Өөрөө үржих, хариу үйлдэл үзүүлэх, өсөх, бодисын солилцоо явуулах зэрэг шинж чанар бүхий зүйлсийг амьд бие гэх ба үүнд хүн, амьтан, ургамал, бичил биетнүүд орно. Амьд биеийн хамгийн бага үндсэн нэгж бол эс юм. Өнөөдрийн сэдэв бол анх эсийг хэрхэн олж нэрлэсэн тухай юм.

Зураг 1. Микрографиа, үйсэн бөглөө

1590 оны үеэс хүмүүс өөрсдөө линзийг угсарч гар микроскоп хийн нүдээр шууд харагдахгүй жижиг зүйлсийг ажиглаж эхэлсэн байна. 1635 онд Роберт Хүүк (Robert Hooke, 1635-1703) нь өөрийн хийсэн гар микроскопоороо жижиг шавж, үйс, мөөгөнцөр зэргийг ажиглаж “Микрографиа” гэсэн номондоо бичиж олонд дэлгэж байжээ. Үүндээ тэрээр үйс нь олон жижигхэн тасалгаанаас бүтэж байгааг ажиглаад түүнийгээ cell (жижиг өрөө, монголоор эс) гэж нэрлэжээ. Энэ нь анхны эсийн ололт байсан хэдий ч түүний ажигласан зүйл бол ургамлын эс нь үхээд эсийн хана нь үлдсэн байдал байжээ.

Зураг 2. Антони ван Левенгук (Anton van Leeuwenhoek, 1632-1723)

Үүнтэй бараг ойролцоо үед Антони ван Левенгук (Anton van Leeuwenhoek, 1632-1723) нь 300 дахин өсгөх чадамжтай микроскоп бүтээн аман доторх бактери, усан дахь протист, мөн бусад амьд микроорганизмуудыг ажиглан тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ нь эсийг анх удаа амьдаар нь ажиглаж тэмдэглэн үлдээсэн тохиолдол байснаар төдийгүй бичил биетнийг анх удаа ажигласан тохиолдол болсон юм. Энэхүү ололт нь тухайн үед амьд бие нь амьтан, ургамал гэсэн 2 аймагт хуваагддаг байсан дээр бичил биетний аймгийг нэмэгдүүлэхэд хүргэжээ. Тэрээр бичил биетнийг маш бяцхан амьтад буюу анималкул гэж нэрлэжээ. Левенгук нь хэдийгээр мэргэжлийн хүн биш байсан ч бичил биетний ололтоороо микробиологийн эцэг гэж дуудагдах болсон байна.

Эсийн ололтоос хойш эсийн судалгаа өргөжин явагдаж бүх амьд бие эсээс бүтсэн байгааг ажигласан ургамал судлаач Германы эрдэмтэн Шлеиден 1838 онд ургамлын хувьд, амьтан судлаач мөн ижил Германы эрдэмтэн Шванн 1839 онд амьтны хувьд “Бүх амьд биеийн үндсэн нэгж нь эс юм” гэж зарласнааараа “Эсийн онол”-ын эхлэл тавигдсан юм. Үүнийг 1858 онд эмгэг судлаач Вирхов нь “Бүх эс нь эсээс эсийн хуваагдлын үр дүнд үүснэ” гэж зарлан, эсийн онол нь өргөжсөн байна.

By Nara

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *