Өнөөдөр дэлхий дээр маш олон хүмүүс харшлын улмаас шаналдаг билээ. Харшил нь бидний биеийн дархлааны системтэй холбоотой өвчин учраас эмчлэх бараг л боломжгүй харин харшлын шинж тэмдгүүдийг л багасгадаг эмчилгээ байдаг. Ихэнх харшил иммноглобулын E (IgE) ангийн эсрэг биетүүдтэй холбоотой. Хамгийн нийтлэг харшлуудын нэг болох ургамлын тоосны харшлын хувьд сийвэнгийн эсүүд ургамлын тоосны гадаргуу дээрх антигентэй өвөрмөцөөр холбогддог IgE ялгаруулснаар тоосны харшил үүсдэг. Зарим IgE холбогч эдийн mast cell-тэй (шигүү мөхлөгт эс) холбогдож, биед орж ирэх цэцгийн тоос эдгээр IgE-ийн антигентэй холбогдох хэсэгт бэхлэгдэнэ. Ингэж бэхлэгдсэнээр зэргэлдээх IgE-ийн молекулуудыг холбож тухайн шигүү мөхлөгт эсээс гистамин болон бусад үрэвслийн бодисууд ялгарахад хүргэдэг байна. Эдгээр үрэвслийн бодисууд олон янзын эсэд үйлчилж найтаалгах, нус, нулимс гоожих, хэвийн амьсгалд саад учруулах, уушгины гөлгөр булчих агших зэрэг харшлын нийтлэг шинж тэмдгүүдийг бий болгодог. Харшилтай хүмүүсийн уудаг антигистамин гэж нэрлэгдэх эмүүд гистамины рецепторуудыг хаах замаар харшлын шинж тэмдгүүдийг багасгадаг.

Зураг 1. Харшил үүсэх үйл явц. https://www.medifee.com/blog/testing-for-allergies-things-you-must-know/

Тэгвэл бид бүхэн харшлаас эхлээд амь насанд аюултай анафилакс, автоиммуны өвчин зэргийг цоо шинэ аргаар бүрэн эмчлэхэд маш ойрхон байна. Судлаачид трансген хулгана болон хүний гүйлсэн булчирхайнаас ялган авсан эсийн өсгөврийг ашиглан астма, хүнсний харшил, чонон хөрвөс зэрэг өвчнүүдээс бидний бие махбод маань хэрхэн хамгаалж болох талаар гайхалтай судалгааг хийжээ. Энэ судалгааны үр дүнд дархлааны эсээр үүсгэгддэг невритин хэмээх уургийг олж нээсэн юм. Невритин нь хортой эсрэгбие үүсгэдэг эсүүд болох хуурамч сийвэнгийн эсүүдийг дарангуйлж хортой эсрэгбиетийн үйлдвэрлэлийг зогсоодог байна. Эрдэмтэд дархлааны regulatory T cells (зохицуулагч T эсүүд) нь харшил үүсгэгч эсрэгбие болон IgE дарангуйлдаг гэдгийг мэддэг байсан ч чухам яг яаж, ямар үйл явцаар дарангуйлдаг гэдгийг мэддэггүй байлаа. Фолликуляр зохицуулагч Т эсүүд (Tfr) гэж нэрлэгддэг тусгай эсүүд нь невритин уургийг үүсгэдэг бөгөөд невритин нь IgE-ийн үйлдвэрлэлийг саатуулж, цусны сийвэнгийн эсүүдийг гадагшлуулхаас гадна өөр олон процесст оролцдог байна. Судлаачид туршилтдаа зохицуулагч T эсийн дутагдалтай буюу невритин уургийг үйлдвэрлэх чадваргүй трансген хулгануудыг харшил, анафлакс зэргээр өвчлүүлж дараа нь судсанд нь невритин уургийг тарих эмчилгээ хийхэд гайхалтай үр дүнд хүрч хулганууд эрүүл болжээ. Гэвч энэхүү судалгааны багийнхан нэг зүйлийг анхааруулж байгаа нь дархлааны систем болон бусад эсийн үйл ажиллагаанд невринтин яаж нөлөөлдгийг бүрэн ойлгоогүй байгаа юм. Невритин уургийн үйл ажиллагааг илүү сайн ойлгож, эмчилгээнд амжилттай ашиглаж чадвал дархлааны эсүүдийг бууруулж, дархлааны системийг бүхэлд дарангуйлах шаардлагагүй болох бөгөөд чонон хөрвөс, автоиммуны өвчин зэргийг бие махбодын өөрийнх нь үйлдвэрлэдэг уургаар бүрэн эмчлэх гайхалтай боломж нээгдэх юм.

Зураг 2. Хүний биеийн дархлааны эсүүд.

Эх сурвалж:

Paula Gonzalez-Figueroa, Jonathan A. Roco, Ilenia Papa et al. “Follicular regulatory T cells produce neuritin to regulate B cells.” Cell press. Published:March 11, 2021. https://doi.org/10.1016/j.cell.2021.02.027

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *