Таны нэг цаг хэдэн төгрөгийн үнэ цэнтэй талаар та бодож үзэж байсан уу? Хүн бүрт өдрийн 24 цагийн л нөөц байгаад та хэдийг нь ажил хийхдээ зарцуулж тэндээсээ ямар орлого олж байна вэ? Гэр бүлдээ, хүүхдэдээ, найз нөхдөдөө, өөрийнхөө хобби сонирхол, нийгмийн сайн сайханд бүгдэд нь хүссэн хэмжээний цагийг зарцуулж чадаж байна уу. Монгол хүн дунджаар 65, 75 насалдаг, буюу та бид ердөө л 569,400 цаг амьдраад л ертөнцийн мөнх бусыг үзүүлнэ. 

Бид энэ нөхөгдөшгүй, худалдаад авчих боломжгүй хязгаарлагдмал цаг хугацааг хэдхэн минут, секундээр хэмнэхийн тулд өндөр хурдтай шинэ компютер, утас, машин хувьдаа маш их хөрөнгөөр авдаг. Гэтэл, одоо бид зүгээр л хот дотроо зорчихдоо өдөр бүр 1, 2, 3 цагийг УБд үргүй алдаж, замын түгжээд дээрэмдүүлж байна. Өдрийн 2 цаг бол дунджаар таны амьд байх хугацааны 8%, ажиллах, унтахыг хасаад, өөртөө болон гэр бүлдээ зарцуулж болох хугацаа өдөрт ердөө л 8 цаг гэвэл та 2т нь түгжирч байна. 

ШИЙДЭЛ

Та бүхэндээ Японы инженер судалгааны баг тэртээ 2013 онд Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг судлаж олсон шийдлийг танилцуулахаар шийдлээ. ЖАЙКА буюу Японы олон улстай хамтран ажиллах байгууллагын санхүүжилтээр хийгдсэн энэхүү Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/ нь нийслэл хотын маань тээврийн урсгал, гол замуудын ачаалал, мөн хот улсын хэмжээний эдийн засгийн байдал зэрэг бүхий л хүчин зүйлийг ерөнхийд нь тооцсоны үндсэн дээр бий болжээ. Судалгааны багийн хувьд сүүлийн хагас зуунд Зүүн Европ, Өмнөд Америк, Хойд Африк болон Ази тивийн бүхий л эрчимтэй хөгжиж буй улсуудын дийлэнхид нь Метро, нийтийн тээврийн сүлжээг төлөвлөж, барилцсан олон улсын туршлагатай Японы зөвлөх инженерүүд хийжээ. 

Одоогийн УБ хотын мастер төлөвлөгөө 1975 онд 350 мянган хүнтэй 10 мянган машинтай байх үед дээд тал нь 500 мянган оршин суугчтай байна гэж хийгдэж байжээ. Тэр үед нийт суугчдын 2.9% нь л машинтай байж. Гэтэл 2010 онд УБ хот 1.11 сая хүнтэй, 167 мянган машинтай хот болсон бол өнөөдөр 2020 онд 1 сая 500 мянган хүнтэй, 500 гаруй мянган машинтай хот болсон байна. Маш олон асуудлууд байгаа ч, зүгээр л энгийнээр хотын маань даац хэтэрчихсэн, одоо буй авто замууд яагаад ч бидний хөдөлгөөнийг дийлэхгүй л болчихсон гэсэн үг. 2013 оны судалгаа дээрх ирээдүйг харсан прогнозтой 2020 оны байдлаар бодит өсөлт таарч байгааг та доорх хүснэгтээс харж болно.

График 1. Монгол улс ба УБ хотын хүн амын өсөлтийн төлөв

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Доорх УБ газрын зураг дээрх улбар шар шугам нь хамгийн түрүүнд баригдах метро шугам ба Ногоон, Улаан, Цэнхэр шугамууд бол Bus Rapid Transit /BRT/ буюу тусгай шугамын автобусууд юм. Тусгай шугамын автобусууд мөн цаг үед Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хослон баригдах төлөвлөгөөтэй байсан билээ. 

Энэ төслүүдийн үр дүнд бид өдөр тутам машин арчилж, зогсоол хайх биш, хотын аль ч цэгээс тусгай шугамын шуурхай автобусаар дамжаад, хотын өөр хол хэсгүүдэд метронд сууж богино хугацаанд А цэгээс Б цэгт саадгүй, яг төлөвлөсөн цагтаа очих боломжтой болох байжээ. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу, аль ч буудал дээр төлөвлөсөн цагтаа автобус, метрод сууж болдог болох байсан.

УБ хот байгалийн тогтоцоос хамаарч зүүнээс баруунлуу сунаж тэлсэн, цаашдаа ч Яармаг, Толгойт гээд урт чиглэлдээ л тэлэх төлөвтэй учир анхны шугам ингэж тогтоожээ. Зурагт харагдаж буй дагуу анхны метро шугам маань Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7км урт байх ба, Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл газар доогуур, бусад хэсэгт замын гол хэсгийн дээгүүр өргөгдсөн байх юм. Энэ хооронд 14 буудал байрлах ба Толгойтоос Амгалан хүртэл ердөө 27 минутад хүрнэ. Хэдийгээр туннэл, гүүрэн байгууламж нь зардал өндөртэй ч, газрын түвшний авто замтай холилдож, мөргөлдөхгүй учраас бидний өдөр тутмын амьдралд ямар ч төвөггүй, автозамд сөрөг нөлөөгүй. 

График 2. УБ хотын нийтийн тээврийн ерөнхий төлөвлөгөө

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВ

Доорх зураг бол 2013 оны судалгаагаар 2030 оны УБ хотын замын ачаалалын төлөв. Гэтэл өнөөдөр 2020 онд л иймэрхүү дүр зураг аль хэдийн үүсчихээд байна. Зурагт буй VCR (Volume to Capacity Ratio) нь замын ачааллыг багтаамжид нь шууд харьцуулсан нэгж юм. Энэ тоо 1.5 аас хэтэрвэл хөдөлгөөн зогсолтод орсонд тооцдог. Та энэ улаан замуудын алинд нь өдөр бүр түгжирч байгаа вэ? 

График 3. УБ хотын замын хөдөлгөөн 2030 онд

ШУТИСн судлаач Доктор Х.Булгаа 2014онд л гэхэд автобусын даац 56% хэтрэлттэй байгааг судалгаагаараа илтгэж байв. Гэтэл нийт автобусны 35% гаруй нь ганцхан Энхтайвны өргөн чөлөөгөөр явдаг байна. Та ч анзаардаг байх Бөхийн өргөөний буудлаас Баруун 4 зам хүртэл 1р эгнээгээр автобусан хана үүсээд гацчихдагийг. Автобусны ачаалал хэт хэтэрсэн, автобусны тоог нэмэх гэтэл замын даац тулчихсан, замаа нэмэх гэтэл газар үгүй учир газрын түвшнээс дээш эсвэл доош хөгжихөөс өөр гарц бидэнд байхгүй.

График 4. УБ хотын тээврийн эрэлт ба өсөлтийн төлөв

Ирээдүйн УБ хотын иргэдийн тээврийн хэрэгцээний өсөлтийг та дээрх график дээрээс харж болно. 2020 оноос хойш ч жил бүр 3.4% аар бидний тээврийн хэрэгцээ нэмэгдэнэ. ОДОО БАЙГААГААС ТҮГЖРЭЛ УЛАМ БҮР ДОРДСООР БАЙХ БОЛНО ГЭСЭН ҮГ.

Түгжрэл бууруулах хамгийн том алхам нь доорх графикт буй цэнхэр багана дах хувийн машин хэрэглэгчдийг ногоон буюу нийтийн тээврийн хэрэглэгч болгох юм. Таны харж буйчлан, өрхийн орлого нэмэгдэх тусам хүмүүс хувийн машин их унаж байна. Боломжтой хүн бүр хүйтэн, бохир хэзээ ирэх нь мэдэгдэхгүй одоогийн автобусаас дайжих нь тодорхой. Тийм учир, нийтийн тээврийн хүрэлцээ, чанарыг дээшлүүлж, сонголттой болгож байж л хувийн машин багасна. 

График 5. УБ иргэдийн тээврийн сонголт, өрхийн орлогоор ангилагдсан нь

МЕТРОНЫ ҮНЭ БА ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ

Эл төслийг зогсоосон хамгийн том шалтаг бол өндөр үнэ ба Монголын эдийн засгийн чадамжгүй байдал. 2013 онд энэ төсөл 1.5 тэрбум Ам.доллар болно гэж төлөвлөгдсөн. Энэ дотор дэд бүтэц барьж байгуулах зардал 1.3 тэрбум ба цахилгаан тэрэг нь 200 гаруй сая Доллар болох тооцоотой.

Судалгааны багийн санал болгосон санхүүжилтийн схемийг амарханаар тайлбарлавал, дэд бүтцийг улс хөрөнгөө оруулж мөн эзэмшиж (авто замтай адил), харин цахилгаан тэргийг үйл ажиллагаа хариуцсан УБ Метро ТӨХК хөрөнгө оруулж эзэмшинэ. Ингэснээр УБ МЕТРО компани метроны үйл ажиллагаанаас олсон орлогоороо үйл ажиллагаа болон цахилгаан тэргийн хөрөнгө оруулалт болох 200 сая доллараа төлөх ба жил бүр тогтмол дэд бүтэц ашигласны түрээсийг улсад төлөх юм.  

График 6. Метро төсөл хэрэгжүүлэх байгууллагын ерөнхий бүтэц

Метрогоор зорчих тасалбарын үнэ тухайн үеийн автобусны үнэтэй ойролцоо (дундажаар 600 төгрөг) байхаар тооцоход жил бүр анхны хөрөнгө оруулалтын 3%ийг эргүүлэн төлөх боломжтой байхаар тооцоологджээ. 

Төсөл хэрэгжүүлэх гол зорилго нь эл бизнесээс шууд ашиг гаргах биш, хотын оршин суугчдын хувийн автомашинд гаргах зардал, түгжрэлд алдаж буй цаг хугацаа, шатахуун, зогсоолын урсгал зардал мэтийг бууруулах билээ. Мэргэжлийн хэллэгт эдгээрийг VOC Vehicle Operation Cost буюу метрогүй үеийн иргэдийн хувь машиндаа гаргах зардал, TTC Travel Time Cost буюу иргэн бүрийн түгжрэлээс болж алдаж буй цаг, хөрөнгийн зардал юм.  

Өөрөөр хэлбэл 1.5 сая хүний өдөр бүрийн 1,2,3цагийн түгжрэл ба шатахуун, агаар болон дуу чимээ орчны бохирдол, автомашин эзэмших урсгал зардал (худалдаж авах үнэ, зогсоол засвар гэх мэт) ийг мөнгөөр үнэлвэл 1.5 тэрбум доллараас хавь илүү давна гэдэгтэй та маргахгүй биз ээ.

САНХҮҮЖИЛТ

График 7. Санхүүжилтийн схем

Санхүүжилтийг 2013 онд дээрх графикаар санал болгож байжээ. Засгийн газар дэд бүтцийн 1.3 тэрбумыг Япон хөнгөлөлттэй зээлээр 600 саяыг, Засгийн газрын төсвөөс 700 сая (үүнд улсын жинхэнэ төсвөөс 200 сая, Хүний хөгжлийн сангаас 300 сая, олон улсын бондуудаас 200сая) босгохоор төлөвлөв. Японы хөнгөлөлттэй зээлийн хувьд эхний 12 жил эргэн төлөлтгүй, 13дах жилээс жилийн 0.1% хүүтэй 40 жилийн хугацаатай маш зөөлөн зээл байсан. Харин, УБ Метро компани цахилгаан тэрэг болон үйл ажиллагааны зардлын 200 саяыг Хувийн байгууллагуудын хөрөнгө оруулалт болон Олон улсын хөнгөлөлттэй зээлүүдээр босгох тооцоотой байжээ.

Энгийнээр хэлбэл, эдгээр зардал нь төслийн явцад 8 жилд хуваагдаж гарах учир төсөвт дарамт учрахгүй, олон улсын зээлүүд зөвхөн хөнгөлөлттэй зөөлөн нөхцлийн байхаар тооцсон. Монголтой ойролцоо хөгжилтэй Азийн олон улсууд яг ийм хэлбэрээр төслөө эрчимтэй хөдөлгөж, зарим улсууд хэдий 2,3р шугамын ажлуудаа эхлүүлээд байгаа билээ. 

График 8. Метротой болсон Монголтой ойролцоо хөгжилтэй орнууд 2011 оны байдлаар

ХОТЫН ИРЭЭДҮЙН ТЭЛЭЛТ, ХӨГЖИЛ

Нэг Га газарт гэр хороололд дунджаар 26 хүн, орон сууц хороололд 183 хүн амьдарч байна. Монгол орны хүйтэн цаг уураас улбаалж хотын ирээдүйн хөгжил орон сууц дагнах буюу харьцангуй нягтаршилтай дэд хотууд, хотхонуудаар өргөжинө. Ийм орчинд төвлөрсөн нийтийн тээвэр л голчилохгүй бол шинэ шинэ түгжрэлийн бүсүүд үүссээр л байх болно. Саяхнаас Яармагийн зам шинэ түгжрэх бүс болж буйтай яг ижил. 

График 9. УБ хотын хүн амын нягтшил бүсээр

Хэтийн төлөвт, УБ хотын нийтийн тээвэрт (метро, автобус хамт) хэвтээ чиглэлийн 3 шугам, босоо чиглэлд 7 шугам ба Урд Хойд холбосон нэг урт шугам хэрэгцээтэй. УБ хотын төлөвлөлтийн талаар дараагийн нийтлэл тусдаа гарах болно. 

График 10. УБ хотын нийтийн тээврийн ерөнхий төлөвлөлт

Дүгнэлт:

Метро гэдэг нь дан ганц нийтийн тээврийн шинэчлэл биш, та бидний амьдрах хэвийг өөрчлөх юм. Өнөөдөр явж байгаа нийт автобусын 36% Энхтайвны өргөн чөлөөгөөр явдагаа болиж бусад чиглэлээс метро буудал руу хүргэх богино эргэлттэй болсноор хотын хаанаас ч түргэн хугацаанд автобус, метронд сууж чадах ба метроны буудлууд нь олон хүн дайран өнгөрөх бизнесийн чухал газрууд болох юм. Ингэснээр зөвхөн хотын төв биш бүх буудлуудын ойр орчим нь хотын дэд төвүүд болж хөгждөгийг Метротой хотод аялж үзсэн хүмүүс маань гадарлах болов уу. Мөн түүнчлэн Толгойт, Амгалангаас хотын төврүү 20 гаруй минутад найдвартай хүрдэг болсноор хотын энэ захууд жинхэнэ утгаараа дагуул хот болж хөгжих суурь нь болох юм. 

Өндөр хөгжилтэй хотуудын зочид буудлууд Airbnb, кино театрууд Netflixд, такси үйчилгээ Uber т буюу бүхий л зүйлс илүү түрээсийн, олноороо хувааж хэрэглэдэг хэлбэрт орж байна. Мэдээллийн технологийн ачаар үр ашигтайгаар хүмүүс эд зүйлсийг дундаа хэрэглэснээр ЭЗийн хэмнэлттэй, байгаль орчиндоо ээлтэй нийгэм бүтэж байна. УБ маань ч бас ойрын 10 жилдээ хувь хүн машин авах шаардлагагүй, нийтийн тээврээр өдөр тутам зорчдог, чухал үеүүдэд яг түүндээ таарсан автомашинаа түрээслэчихдэг хот болоосой гэж хүссэндээ энэхүү нийтлэлийг бичлээ. Бид бүгд ийм хотыг төсөөлж бас хүсч чадвал, бидэнд бүх нөөц бололцоо хангалттай бий гэдгийг танд би амлъя.

Төслийн албан ёсны танилцуулгыг доор үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=Xi5ph49xTR0

Ашигласан сурвалжууд:

https://openjicareport.jica.go.jp/pdf/12119830_01.pdf

https://www.adb.org/sites/default/files/project-document/64663/39256-mon-tacr.pdf

https://mrtd.gov.mn/report/Summary-Metro%20project%20by%20JICA_EN_final.pdf

https://transport.ub.gov.mn/en/?p=1275

https://mrtd.gov.mn/up/news/BodlogoTululvlult/2019-STATISTIC-MRTD.pdf

http://ubstat.mn/Report

https://ikon.mn/n/1c1j

https://ubinfo.mn/read/7448

By Dalai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *