Манай Их Нүдэн веб хуудас нь 2013 оны 10 сард Япон дахь Шинэ Монгол Оюутны Холбоо (ШМОХ)-ны албан ёсны веб хуудас болж,  smasjp.com гэсэн домэйн нэртэйгээр анхлан мэндэлсэн бөгөөд ШМОХ-н тухайн үеийн тэргүүн байсан Баярсайханаар ахлуулан ШМОХ-н веб групп гэсэн багаас удирдан эрхэлж байлаа.  Тухайн үедээ  энэ веб хуудас маань нэгдүгээрт холбооны дотоод ажилд хэрэглэх ба үйл ажиллагааны тайланг мэдээлэх,  хоёрдугаарт  Японд сурсан зүйлээ Монголчууддаа хүргэх зорилгоор Шинжлэх ухаан, Нийгэм, Эдийн засаг зэрэг сэдвүүдээр нийтлэл бичин толилуулах гэсэн 2 ерөнхий  зорилгоор ашиглагдаж байсан юм.

Веб баг маань анх мэндлэхдээ дотроо техникийн болон нийтлэлийн гэсэн 2 багтайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байснаа  яваандаа илүү олон хүнд нийтлэлээ хүргэхийн тулд маркетингийн багтай болж хүрээгээ тэлсэн.  Маркетингийн багтай болсон хэдий ч мөнгө олдог байсан юм биш л дээ, гишүүд маань 100 хувь сайн дураараа ажиллаж байлаа.  Иймээс гишүүддээ урам олгохын тулд “Цалин” гэдэг нэртэй жижигхэн үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан юм. Энэ нь мэдлэгтэй хүмүүсийг багийнхаа цахим хуралд урьж ярилцлага  хийн, шинэ соргог зүйл сурч, мэдлэгээр цалинждаг байв. Гишүүд маань бүгд өөр өөр газарт амьдардаг байсан болохоор байнгын цахим хурлаар бүх юмаа шийдэж, улмаар одоог хүртэл бөөнөөрөө царай царайгаа харж хуралдсан удаагүй билээ.  Иймэрхүү байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаад манай баг ШМОХ-оос бүрэн тусгаарлан  веб хуудсаа ШМОХ-н албан ёсны веб хуудас биш, бие даасан мэдээлэл түгээх хуудас болгон шинэчлэх шийдвэр гаргасан нь Их Нүдэн-гийн эхлэл байсан юм.

Анхлан 2015 оны 5 сарын хурлаар веб хуудсандаа Их Нүдэн гэсэн нэр өгч, шинэ Логотой болох шийдвэр гаргаж байсан юм. Ингээд  лого хийх, веб дизайн гаргах, хуудсаа нүүлгэх зэрэг ажлыг төлөвлөн явуулж, 2015 оны 10 сард Шинэ Монгол сургуулийн 15 жилийн ойтой давхцуулан “Их Нүдэн” веб хуудас нээлтээ хийж билээ.

Их Нүдэн гэдэг нэрэнд чухал утга бий. Энэхүү нэрийг багийн гишүүн Өнөболд санал болгож байсан.

Бат хааны хэвтүүлүүдийн ахлагч Их Нүдэн өвгөний нэрээс санаа авав. Их Нүдэн өвгөн нь хэрэгтэй гэсэн бүх л зүйлсийг судлан мэдэж эзэн хаанд айлтган чиглүүлж явж байв. Улсын Нүд гэж өөрөөр хэлж болно. Энэхүү гярхай мундаг өвгөний нэр нь хүний нэр гэхээсээ илүү алдар цол болон түүхэнд үлдэв.  Манай баг хамт олон ч гэсэн энэ хүн шиг аливааг судлан шинжилж хэрэгтэй гэсэн бүхнийг олон нийтэд хүргэж Монголын “Их Нүдэн” болохыг бэлгэдэн энэ нэрийг оноолоо.

– Их Нүдэн бүх гишүүдийн 3-р хурлын тэмдэглэлээс

Шинэчилсэн Их Нүдэн баг маань ул суурьтай эх сурвалжаас үнэн зөв мэдээллийг Монголчууддаа  хүргэх зорилгыг урдаа барьж, нийтлэлдээ тодорхой шаардлага тавих болсон. Энэ нь эх сурвалжийг тодорхой тусгаж өгөх ёстой гэсэн дүрэм юм. Өнөө үед Монголын дийлэнх ард иргэд аливаа мэдээллийг ямар нэгэн шүүлтүүргүй ( шалгуургүй) шууд хүлээж авч багаа нь нийгэм дэх санаа зовж буй асуудлуудын нэг юм.

 

“Мэдээллийг мэдлэг, Мэдлэгийг боловсрол, Боловсролыг чадвар, Чадварыг хөгжил”

-Их Нүдэн багийн уриа

Дэлхий ертөнц дээр болж буй үйл явдал, сонин хачинг хамгийн найдвартай эх сурвалж дээр үндэслэн, ойлгомжтой, энгийн үгээр хүргэж байна. Бид зөвхөн нийтлэл бичих бус олон төрлийн шинэлэг зүйлсийг сэдэж уншигч Монголчууддаа оюуны хөрөнгө оруулалтыг ямагт хийсээр байх болно. Хамтдаа ОЮУНЛАГ, УХААЛАГ нийгмийг бүтээцгээе.

-Их Нүдэн багийн зорилго

2020 онд манай багийнхан Шинэ Монгол сургуулийнхаа 20 жилийн ойд зориулан анхны эмхтгэлээ гаргасан билээ. Энэ эмхтгэлээ арван жилийн дүү нартаа зориулан, 3 бүлэгт хуваан бэлтгэлээ. Эхний бүлэгтээ төгсөөд ажлаа хийж байгаа бидний нүдээс харсан 10 жилийн хичээлүүдийн талаар, хоёрдугаар бүлэгтээ Их Нүдэн хуудасныхаа шилдэг нийтлэлүүдийг сонгон авч, “Шилмэл 36 нийтлэл”-ээ, гуравдугаар бүлэгтээ нийтлэлчдээс авсан сурвалжлагыг оруулсан юм. 

Харин одоо 2021 онд манай багийнхан “Их Нүдэн” веб хуудсаа шинэчлэн та бүхэндээ хүргэж байна.

Их Нүдэн баг

By Nara

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *