Танд өдөр бүр бусад хүмүүсээс илүү 2 цаг байдаг бол ямар вэ? Тэр 2 цагт та дуртай номоо уншиж, найзтайгаа уулзаж, хүүхдүүдтэйгээ тоглож өнгөрөөж болно гээд боддоо. Өдөр болгон хоногийн 26 цаг гэж төсөөлөхөд хэцүү байвал, таны ажил өдөр бүр 2 цагийн өмнө тарлаа гээд боддоо. Өдөр бүр та ямар их зүйлийг хийх байсан бэ. Бид улам бүр завгүй болж байгаа энэ үед хэдхэн секунд хэмнэхийн тулд илүү хурдтай компьютер, утас, интернетийг сая сая төгрөгөөр авдаг. Цаг хугацааг ямар үнэтэйг мэддэг хирнээ бид түгжрэлд алдаж байгаа цагаа тооцдог уу. Ингээд бодохоор хотын хаана амьдрахаа шийдэхэд хамгийн чухал нөлөө нь өдөр тутам зорчих хугацаагаа тооцох болов уу. Хотод бид байршлыг КИЛОМЕТРээр биш МИНУТаар хэмжиж эхлэх нь илүү зүйтэй. Хүнд хэр хол явах гэхээсээ замдаа хэдэн минут зарцуулах нь л чухал шүү дээ.

Ихэнх хотууд иргэддээ төвд (Central Business District CBD) амьдрах эсвэл захад (suburban) амьдрах гэсэн ерөнхий 2 сонголт өгдөг.  

Төвд амьдарвал та юм юмандаа ойрхон, цаг маш их хэмнэх ч өндөр үнэтэй жижигхэн байранд байх ба барагтаа бол машин унахыг мартана. Хүүхдээ гадаа тоглуулах гэх мэт том зай эзэлсэн юм болгон ер нь үнэтэй байна.

Харин захад амьдарвал боломжийн үнээр цэвэр орчинд, том байр, хувийн газартай амьдрах ч юм юмнаас хол тул машинаар л явах нь элбэг, замдаа тогтмол цаг зарцуулна гэсэн үг. Тэгээд хол зам нь түгжрэх эрсдэлтэй.  

Аль алинд нь амьдарч буй иргэддээ ээлтэй хот төлөвлөлт ямар байх хэрэгтэй вэ талаар өөрийн бодлоо хуваалцъя гэж бодлоо.

Хот хөгжиж, ЭЗ-ийн чадамж нэмэгдэх нь төвлөрөлтэй яах аргагүй шууд хамааралтай байдаг. Илүү их хэрэглэгч, илүү их үйлдвэрлэгч, үйлчлэгч ойртох тусам тэнд баялаг эргэлдэнэ. Хөгжил, хүн амын өсөлттэй хамт ажлын байр, өндөр цалин, амттай тахиа, пицца, бренд бараа үйлчилгээ гээд бидний хүсдэг бүх л зүйлс төвлөрдөг, тиймдээ ч Монголд ч гэлтгүй дийлэнх улсуудад хөгжихийн хирээр төвлөрөл эрчимжиж ирсэн. Тэгэхдээ нөгөө талд төвлөрөл, хөгжлийг дагаад маш олон асуудлууд урган гарч ирдэг нь үндсэндээ бохирдол (агаар, ус, хөрс, дуу, гэрэл) ба орон зайн дутагдал (түгжээ, хэт үнэтэй үл хөдлөх) гэж хэлж болох болов уу.

Хот газар хүний бүх хэрэгцээ, ажлын байр төвлөрөх тул улам л хүмүүс нүүж ирнэ. Хүн нэмэгдэх тусам гадагшаагаа тэлээд л байхыг Англиар Sprawling гэдэг ба томоохон төлөөлөл нь АНУ н Лос Анжелес, манайд бол захын гэр хорооллууд юм уу даа. Энэ тохиолдолд хэт шавсан байдал арай гайгүй ч, хотын төврүүгээ өглөө бүгд шаваад, орой бүгд гэр гэрлүүгээ буцдаг ба тэр хоорондоо хүн нэмэхийн хирээр л хол зам туулна. Хүн бүр хол зам явах тусам улам том замууд, хурдны замууд хэрэг болно. Нэг л мэдэхэд хотын төв нь хүн алхахад бэрх том том хурдны замуудын олон давхар огтлолцол болж, та машингүй л бол хөлгүй болно. Өөдрөгөөр хамгийн эерэгээр төсөөлөхөд л энэ юм.

Өргөөшөө тэлэхгүй гэвэл бид босоо тэнхлэг рүү л тэлж таарна. Олон арван давхар байшингууд, зам, гудамж нь ч давхар болоод ирнэ гэсэн үг. Энэ тохиолдолд маш олон хүн багахан метр квадратад дээр доороо амьдрах ба хүмүүс төвлөрч амьдрахын хирээр ажил, дэлгүүрүүд таны гэрээс маш ойрхон тэгсэн хирнээ жоохон шахалцана гэсэн үг. Тэгэхээр хувь хүн бүр хол явахгүй тул машины хэрэгцээ бараг байхгүй, байсан ч багтахгүй орчин үүснэ. УБ дахь жишээ гэвэл, 120т маш өндөр хотхонууд ойрхон баригдаад хотхоныхоо үүдэнд машинтайгаа орох гэж түгжирдэг нь дөхөх юм уу даа. Уг нь бол тэнд хүмүүс машингүйгээр амьдрах ёстой юм.

Тэгвэл хот яаж хөгжвөл, хүмүүстээ таатай байгаад байна вэ. Дагуул хот, дэд төв, Тээвэр дагасан хөгжил TOD, гэдэг нэршлүүдийг та хаа нэгтээ сонссон байх. Энгийнээр яах вэ гэвэл хот төвдөө тодорхой хэмжээ хүртэл босоо чиглэлдээ хөгжөөд, хэтрэхээрээ улам дээшээ бас доошоо биш, бас зүгээр тэлэх биш, харин төвөөс нэг их хол биш газар 2дахь төвлөрлөө үүсгээд, 2 төвөө хурдтай, саадгүй тээврээр холбох юм. Бүх ажлын байр үйлчилгээ нэг л газар төвлөрөөд түүн лүүгээ бүгд шавах биш, 2 газарт төвлөрөөд, 2 газар луу иргэд хуваагдаж өдөртөө төвлөрнө гэсэн үг. 2 дахин бага түгжирнэ гэж амархан хэлэхгүй ч, огцом буурна. Гэхдээ энэ нь зүгээр ойрхон 2 хот болчих юм шиг хирнээ яг бас тийм биш. Гол санаа нь 2 төв нь хоорондоо орон зайн хувьд хол ч, очих хугацааны хувьд богино байх ёстой юм. Одоо болтол УБ ийм аймаар утаа, түгжээтэй байхад хүмүүс яагаад Дархан, Эрдэнэт лүү очиж амьдрахгүй, УБ-даа л байгаад байна вэ гэвэл, Дархан, Эрдэнэтээс хүссэн үедээ богино хугацаанд төвөггүй УБ-ын Шангриллагаас өөрөө гараараа барьж үзэж байгаад цүнх аваад, хотод байдаг найзтайгаа кофе уунгаа хов базчихаж чадахгүй байгаад байгаа.

Хотын дэд төвийн Дархан хотоос давуу нь УБ шиг бохирдол, түгжээгүй хирнээ, дэд төвийн ойр амьдардаг хүн хааяа нэг УБ руу 30минут дотор гялс, төвөггүй ажлаа амжуулчхаад харьчихдаг. Өдөр тутамдаа бол өөрийн дэд төвдөө ажилладаг, хүүхдүүд нь тэндээ сурчихдаг, хүнсээ тэндээсээ цуглуулчихдаг байх юм.

Та хотын зах, эсвэл дэд хотод амьдардаг байлаа гэхэд төв рүү орох болгондоо таксидаад, эсвэл төв рүүгээ машинаараа давхиад ороод ирвэл төвдөө бүгдээрээ л түгжирнэ. Яг одоогийн хотын төв шиг. Тэгэхээр та төв рүү машингүй орж ирээд, төвдөө алхах ба нийтийн тээвэр л хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр төв дотроо хувийн машин бараг байхгүй, оронд нь тухтай алхах орчин тэгээд хүртээмжтэй нийтийн тээвэртэй. Харин зах руугаа бол та машинаа унаад бөөний дэлгүүрүүд ороод хүнсээ цуглуулах, хүүхдүүдээ аваад ямар нэг зугаацах зайтай байхаар хот төлөвлөгддөг.

Яг одоогийн Яармагийг бодоод үзье. Тэнд том том хорооллууд босч, хүүхдийн сургуулиуд хангалттай байна. Стадион, морин тойруулга, том Молл дэлгүүрүүд шинээр нээгдэж байх шиг байна. Тэнд амьдрах хүний ихэнх хэрэгцээ бараг бүрдээд байгаа ч хотын төв рүү шууд холбосон хурдан нийтийн тээвэр л байхгүй учир бүгд нэг зам дээрээ төврүүгээ түгжирч байгаа болов уу. Яармагаас СБ талбай руу 20 минутад ороод ирдэг, яг амласан цагтаа ирдэг дулаан тээвэр байвал, та машинаа гэртээ орхиод тэрэнд суух уу. Олон цаг жолоо барьж ядрангаа бензин зарж зам дээр зогсох уу, нийтийн тээвэрт 20хон минут ном, кино үзэнгээ зогсоод ороод ирэх үү гэдэг бол хэнд ч ойлгомжтой сонголт болов уу.

Энэ хүртэл уншсан танд Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл хөнгөн галт тэргээ тавиад л болоо юм байна шүү дээ гэж бодогдож байж магадгүй ч, Сүхбаатарын талбайгаас цааш яах вэ гэдэг асуудал юм. Нэгэнт л машингүй төврүү ороод ирсэн та 3, 4 Өнөр хороолол, Нарантуул зах, Офицер, 100 айл руу яаж очих вэ, алхахад арай хол, үргэлж таксидах бололцоогүй. Тийм учир хотын гол зам дагуу хөндлөн чиглэлд ч бас нийтийн тээвэр хэрэгтэй байгаа юм. Дээрх зургийг харахад хэнд ч ойлгомжтой баруун-зүүн чиглэлд сунасан урт УБ хотыг хөндлөн туулахын тулд хурдан, хөнгөн галт тэрэг, автобуснууд хэрэгтэй. Тэндээс жижиг төвлөрөл бүрийг холбосон автобуснууд метроноосоо дутахгүй тухтай, чиглэл ойлгомжтойгоор хөгжих шаардлагатай.

Автобус систем яг адилхан хамтдаа хөгжихгүй л бол хичнээн үнэтэй метро байгаад хүн нэг сууж хашраад л маргаашнаас нь машинаа бариад л ороод ирнэ. Тиймд та төвд амьдарвал үргэлж нийтийн тээврээр, захад амьдарсан ч төв рүүгээ мөн орж ирээд  тээврээр явчихдаг болгох нь чухал юм.

Тээвэрт Суурилсан Хөгжлийн гол зорилго нь энийг уншиж буй таныг таван минут алхаад автобусанд суулгахыг л ятгах юм. Түгжрэл гэдэг асуудал бид өөрсдөө, хүн бүр машин унаснаас болж байгаа ч нөгөө талаар -40℃ хүрдэг хүйтэн хотод, чиглэл ойлгомжгүй, хүйтэн, тухгүй цөөхөн автобуснаас өөр сонголтгүй байгаа одоогийн нөхцөлд ”Бид түгжирмээргүй байгаа тул чи машинаа гэртээ орхиод алх, автобусанд суу” гэж хэлэх нь арай л хэцүү болов уу.

Замын түгжрэлийг шийдэхийн тулд олон төрлийн ухаалаг, хялбар шийдлийг хүмүүс дэвшүүлдэг ч, масс транзит буюу даац ихтэй нийтийн тээвэр (мэтро, ЛРТ, БРТ…) автозамуудтай түвшин зөрүүлж (гүүр эсвэл туннель) хийгээд түүндээ түшиглэсэн нийтийн тээврийн цогц системээ хийхгүй л бол өөр ямар ч ’’хялбар, ухаалаг’’ шийдэл урт хугацаандаа ажиллахгүй. Хот маань хөгжиж, хүн ам нь ихсэх нь тодорхой. Оршин суугчид өдөр тутам нэг газраас нөгөөд зорчих нь тодорхой. Амьдралын чанар дээшлэх хирээр өдөрт зорчих урт нь ихсэх нь тодорхой. Хотын удирдлага, төлөвлөгчид үүнийг өөрчлөх боломжгүй. Харин, иргэд хаана олноор амьдрах вэ(zoning), хүссэн газар луугаа юугаар зорчих вэ (transportation mode)-г зохицуулах, төлөвлөх боломжтой. Иргэдэд боломжийн тухтай нийтийн тээвэрт суух боломж олгосныхоо дараа харин автомашины татвар, хотын төврүү машинтай орох татвар, эсвэл төвийн бүс рүү хувийн автомашин орохыг огт хориглох гэх мэт арга хэмжээгээр автомашины хэрэглээг бууруулах боломжтой болно.

Хотын түгжрэл одоо байгаа төвшнөөс жил бүр муудна. Дээрх хэлсэн масс транзитийг барих, автобусны системээ шинэчлэх тэгээд дараа нь автомашин бууруулах үйл ажиллагаа дор хаяж 5-аас дээш жил шаардана. Яг одоо эхэлж байж л 5 жилийн дараанаас таны зорчих хугацаа буурч эхэлнэ. Тэр болтол одоо байгаагаас харин ихэснэ. Бүх арга хэмжээ хэрэгжиж эхэлсний дараа түгжрэл тодорхой хэмжээнд байсаар л байна. Мөн машин эзэмших, унах улам үнэтэй болно. Харин нийтийн тээвэр тухтай, хурдан болно. Тэгэхээр та ирээдүйд хаана амьдрахаа шийдэхдээ аль нийтийн тээврээр яаж зорчихоо бодолцож үзээрэй.

Японы Төмөр зам, Тээвэрийн Технологийн Агентлаг
Т. Мөнхдалай

By Dalai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *