Замын түгжрэлийн асуудал ид хэлэлцэгдэж эхэлж байгаа үед дэвшүүлэх нэн түрүүнд хийх ёстой нэг ажил бол бага сургуулиудыг бүрэн автобусжуулах гэж бодож байна. 2023-2024 хичээлийн жилд Хувийн сургуулиуд нийт 238 автобус, Улсын сургуулиуд 50 автобусаар үйлчлэхээр байгаа ч энэ бол дэндүү хангалтгүй тоо учраас, энэ нийтлэлээр яагаад бид зайлшгүй бага ангийн хүүхдийг зориулалтын сургуулийн автобусаар зөөх шаардлагатай талаар дэлгэрүүлье:

2019 оноос хойш 4 дэх жилдээ дараалан УБ хотын захиргаанаас Сургуулийн Автобус Төсөл хэрэгжүүлж байгаа ч, өнөөдрийн байдлаар 50 ширхэг автобустай л сууж байна. Мөн, авто замын ачааллыг бууруулахын тулд дан ганц автобус худалдаж авах биш доорх дурдсан ажлуудыг цогцоор хийх шаардлагатай гэж бодож байна.

А-ажил: Хувийн ЕБС ууд дах бага ангийн сурагчийг зөвхөн сургуулийн автобусаар зөөдөг болох,

Б-ажил: Улсын сургуулиудад бага ангийн хүүхдийг зөвхөн оршин суух хаягийн дагуу сургуульд сургах,

В-ажил: Төвлөрөл багатай бүсийн улсын сургуулиудыг сургуулийн автобусаар (зөвхөн бага анги) хангах.

Өмнөд Солонгос Улсын хүүхдийн автобус жолооч ба үйлчлэгчийн хамт ажилдаа гарах мөч:

2022 оны судалгаагаар Их Тойруу доторх улсын 27, хувийн 36 сургуулийн 73822 сурагчийн 21.6% буюу нийт 15958 хүүхэд өдөр бүр хувийн автомашинаар хүргүүлсэн байна. Бага сургуулиудыг бүрэн автобусжуулснаар зөвхөн Их Тойруу дотор л гэхэд оргил цагт зам дээр буй 16 мянган машины тоог (УБ даяар нийт 100 мянга гаруй автомашин зэрэг зорчдог) даруй 10~20 дахин шууд бууруулах боломж харагдаж байна. Тээврийн Цагдаагийн газрын мэдээлсний дагуу бол сурагчдын амралтын үеэр замын ачаалал оргил цагт 30% хүртэл буурч байсан байна. Үүнээс ч улбаалж ЕБС уудын хичээллэх цагийг сөөлжлүүлж үзсэн билээ.

Үүгээр тогтохгүй хүлээж болох том үр дүн нь хэн нэг асран хамгаалагч өдөр бүр хүүхдээ зөөдөг байсан олон цагийг хэмнэх, хүүхэд зөөхийн төлөөх авто машин авах зардлыг бууруулах гэх мэт. Энэ ерөөсөө тийм шинэ санаа, Японы онцлог систем энээ тэрээ огт биш, ихэнх улсууд хэрэгжүүлдэг бүх оролцогч талуудад эерэг үр өгөөжтэй систем билээ. Нийтийн тээвэр маш муу, бараг бүх л иргэн нь хувийн автомашинтай АНУ ын хөдөө тосгон ч сургуулийн автобусаар ахлах анги хүртэлх бүх хүүхдийг зөөдөг гэдгийг өөрөө нэг улирал тэнд сурагч солилцоогоор сурахдаа зөөлгөж мэдсэн.

А-ажил:

Одоогийн нөхцөл байдал:

8 эсвэл 9 цагаас эхлэх сургуульд ажлын цаг нь давхцах эцэг эхүүд өөрсдөө хүргэх боломжгүйгээс гэр бүлийн хэн нэгнээ үргэлж гуйж, нэг хүүхдийг сургуульд зөөх нь өөрөө нэг хүний бараг хагас өдрийн ажил болчихоод байгаа юм. Хүүхэд зөөхийн төлөө нэг хүн тогтмол ажиллахаас гадна, хувийн автомашинтай байх, автомашинийг дагалдаад татвар, замын төлбөр, түлш, зогсоолын зардал дагалдана.  Та аль нэг хувийн сургуулийн үүдэнд өглөө очоод ажвал сургууль орчмын зогсоол хүрэлцэхгүй улмаас торгуулах эрсдэлтэйгээр хууль бус газар тэргээ тавиад, гарцгүй ч хамаагүй газраар хүүхдээ тэврээд гүйж байгаа маш олон эцэг эхийг харж болно. 300 бага ангийн хүүхэдтэй сургууль бүрийн орчимд 300 автомашины зогсоол байгуулах боломжгүй шүү дээ. Барьсан ч 300 дах зогсоолд тавьсан хүн хэдэн км алхаж байж сургуульдаа хүрэх болох вэ.  Хүүхэд ч энэ хүндрэлтэй байдлаас болж осолд өртөх, хичээлээсээ хоцрох, эсвэл үргэлж л хэн намайг маргааш хүргэх вэ гэсэн мөнхийн асуудалд өртөж байна. Үр дүнд, хотын автозам ын ачаалал ч сурагч хүүхдийн тоогоор нэмэгдэж байна. Тээврийн цагдаагаас өгсөн мэдээллээр сургуулийн улиралын амралтын үеэр зарим хэсгээр автозамын ачаалал 30 хүртэлх хувиар буурсан байна. 

зургийг isee.mn

Шийдэх Санаа:

1.       2024 эсвэл 2025 оны 9.1 гэхэд хувийн сургуулиудыг бага ангийн хүүхдийн (гэр нь сургуулийн орчимд хүүхдийг хасаад) тоогоор автобусны суудалтай болохыг УБ хотын журам, боловсролын байгууллагын лицензийх нь шаардлага ч юм уу, аль нэг байдлаар дүрэмд оруулах. Хувийн сургуулиудын холбоотой хамтран ажиллаж, холоос зөөлгөдөг бага ангийн сурагчдыг магадгүй 40,60,80%ийг үе шатлалтайгаар автобусаар зорчдог болгох.

2.       Ингэхдээ дан ганц журамлах биш хувийн сургуулиудыг автобус худалдан авах боломжоор хангах нь зүй. Автобусын импортыг бүх татвараас чөлөөлөх, автобус худалдан авахад зориулж нэн хөнгөлөлттэй зээл олгох, хүүхэд тээвэрлэх логистик төлөвлөлт, аюулгүй байдлыг хангах зэрэг цогц зөвлөх үйлчилгээг санал болгох, хүүхдийн автобус жолооч, автобус дах үйлчилгээний ажилтныг олон тоогоор бэлтгэх, сургалт зохион байгуулах, эдгээр мэргэжлийг тодорхой байдлаар лицензжүүлэх гэх мэт ажлуудыг хийж болох юм.

3.       Бага насны хүүхэд зөөх учир автобус нь бага дунд оврын, хүүхэд бүр суудлын бүстэй суудалд суух, тэгээд жолоочоос гадна хүүхдүүдийг арчлах үйлчилгээний ажилтан шаардлагатай болно. Энэ нь эргээд нилээдгүй тооны жолооч, (асрагч) үйлчлэгчийн ажлын байр үүсгэнэ.

4.       Эхний Капитал хөрөнгө оруулалт төсөвт суулгах боломжгүй бол олон улсын донор байгууллагуудаас энэ төслийг бариад явах төсөл хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олдох байх гэж итгэж байна. Энэ төсөл нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17-зорилгын 4. Чанартай боловсрол 11. Ээлтэй хот, 13. Уур амсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах гэх заалтуудтай тохирч байна.  

Эрсдэл

1.       Мэдээж 6 настангуудыг автобусаар зөөнө гэхээр эцэг эхчүүдийн толгойд буухад хэтэрхий эрсдэлтэй санагдах, хүүхдийн автобустай холбоотой ослын ч эрсдлүүд бас үүснэ. Японд гэхэд 2022 оны зун автобусын жолооч, үйлчлэгч 2 нэг хүүхдийг автобус дотор мартаж түгжснээс болж зуны халуунд хүүхдийн амь эрсдсэн хэрэг гарсан. Хүүхэд орхигдуулах энэ эрсдлийг бууруулдаг шийдлүүдээс нэгийг дурдахад, АНУн хүүхдийн автобусууд бүхээгийн төгсгөлд дохиолол унтраах товчлуур суурьлуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл хөдөлгүүр унтраагаад жолооч заавал автобусны арын хаалга хүртэл өөрийн биеэр нэг удаа явж байж л тэргээ түгжинэ. Энэ явцдаа мэдээж унтаад үлдсэн ч юм уу хүүхдийг заавал шалгахаар болж байгаа юм.

Хүүхдийг аюулгүй баталгаатай хүргэхийн тулд автобус бүрт жолоочоос гадна үйлчилгээний ажилтан ажлуулах шаардалагатай. Энэ хүн хүүхэд бүрийг тогтсон цэгт эцэг эхийн гараас гартаа авч автобусандаа суулгаад бүсийг нь зүүлгэх, автобус нь сургуулийн зориулалтын зогсоолд хамгийн ойр зогсч автобусаас шууд сургууль руу оруулах.  Орой өөрийн хүүхдүүдийг бүртгэж суулгаж аваад тогтсон цэгт хүүхэд бүрийг эцэг эхийх нь гарт дамжуулж өгөх юм. Өөрөөр хэлбэл хүүхэд бүрийг нэг хүн зөөхийг, автобус ба мэргэшсэн жолооч, үйлчлэгч 2оор орлуулж 10~20 эцэг эхийн ажлыг 2 мэргэшсэн хүн хийх юм.

2. Дараагийн нэг хүндрэл нь өвлийн хүйтэнд автобус хүлээгээд жаахан хүүхдүүд гадаа даараад зогсох уу гэдэг асуудал. Бага ангийн зориулалтын автобус нь бага, дунд оврынх байх учир нэг автобус олон хол газруудаар дайрахгүй, 1 дүгээр эгнээгээр давуу байдлаар зорчих тул арай хурдан, мөн хаана явааг нь зүгээр энгийнээр бодсон ч мессенжэр дээр жолооч эцэг эх нар нэг груп болоод л байршлаа шейр хийчихнэ шүүдээ.

Таамаглах үр дүн:

1. Маш олон эцэг эхчүүд хүүхдээ зөөх том ажлаас чөлөөлөгдөнө. Дагаад олон ч айл автомашин худалдан авах хэрэгцээ буурна.

2. Хотын авто замын ачаалал оргил цагуудад мэдэгдэхүйц буурна.

3. Сургууль орчим өглөө оройны хэт их машины төвлөрөлгүй амар тайван болно. Сургууль гэдэг автомашины паркинг төв биш, эргээд хүүхдийн орчин болно. Зөвхөн автобус л зогсоно.

4. Хүүхдийн автобус дугаарын хязгаарлалтгүй, нэгдүгээр эгнээгээр зорчино мөн сургуулийн автобус гэсэн тэмдгэлгээтэйгээр зорчсноор хүүхэд хувийн тэргээр зөөлгөснөөс богино хугацаанд хүргүүлэх боломж үүснэ. Жолооч нар ч хүүхэд тээвэрлэж байгаа автобусыг хүндэлж, давуу байдал олгох эерэг нөлөөлөл үүсгэх.

Мэдээж хувийн сургууль бүрт маш олон тооны бага насны хүүхэд тээвэрлэх боломжтой жижиг, дунд оврын автобус худалдаж авах, эцэг эхчүүд сар бүр тогтмол автобусын төлбөр төлөх нь хүнд тусах санагдаж магадгүй. Бүх зүйлийг тооцоод нэг хүүхдийн тээврийн төлбөр сарын хэд гээд шууд би энд хэлэх боломжгүй ч, сарын 22 өдөр бүр нэг хүн хагас өдрөөр ажиллаж, нэг хувийн тэрэг ашиглахаас өрхийн санхүүд шууд утгаараа хямд тусах, гэр бүлийн өдөр тутмын нэг стресс арилах болов уу гэж таамаглаж байна. Америкт гэхэд хүүхдүүд сургуулийн автобусаар зорчих нь хувийн унаанаас 70% аюулгүй байдаг гэсэн судалгаа ч байна. Сургуулийн автобусын үйлчилгээ үзүүлдэг тусдаа компани ч үүсч болох юм.  Аль хэдийн сонголтоор Сургуулийн Автобус үйлчилгээ үзүүлдэг хувийн сургуулиудаас үнийн судалгаа, туршлага хуваалцвал талархана. Бага насны хүүхэдгүй танд ч ядаж л автозамын ачаалал буурч, зам дээр такси олдох магадлал тан ч эрс нэмэгдэх эерэг үр дүн мэдрэгдэх болов уу. Магадгүй бага насны хүүхэдтэй танай ажилтан ажлаасаа хоцордогоо болих болов уу.

Б ажил: Улсын сургуулиудад бага ангийн хүүхдийг зөвхөн оршин суух хаягийн дагуу сургуульд сургах.

Энэ талаар надад судалсан зүйл бага ч, хүүхдийн аюулгүй байдал талаас бодвол адилхан л улсаас ижил төсөв авч байгаа сургуулиудаас бид ижил стандартын үйлчилгээ авна гэж үзээд хамгийн ойр сургуульдаа явах нь зүй болов уу гэж бодно.

В ажил: Төвлөрөл багатай хэсгүүдийн улсын сургуулиудад яалтчгүй сургуулийн автобус шаардлагатай. 

А хэсэгт дурдсан ижил стандарттай сургуулийн автобусаар төвлөрөл багатай бүсийн Улсын ЕБС-уудыг хангах ёстой. Энд л нөгөө улсын, хотын төсвөөр худалдаж авч буй автобусуудыг ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж хөрөнгө оруулалт их шаардах ч, замын түгжрэлийн эсрэг жилийн 420 тэрбумийн төсвөөс ч болтугай ядаж жил бүр 100 автобус шинээр нэмээд байгаасай. Мөн, нийтийн хэрэглээний том оврын автобус огт тохиромжгүй, бага насны хүүхэд зорчих боломжгүй гэдгийг анхаарууштай.

УБ хот аль хэдийн маш удаанаар хийж байгаа ажил ч гэлээ, олон нийт шийдвэр гаргагч нар маань сургуулийн автобусны хэр чухлыг дахиж нэг бодоод, хэлэлцээд, илүү төсөв, илүү анхаарал хандуулж үр дүнд хүрээсэй гэсэн зорилгоор бичлээ. Мөн, дан ганц автобус авах бус, 1.хувийн хэвшлүүдээ уриалах, тэднийг бүрэн автобусжуулахад шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэх, 2.улс хувь гэлтгүй нэгдсэн сургуулийн автобусын стандарттай болох, сургуулийн автобусийг давуу эрхтэйгээр 1р эгнээгээр зорчуулах гэх мэт, 3.Мэргэшсэн жолооч, үйлчлэгч нарыг бэлтгэх, 4. Төсвөөс гадуурх санхүүжилт эрэлхийлэх гэх мэт ажлуудыг хийгээсэй, олон нийт эдгээр ажлуудыг дэмжээсэй гэж бичлээ. Дуустал нь уншсанд баярлалаа.

https://www.the-daily-record.com/story/news/education/2022/08/29/dalton-local-school-buses-get-safety-alarms-so-no-child-is-left-behind/65410843007/

By Dalai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *