Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн нийтлэлийн сэдвийг хоол хүнстэй холбоотой гэдгийг гарчигнаас хараад та гадарласан болов уу. Бид бүгдээрээ  амьдрахын тулд заавал ямар нэг зүйлийг идэх хэрэгтэй байдаг. Хоол хүнс бол хүн төрөлхтөний хувьд зайлшгүй шаардлагатай амин чухал хэрэгцээний нэг. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн бол Монголчууд бидний хувьд хамгийн өргөнөөр хэрэглэдэг, бидний өдөр тутмын хоолонд голлох байр суурийг эзэлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэр ч утгаараа энэ удаагийн нийтлэлийнхээ сэдвийг мах, махан бүтээгдэхүүнтэй холбож бэлтгэхээр шийдсэн юм. 

Та урьд өмнө нь бид ер нь махчин амьтан юм болов уу, аль эсвэл өвсөн тэжээлтэн амьтан юм  болов уу? Бидний бие организм ямар хүнс идэхэд зориулагдсан байдаг юм бол? гэдэг талаар бодож байсан удаа бий юу?

Бараг бүх л цагаан хоолтон хүмүүс, бидний бие организм мах идэхэд зориулагдаагүй байдаг гэж ярьж бичих нь ч олонтаа. Гэвч үнэхээр тийм юм гэж үү? Бидний нарийн, бүдүүн гэдэс мах болон махан бүтээгдэхүүнийг задлахад шаардлагатай хүчлүүдийг ялгаруулж чаддаггүй гэж үү? Энэхүү эргэлзээтэй асуултнуудад хариулъя. Түүний тулд эхлээд хүний хоол боловсруулах эрхтэн, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалттай маш товч танилцацгаая.

Хоол боловсруулах үе шат, аманд орох цагаас эхэлнэ. Бидний шүд хоол хүнсийг жижиглэн буталж, шүлсний булчирхайн ялгаруулах шүлсэнд агуулагдах ферментүүдийн тусламжтайгаар анхан шатны боловсруулалт явагдана. Үүний дараа залгигдсан хоол улаан хоолойгоор дамжиж ходоодонд очно. Харин ходоод, орж ирсэн хоолыг өөрөөсөө ялгаруулах хүчлийн тусламжтай задалж, элэг харин шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэж өгч цааш нарийн гэдэс рүү дамжуулна. Ийнхүү хагас боловсруулагдсан хоол маань нарийн гэдэст орсон цагаасаа эхлээд, нойр булчирхайн ялгаруулах ферментийн тусламжтайгаар  маш жижиг болж задарна. Тэгснээрээ задарсан хоол нарийн гэдсээр дамжин явах замдаа шаардлагатай эд эсүүдэд хүрж эхэлдэг юм. Ийнхүү хоол бүдүүн гэдэст орж ирэхэд, түүнд агуулагдах ус, амин дэм гэх мэт зарим бодисуудыг хүний бие шингээж авна. Харин шингээгдээгүй үлдсэн хоолны хэсгүүд ялгадас болж шулуун гэдсээр дамжин биеэс гадагшилдаг. Ерөнхийд нь товч тайлбарлахад ийм байдаг байна. 

    За тэгвэл махчин болон өвсөн тэжээлтэн амьтдын хоол боловсруулах эрхтэн, бүтэц зохион байгуулалттай ч гэсэн товч танилцъя.  Жишээ болгож бүх араатны хаан гэгддэг арсланг авч үзье.

Махчин амьтан 

   Арслангийн хувьд хоол боловсруулах үйл явц нь хүнийхтэй харьцуулахад зарчмын хувьд бараг ижил гэж хэлж болохоор боловч, зарим нэг эрхтэнгүүд дутуу байдаг байна. Ерөнхийд нь хэдэн үгээр дүгнээд хэлэхэд арслангийн хоол боловсруулах тогтолцоо хүнийхээс хэд дахин энгийнээр явагддаг гэнэ. Тэд хурц соёоныхоо тусламжтайгаар идсэн хоолоо маш нарийн жижиглэж бутлаж чаддаг. Түүний дээр арслангийн ходоод хүнийхээс 10 дахин илүү хүчлийг ялгаруулах чадвартай байдаг учраас хоолыг маш хурдан задалж чаддаг байна. Үүнээс харахад бид дандаа мах идээд байж болохгүй бололтой. Учир нь бидний ходоод, тэр их хэмжээний махыг боловсруулахад шаардлагатай хүчлийг ялгаруулж чаддаггүй гэдэг нь нэгэнт батлагджээ.

Өвсөн тэжээлтэн

     Тэгвэл эсрэгээрээ өвсөн тэжээлтэн амьтдын хоол боловсруулах эрхтэн, бүтэц зохион байгуулалтыг сонирхож үзье. Өвсөн тэжээлтэй амьтад дан ганц ургамал, өвс ногоогоор хооллодог учраас биендээ шаардлагатай тэжээлийг авахын тулд биеийнхээ уртаас ойролцоогоор 10 дахин урт нарийн гэдэстэй байдаг байна. Тэдний идсэн хоол хүнс нь бүдүүн гэдэс рүү орохоосоо өмнө энэхүү урт нарийн гэдсээр дамжиж боловсрогдох явцдаа биеийг тэжээж өгдөг гэнэ. Тийм учраас өвсөн тэжээлтэй амьтныг мах идлээ гэж үзэхэд тэрхүү мах нь нөгөөх урт нарийн гэдсээр дамжин явахдаа маш урт замыг туулах учраас зарим нь боловсрогдож чадалгүй, тэндээ үлдэх болж таарна. 

Бид махчин амьтан уу? Өвсөн тэжээлтэн үү?

     Харин хүний хувьд, бидний нарийн гэдэсний урт, биеийнхээс 3-4 дахин урт байдаг гэнэ. Энэ нь махчин амьтантай төстэй гэсэн үг болно. Үүнээс үзэхэд хүн гэдэг мах болон ногооны зөвхөн аль нэгийг нь дагнаж хэрэглэх нь угаасаа заяагдмал бие организмын бүтэц онцлогтой таарахгүй гэдэг дүгнэлтэд хүрч болохоор юм. Тийм учраас энэхүү нийтлэлээрээ дамжуулж, хамгийн ихээр хэлэхийг хүссэн зүйл маань идэж байгаа хоол хүнсээ зөв сонгож, хэмжээг нь тааруулж идэхийг зөвлөж байна.  Монголчууд бид эрт дээр үеэс таван хошуу малаа өсгөн үржүүлж, тэднийхээ үр шимээр амьдарч ирсэн ард түмэн. Бидний хувьд мах идэхгүйгээр амьдарна гэдэг бүтэхгүй асуудал ч байж магадгүй. Амьдарч буй орчин нөхцөл, уур амьсгал, амьдралын хэв маяг гэх мэт олон хүчин зүйлс биднийг мах идэхэд хүргэдэг болов уу. Хамгийн ихээр анхаарууштай зүйл нь ердөө идэж байгаа хоол хүнснийхээ хэмжээнд байдаг юм. Бид юмийг хэтрүүлж хэрэглэдэг нь гашуун боловч үнэн зүйл. Тийм учраас өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэж байгаа хоол хүнснийхээ хэмжээнд л анхаарахыг зөвлөж байна.

Нэмэлт мэдээлэл

Нийтлэлийнхээ төгсгөлд, хүнд нэг өдөрт шаардалагатай хүнсний хэмжээ, илчлэгийн талаар танилцуулья.

Хүний нэг өдрийн хоол хүнснээс авах ёстой илчлэгийн хэмжээ нь нас, хүйс, биеийн хөдөлгөөнөөс хамаараад өөр өөр байдаг байна.

Нас /Хүйс Идэвхитэй хөдөлгөөнтэй
Эрэгтэй Эмэгтэй
4-8 1600-2000ккал 1400-1800 ккал
9-13 2000-2600 ккал 1800-2200 ккал
14-18 2800-3200 ккал 2400 ккал
19-30 3000 ккал 2400 ккал
31-50 2800-3000 ккал 2200 ккал
51+ 2400-2800 ккал 2000-2200 ккал
Тогтмол хөдөлгөөнтэй
Эрэгтэй Эмэгтэй
4-8 1400-1600 ккал 1400-1600 ккал
9-13 1800-2200 ккал 1600-2000 ккал
14-18 2400-2800 ккал 2000 ккал
19-30 2600-2800 ккал 2000 ккал
31-50 2400-2600 ккал 2000 ккал
51+ 2200-2400 ккал 1800 ккал
Хөдөлгөөн багатай
Эрэгтэй Эмэгтэй
4-8 1400 ккал 1200 ккал
9-13 1800 ккал 1600 ккал
14-18 2200 ккал 1800 ккал
19-30 2400 ккал 2000 ккал
31-50 2200 ккал 1800 ккал
51+ 2000 ккал 1600 ккал

Энэхүү хүснэгт нь АНУ-н Чихрийн шижин, хоол боловсруулах эрхтэн, бөөрний эмгэгтэй тэмцэх үндэсний төвийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан, Принстон (Нью-Жерси муж) хотын эрүүл мэндийн нэгдлээс явуулсан судалгааны материалыг ашигласан болно. 

Үүнээс, өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээгээ мэдэж авсан хэмээн найдаж байна. Тийм болохоор түүн дээр нэмэр болох боловуу гэдэг үүднээс нэг өдрийн хоолны цэсийг танилцуулж байна. Энэхүү хоолны цэс нь бүх насны хүмүүст зориулагдсан бөгөөд нийтлэгч миний зүгээс санал болгож байгаа юм. Энэхүү хоолны цэсийг бэлдэхдээ, www.calorieking.com веб сайтын тусламжтайгаар бүх илчлэгийн хэмжээг тооцоолж гаргасан болно. Уншигч та ч бас идэж байгаа хоолныхоо илчлэгийн хэмжээг хэр байгааг мэдэхийг хүсвэл, заавал энэхүү сайтыг ашиглаарай гэж зөвлөе.

Нийтдээ 1500-1700ккал илчлэгийн хэмжээтэй нэг өдрийн хоолны цэс

Нэмэлт мэдээлэл болгож, та бид бүхний өдөр тутмын хоолны орцонд зайлшгүй оролцдог гэж хэлж болохоор  хэд хэдэн түгээмэл хүнсний илчлэгийн хэмжээг илэрхийлсэн хүснэгтийг тус тус хавсаргалаа. Хэрэв хүснэгтнээс гадна мэдэхийг хүсч байгаа хоол хүнс байгаа бол, http://nutritiondata.self.com/ веб сайтаар зочлохыг санал болгож байна.

100 граммд оногдох илчлэгийн хэмжээ
1 Үхрийн мах 155ккал
2 Хонины мах 229ккал
3 Ямааны мах 109ккал
4 Гахайн мах 301ккал
5 Тахиан мах 319ккал
6 Салмон 208ккал

Тус бүр 1 ширхэг бүрт оногдох түүхий ногоо, жимсний илчлэгийн хэмжээ 
1 Лууван 61 грамм 25ккал
2 Байцаа 908 грамм 227ккал
3 Төмс 170 грамм 131ккал
4 Сонгино 110 грамм 44ккал
5 Улаан байцаа 840 грамм 260ккал
6 Улаан лооль 123 грамм 22ккал
7 Сармис 30 грамм 40ккал
8 Брокколы 608 грамм 207ккал
9 Алим 182 грамм 95ккал
10 Гадил 118 грамм 105ккал
11 Мандарин 78 грамм 78ккал
12 Киви 91 грамм 56ккал
13 Усан үзэм 92 грамм 62ккал

 Эцэст нь дүгнээд хэлэхэд, дээр дурьдсаны дагуу бидний хамгийн их анхаарах ёстой зүйл маань юу идэх вэ гэдгээсээ илүү хэр их идэх вэ гэдэгт л байдаг юм. Тийм учраас, эрүүл зөв хооллолтондоо одооноос анхаарч сурцгаая. Танд амжилт хүсье.

Ч.Туул
Кочи их сургууль 
Хүмүүнлэгийн ухааны факультет – Нийгэм эдийн засгийн анги
1-р курсын оюутан
2014 оны 11 сарын 20

Ашигласан материал:

    1. Махчин амьтан болон өвсөн тэжээлтэн амьтдыг харьцуулсан нийтлэл. АНГЛИАР http://www.waoy.org/26.html
  • Хүнд шаардалагатай илчлэгийн хэмжээг илэрхийлсэн хүснэгт. АНГЛИАР

http://www.webmd.com/diet/features/estimated-calorie-requirement

  • Бэлэн болсон хоол хүнсний илчлэгийн хэмжээг харуулах нэгдсэн сайт. АНГЛИАР http://www.calorieking.com/

By Nara

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *