Нэр: Lean in: Women, Work, and the Will to Lead /Өөдөө тэмүүл: Эмэгтэйчүүд, Ажил хэрэг, Манлайлах хүсэл зориг/
Зохиогч: Шэйрил Сандберг /Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал/, Нэлл Сковэлл
2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьж “Нью-Йорк Таймс”-ийн бестселлерийн жагсаалтыг 14 долоо хоног тэргүүлж “Оны шилдэг ном”-оор нэрлэгдсэн. Одоогоор 30 гаруй оронд орчуулагдан хэвлэгдээд байна. 2014 онд Д.Ганзориг, Б.Номин, М.Өлзийхутаг, Э.Болормаа нарын орчуулгаар “Мөнхийн үсэг” ХХК-ийн Хэвлэх үйлдвэрт монгол хэлнээ хэвлэгдэн гарсан.

 Америкийн “Форбеc” сэтгүүлийн 2015 оны “Дэлхийд хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад [1] 9 эмэгтэй багтжээ. Энэ нь өмнөх онтой нь харьцуулбал 1.8 дахин өссөн өндөр үзүүлэлт юм. Гэхдээ бид үүнд баярлах болоогүй байна. Учир нь удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо маш бага хэвээр л байна. Эмэгтэйчүүдийн карьерийг дэмжих байгуулга Сatalyst-аас явуулсан S&P 500 компаниудаас авсан судалгаанаас [2] үзэхэд yдирдах албан тушаалтны 4 хувийг, менежерийн түвшний 25 хувийг л эмэгтэйчүүд эзэлж байгаа нь тун тааруу үзүүлэлт юм.
Манай орны хувьд өнгөрсөн жилүүдэд эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалд тодорхой ахиц гарч “Жендерийн тэгш байдлын тухай хууль” батлагдан, сонгуулийн хуулинд эмэгтэй нэр дэвшигчийн квотыг 20 хувиас доошгүй байхаар тогтоожээ. Гэсэн ч эмэгтэйчүүдийн карьерт гадаад, дотоод олон саад тотгор учирсан хэвээр.
Тэгвэл энэ саад тотгорыг хэрхэн давж, хүссэн зүйлдээ амжилт гаргаж болохыг Фэйбүүкийн удирдагч, хатагтай Шэйрил эх хүний хувиар болон басхүү манлайлагч эмэгтэйн хувиар, өөрийн бичсэн ӨӨДӨӨ ТЭМҮҮЛ номондоо чин шудрага хийгээд гайхалтай зөвөлгөөг хүргэжээ.
 
Тухайлбал:

  1. Эмэгтэйчүүдийн манлайлалд тулгардаг гадаад хүчин  зүйлийн талаар

“Эмэгтэйчүүдийн карьерт нийгмийн хэвшмэл ойлголт хийгээд уламжлалт хандлагууд ямагт сөрөг нөлөөг үзүүлж байна.”
Эмэгтэйчүүд хэрхэн амжилтанд хүрэх тухай олон ном байдаг хэдий ч эмэгтэйчүүдийн тухай хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагууд бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлдэг, хэрхэн энэ хандлагаасаа өөрийгөө зөв авч гарах талаар өгүүлсэн нь бүсгүйчүүдэд үнэхээр хэрэгтэй ном болжээ. Энгийн жишээ хэлэхэд, эмэгтэйчүүд их сургууль төгсөөд ажилд орохтой зэрэгцээд нөхөр, хүүхдийн асуудал сөхөгдөж эхэлдэг. Сайн эр хүн гэдэг ар гэрээ авч явдаг, тэвчээр хатуужилтай байх зэрэг нь нийтэд хэвшсэн ойлголт бол, сайн эмэгтэй гэдэг тодорхойлолтод гэрийн ажилд сайн, хоол сайн хийдэг, хөөрхөн гэх мэт шалгуурууд битүүхэндээ тавигдаж байдаг. Иймэрхүү шалтгаанаас болоод ажилдаа анхаарлаа хандуулж бүхнийг зориулсан, нөхөрт хараахан гараагүй 30 шүргэж буй эмэгтэйчүүдийн төлөө бүгд л санаа зовж, тэдэнд анхааруулж эхэлдэг. Ийм нөхцөл байдалд орохгүйн тулд шуудхан хэлэхэд охидууд 20 хүрээд л нөхрийн эрэлд битүүхэндээ гардаг. Тэрхүү нийгмийн хүлээлтийг хэрхэн амжилттай даван туулах талаар маш гоё зөвлөгөөг энд өгүүлжээ.
 

  1. Эмэгтэйчүүдийн манлайлалд тулгардаг дотоод хүчин зүйлийн талаар

“Үнэндээ эмэгтэй хүн амжилтанд хүрэх боломжоо өөрөө хязгаарлаад байдаг. Өөрөөр хэлбэл бусад хүмүүс өөрийг нь хойш тавихаас өмнө өөрөө хойшоо суугаад байдаг. Эрчүүд амжилтын нууцаа тодорхойлохдоо төрөлх авъяас болон өөрийн онцлогтой холбодог байхад, эмэгтэйчүүд үргэлж бусдын тус дэм, аз дайрсан болохоор хэмээн өөрөө бус гадаад хүчин зүйлүүд нөлөөлсөн тухай л холбон тайлбарладаг.”
Манай Монгол улсын их сургууль төгсөгчдийн 64 хувь нь эмэгтэйчүүд гэсэн тоо бий. Гэсэн ч удирдах албан тушаалтны ихэнхи нь эрчүүд байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Мэдээж эмэгтэйчүүд манлайлалд олон хүчин зүйл нөлөөлж буй хэдий ч манлайлах, өөрийгөө өмгөөлөх, эрсдэл үүрэх гэх мэт карьер ахиулахад байх ёстой зан чанаруудаа бид улам зүлгэх хэрэгтэйг энд өгүүлжээ.
 

  1. Эмэгтэйчүүдийн карьерийн тухай ойлголтын талаар

“Карьер гэдэг бол дээшээ доошоо гэсэн хоёрхон сонголттой шат бус илүү бүтээлч, эрэл хайгуул хийх ёстой ширэнгийн зам юм. Бид өөрийн хүссэн карьерт хүрэхийн тулд замаа сольж, газрын уруу явах, тойруу замаар явах, мухардаж болох ч гагцхүү тэр замдаа өөрийгөө бүтээх хэрэгтэй.”
Сэтгэл уужруулан тайвшруулж, басхүү зоригжуулах зөвлөгөөг зохиогч бидэнд бэлэглэжээ. Эмэгтэйчүүд шинэ боломжоор дүүрэн энэ ширэнгийн замаар явахдаа эрчүүдтэй харьцуулахад, баттай гэсэн тохиолдолд л урагш гишгэдэг, өөртөө итгэлгүй байдал гаргадаг. Тухайлбал, эрчүүд шинэ ажлыг гардан авахдаа “би чадахгүй, би арай болоогүй” гэж огтхон ч боддоггүй. Харин эмэгтэйчүүд үүрэг хариуцлага үүрэхдээ шаардлагатай ур чадвар өөрт нь бий эсэхэд үргэлж л санаа нь зовдог. Олон чадварыг ажил дээр гараад эзэмшдэг атал ийнхүү эргэлзэн, тухайн шалгуурыг 100% хангаж чадсан тохиолдолд л ажлын саналыг авдаг гэнэ. Өөрөөр хэлбэл бид өөртөө хариуцлага, эрсдэлийг хүлээх чадварыг өөртөө хүлээлгэсэн цагт бидэнд өөрийгөө илүү хөгжүүлэх боломж ирнэ гэдгийг үргэлж санууштай зөвлөгөөг өгчээ.
 

  1. Бүхнийг амжуулахын үлгэрийн талаар

 “Бүхнийг амжуулна хэмээн хичээж эцэстээ урам хугарахын оронд хүүхдээ өсгөхийн зэрэгцээ карьер хөөе гэвэл хэзээ, хаана, юунд анхаарлаа төвлөрүүлэхээ мэддэг бай.”
Эмэгтэйчүүд сайн ээж, сайн ажилтан, сайн эхнэр байж, бүхнийг амжуулдаг төгс эмэгтэй байх гэж зүтгэдгээс болж өгсөж дээшлэх боломж, карьерээ алддаг. Бүгдийг амжуулж чадахгүй бол сайн ээж, сайн эхнэр, сайн ажилтан байж чадсангүй хэмээн гэмшиж шаналдаг. Гэвч үнэндээ бүхнийг амжуулах “их” зорилго тавьдаг нь наанадаж яаруу сандруу, бүтэлгүйтлийг цаанадаж өөртөө сэтгэл хангалуун бус байдал, өөрийгөө голох шаналалыг авчирдаг. Эндээс бид өөрсдийгөө дөнгөлж орхидог байна.
Харин бүх анхаарлаа тэр цэгтээ төвлөрүүлээд сонголтоо өөртөө тааруулж, хувийн хязгаар тогтоож, түүнийгээ баримтлах явдал нь ажилдаа ч тэр амьдралдаа ч тэр цаг гаргах хамгийн сайн арга аж.
 

 

  1. Нөхрөө сайн хамтрагч болгох талаар

“Аав ээжүүд хоёул хичээл зүтгэлтэй байвал давахгүй даваа гэж үгүй.”
Эмэгтэй хүний карьерийн хамгийн чухал зүйл бол амьдралын ханиа зөв сонгох явдал гэдэгтэй бүгд санал нийлэх бизээ. Бүхий л амжилтанд хүрсэн удирдагч эмэгтэйчүүдийн түүх үргэлж карьерийг нь дэмждэг, хүүхдийн асаргаа, гэрийн ажилд нь тусалдаг нөхрүүд байдаг. Би эндээс өөрийнхөө аавыг ээжийн минь карьерийг хэрхэн дэмжиж, намайг асрах ажилд өөрийн бүхий л боломжоор тусалдаг байсныг эргэн санасан юм.Нэг эерэг жишээ дурьдахад, олон судалгааны үр дүнд  халамжтай, халуун дотно эцэгтэй хүүхдүүд оролцоо муутай эцэгтэй хүүхэдтэй харьцуулхад танин мэдэхүйн чадвараараа илт хол, илүү байдгийг тогтоожээ.
 
Төгсгөлд нь
Шинэ ажлын гараагаа эхлээд удаагүй миний хувьд ӨӨДӨӨ ТЭМҮҮЛ бол жинхэнэ цэвэр агаар мэт. Эмэгтэйчүүдийн талаар уламжлалт ойлголттой, басхүү “амьсгалах агаар давчуу” Японд гадаад орноос ирсэн эмэгтэй ажилтан байхад минь өөд нь татсан нь энэхүү ном билээ. Ерөөс энэ ном эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, ялангуяа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл, уламжлалт ойлголтын талаар өөрийн туулж ирсэн амьдрал болон судалгаан дээр жишээ баримттай тулгуурлан бичсэн тул, амьдралын бүхий л үе шатаар өгсөж уруудаж яваа болон бас өгсөхөөр яваа залуу бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд хэрэгтэй бүтээл юм. Мөн хамт ажилладаг эмэгтэйчүүдээ, эхнэрээ, охиноо, хайртыгаа дэмжихийг хүсч буй бүх хүчирхэг, удирдагч, ухаалаг хань нөхөр, найз нөхөр, эрчүүд залуус унших ёстой ном мөнөөс мөн билээ.


Бичсэн: Тамжид 


Номын талаарх илтгэлийг эндээс үзнэ үү.

 
Холбоос:
[1]  http://www.forbes.com/powerful-people/list/#tab:women
[2] http://www.catalyst.org/knowledge/women-sp-500-companies/
 

 

By Nara

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *