тухайн үед мөнгө нь цаасан эсвэл зоосон мөнгө биш бараа таваар болон үнэт металлын жингээр хэмжигддэг байсныг онцлох ёстой.

Зураг 1. Хаммураби хааны хуулийн хэсэг.

https://www.history.com/topics/ancient-history/hammurabi

Домогт гардгаар Лидия (МЭӨ 1200-546) улсын Кроисус (МЭӨ 595-546) хаан нэгэн зөнчөөс Персийн эзэнт улстай дайн хийвэл яах вэ? хэмээн асуухад, зөнч “та энэ дайнд агуу эзэнт гүрнийг мөхөөнө” гэж хариулсан гэдэг. Үүнийг сонссон Кроисус хаан баярлаж тэнд байсан хүн бүрт 2 алтан зоос тараасан байна. Гэвч МЭӨ 546 онд Лидия улс Персийн эзэнт улсанд ялагдаж, дээрх зөгнөл биеллээ олж агуу гүрэн мөхсөн байдаг.

Дэлхийн хамгийн анхны зоосон мөнгө 2600 гаруй жилийн өмнө Лидия улсад хэрэглээнд нэвтэрч байжээ. Анхандаа зоосыг алт мөнгөний холимгоор хийж байв. Удалгүй Кроисус хаан алтыг мөнгөнөөс ялган авч сурснаар цэвэр алт, мөнгө зоос гарч эхэлсэн. Кроисус хааны зоосон дээр нар мандаж буй арслангийн толгой эсвэл тулалдаж буй арсланг дүрсэлдэг байлаа. Үүнээс гадна энэ үед “1 алт=13.5 мөнгө” гэж тогтоосон нь алт болон мөнгөн зоосны хоорондын хөрвөх ханш буюу дэлхийн анхны валютын ханшийг тогтоож байв. Персүүд Лидия улсыг мөхөөсний дараа зоосон мөнгийг нь шууд авч хэрэглэсэн бөгөөд удалгүй эртний Грекийн хот улсуудад зоосон мөнгө нэвтэрч эхэлсэн. Улмаар Агуу Александр хаан Грек болон Персийг бүхэлд нь эзэлснээр Македонийн эзэнт гүрэн бий болж нэгдсэн зоосон мөнгийг хэрэглэж эхэлсэн юм.

Зураг 2. Агуу Александр хааны мөнгөн зоос.

Ингэж зоосон мөнгө бий болсноор бартерт суурилсан эдийн засаг шинэ шатанд гарч ирсэн бөгөөд үнэт металл ховордох, инфляци гэх мэт эдийн засгийн цоо шинэ үзэгдлүүд гарч эхэлсэн байна.

Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Alyattes

Ө. Ганзориг “Санхүүгийн философи” 2017 он.

https://www.moneymuseum.com/pdf/yesterday/03_Antiquity/01(02)%20Alexander%20the%20Great%20the%20Father%20of%20the%20First%20Single%20Currency.pdf

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *