Өглөө эрт босоод сайхан үнэртэй халуун кофе шимтэх дургүй хэн байх вэ. Эсвэл чимээ багатай кафед кофе уунгаа ном унших гэх мэт сонгодог жишээнүүд…

Энэ удаагийнхаа нийтлэлээрээ хүн бүхний хэрэглээ болсон кофе болон цайнд агуулагдах KAФФЕЙН гэгч бодисын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Кафейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг ба ерөнхий химийн нэршил нь 1,3,7-триметилсанчин. Цэврээрээ бол цагаан өнгийн нунтаг, исгэлэн бодис (Их сургуулийн химийн хичээлийн туршилт дээр цайны хандаас кафейнийг нь гаргаж авах туршилт хийж нүдээрээ үзэж гараараа барьсан туршлагаа санав 😛бөгөөд ундаанд өвөрмөц амтыг бий болгодог. Бидний хамгийн сайн мэдэхээр бол кофе, цайны навч, кокоа, кола болон энергийн ундаануудад (energy drink, вакус) ихээр агуулагддаг. Мөн кафейнийг химийн аргаар нийлэгжүүлж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тариа гэх мэтэд хэрэглэдэг.

Каффейний молекул бүтэц
Зураг 1. Кафейний молекул бүтэц

Кафейн гэдэг үг нь Германы Kaffee болон Францын Cafe гэдэг үгнээс гаралтай бөгөөд аль аль нь кофе гэсэн утгатай аж. Кафейнийг хэрэглэсний дараа 30-45 минутанд уусаж, төв мэдрэлийн системд цочрол өгөн, 3 цагийн дотор үйлчилж дуусдаг байна.

Америкийн Хүнс болон Эмийн Удирдах Газар (FDA) болон Эрүүл Мэндийн Ассосиациас (AMA) кафейнийг хэмжээг нь тааруулж хэрэглэвэл ерөнхийдөө аюулгүй бодис гэж тогтоожээ. Энэхүү хэмжээ нь :
бага хэрэглээ: 130-300 мг/өдөр
дунд буюу зохистой хэрэглээ: 200-300 мг/өдөр
өндөр хэрэглээ: өдөрт 400мг-ээс дээш
хүнд зэргийн хэрэглээ: өдөрт 6000мг-аас дээш байна.
Америкт явуулсан судалгаагаар нэг хүн дунджаар 280мг кафейн хэрэглэдэг бөгөөд кафейн хэрэглээний гол гурван эх үүсвэр нь кофе, цай болон хийжүүлсэн ундаа аж.

Гэхдээ кафейн нь хүн бүрд адил үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь харилцан адилгүй байна. Эмийг кофегоор даруулж уух гэх мэт нь их эрсдэлтэй үйлдэл бөгөөд кафейн нь эмэнд агуулагдах яг ямар бодистой урвалд ороод яг ямар нөлөө үзүүлэхийг хөгжмийн зохиолч Балхжав ах бид хоёр хэлж мэдэхгүй ээ…

2011 онд Америкт 14 настай охин өдөрт 2 лааз энергийн ундаа ууснаар кафейн хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн оноштойгоор нас барсан байна.

Тэрээр 700мл-ийн “Стронг” энергийн ундааг 2 лааз ууснаар нийтдээ 480мг кафейн хэрэглэсэн байжээ. Хэдийгээр 480мл нь үхлийн хэмжээ биш ч гэсэн 14хөн настай хүүхдэд бол ихэдсэн гэдэг нь ойлгомжтой. Энэ жишээнээс хувь хүний нас, бие махбодын онцлог нь кафейний хэрэглээний хэмжээ болон хүний биед явагдах бүхий л урвалтай шууд хамааралтайг харж болно. Кафейний үхлийн доз нь насанд хүрсэн хүнд 10 грамм орчим бөгөөд энэ нь 80-100 аяга кофег богино хугацаанд уусантай тэнцэх хэмжээ юм. Тиймээс насанд хүрсэн хүний хувьд кофе болон ундааг үхлийн доз хүртэл нь хэрэглэнэ гэдэг тун ховор юм. Гэвч нунтаг цэвэр кафейнийг хэтрүүлэн хэрэглэсэн осол хэд хэд гарч байж. Англид нэг эр халбага кафейнийг үдэшлэг дээр байхдаа хэрэглэсэн нь үхэлд хүргэсэн бөгөөд тэрээр 70 лааз энергийн ундаатай тэнцэх хэмжээтэй кафейнийг нэг дор хэрэглэсэн байжээ.


Кафейний хүний биед явуулдаг гол урвал, өөрчлөлт юу вэ?

Зураг 2. Кафейн ба аденосин

Хүний эсэд агуулагдаж байдаг аденосин гэдэг бодис нь тархины мэдрэлийн системийг удаашруулах үүрэгтэй аж. Уг аденосин нь тархинд байх аденосин хүлээн авагч буюу ресептортой холбоо үүсгэснээр төв мэдрэлийн системийг удаашруулдаг байна. Өөрөөр хэлбэл, биднийг унтаж амрахад бэлэн болгодог гэсэн үг. Үүгээр зогсохгүй аденосин холбоо нь хүнийг унтаж байхад тархин дахь цусыг шингэлж, хүчилтөрөгчийн уусгах чадварыг нэмэгдүүлдэг. Харин биднийг сэрүүн байхад тархин дахь аденосиний хэмжээ нь цаг цагаар нэмэгдсээр улмаар бид нарыг унтаж амрахыг шаарддаг байна. Яагаад гэнэт шал өөр аденосин гэдэг юм яриад явчихав аа гэхээр, хүний мэдрэлийн эс дэх аденосин хүлээн авагч нь кафейн болон аденосин хоёрыг ялгадаггүй аж (Бүтэц нь ижил учраас танихгүй Зураг 2.). Тиймээс тархин дахь аденосин хүлээн авагчтай кафейн холбоо үүсгэснээр түүнтэй аденосин холбогдож унт гэсэн дохиог өгж чадахгүйд хүргэдэг байна. Ингэснээр мэдрэлийн систем өдөөгдсөн хэвээр байдаг байна.

Эцэст нь захиж хэлэхэд өмнөх нийтлэлүүддээ ч дурдаж байсанчлан хүний өөрийн биеэс авахуулаад бидний аж ахуйн эргэн тойрон бүхий л зүйлс химийн бодисоос бүрэлдэн тогтнодог тул уншигч та өөрийн хэрэглэж буй зүйлсийн хор нөлөө, эрсдэл, түүний учир шалтгааныг сайтар судалж байж хэрэглэж заншаарай. Химийн бодис болохоор л хортой гэж туйлшралгүйгээр зохих хэмжээнд нь хэтрүүлэлгүй (аль болох бага бол мэдээж сайн) хэрэглэцгээе!

Г. Гэрэл
Токиогийн Технологийн Институц
Байгаль орчин, химийн инженерийн факультет
Магистрын 1-р курс
(Tokyo Institute of Technology, Chemistry and Environmental Engineering)
2015.06.11

Ашигласан материал:

  • Медисин вэб сайт: Кафейн
    http://www.medicinenet.com/caffeine/page2.htm
  • Хелтлайн вэб сайт: Биед үзүүлэх кафейний нөлөө
    http://www.healthline.com/health/caffeine-effects-on-body

Өнөөдрийн анагаахын мэдээ вэб сайт: Кафейн гэж юу вэ?
http://www.medicalnewstoday.com/articles/285194.php

By Nara

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *