Эс нь өсөх, үржих, бодисын солилцоо явуулах зэрэг амьд биеийн бүх шинжийг үзүүлдэг амьд биеийн үндсэн нэгж юм. Бүх эс нь сонгон нэвтрүүлэх чадвар бүхий плазма мембран, хагас шингэн, цэлцэгнүүр хэлбэрийн цитозоль, гений мэдээлэл агуулсан ДНХ, уураг нийлэгжүүлэх рибосом гэсэн бүтцүүдийг агуулна. Эс нь жинхэнэ бөөмт буюу эукариот, хуурамч бөөмт буюу прокариот гэсэн 2 төрөлтэй.

Прокариот эс нь хамгийн энгийн бүтэцтэй эс бөгөөд бактери, архейн төрлийн организмууд ийм эстэй байдаг. Энэ эсэд ДНХ нь нуклеоид гэгдэх мембран бүрхүүл байхгүй мужид төвлөрсөн байна. Эс доторх тодорхой үүрэг бүхий бүтцийг эрхтэнцэр гэх ба прокариот эсэд мембран бүрхүүл бүхий бүх эрхтэнцэр байдаггүй. Харин эукариот эс нь бөөм, эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом, пероксисом, митохондри, хлоропласт зэрэг эрхтэнцрүүдээс бүтнэ.

Бүх эсэд байдаг ерөнхий бүтэц

Плазма мембран нь фосфолипидийн молекулууд давхарлан жагссан бүтэц бөгөөд дундуур нь төрөл бүрийн үүрэг бүхий уураг оршино. Мөн гадуур нь уургад эсвэл липидэд холбогдсон олигосахарид бүтэц байна. Энэхүү плазма мембран нь бодисыг сонгон нэвтрүүлэх чадвартай бөгөөд эсийг гадаад орчноос тусгаарлах, орчны өөрчлөлтөөс хамгаалах, бодисын солилцоо явуулах зэргийн үүргүүдийг гүйцэтгэнэ.

Цитоплазм гэдэг нь бөөм болон плазма мембраны хоорондын бүх хэсгийг нэрлэх ба үүнд бөөмөөс бусад эрхтэнцрүүд ч хамаарагдана. Харин үүнтэй төстэй нэршил болох цитозоль гэдэг нь эсийн эрхтэнцрүүдээс бусад хэсгийг нэрлэнэ. Цитозоль нь хагас шингэн буюу цэлцэгнүүр хэлбэрийн бүтэц бөгөөд энд эсийн урвалууд, энзим болон бусад бүтцийн зөөвөр зэрэг байнга явагдаж байдаг.

Рибосом нь том, жижиг хоёр хэсгээс бүтэх ба найрлагын хувьд рибосомын уураг, рибосомын РНХ гэсэн молекулуудаас бүтнэ. ДНХ-ээс хөрвүүлэн гарч ирсэн мРНХ-ийн мэдээллийн дагуу уургийн нийлэгжлийг явуулах үүрэгтэй. Эндоплазмын торонд наалдсан эндоплазмын торын рибосом, чөлөөт рибосом гэсэн 2 төрөлтэй. Чөлөөт рибосом нь цитоплазмад ажиллах төрөл бүрийн уургуудыг нийлэгжүүлнэ.

Эсийн араг яс нь эсийн хэлбэрийг барих, эсийн хөдөлгөөн, хуваагдалд оролцоно. Энд багтах микротубулин, завсрын филамент, актин филамент нь эсийн хэлбэрийг барих, эрхтэнцрийн байрлал тогтоох мөн хөдөлгөөнд оролцоно. Харин центросом нь эсийн хуваагдалд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эукариот эсийн эрхтэнцэр

Бөөм нь хоёр давхар мембран бүрхүүлтэй ба бөөмийн нүх, бөөмөнцөр гэсэн бүтцүүдтэй. Бөөм нь удамшлын мэдээллийг агуулах ДНХ-г хадгалах, ДНХ-ээс мэдээллийн РНХ (мРНХ) нийлэгжүүлэх үүрэгтэй. Бөөмөнцөр нь рибосомын РНХ (рРНХ) нийлэгждэг хэсэг бөгөөд нийлэгжсэн рРНХ нь уурагтай нийлээд бөөмийн нүхээр гарч рибосомын комплексыг үүсгэнэ.

Бөөмийн гадаад мембранаас эндоплазмын тор гэгдэх мембран бүрхүүл хумиралдсан тор маягийн бүтэцтэй эрхтэнцэр үргэлжилнэ. Энэхүү эрхтэнцэр нь барзгар, гөлгөр гэсэн 2 төрөл байна. Барзгар эндоплазмын торын гадуур рибосом наалдсан байдаг учраас электрон микроскопоор харахад гадаргуу нь барзгар бүтэцтэй харагдаж ийнхүү нэрлэгджээ. Энд мембраны болон гадагш ялгаруулах уургууд нийлэгжинэ. Гөлгөр эндоплазмын торонд рибосом байхгүй учраас уургийн нийлэгжил явагдахгүй, харин тос, нүүрс-усны метаболизм зэрэг урвалууд явагдана.

Бас нэгэн мембран бүрхүүлийн бүтэцтэй эрхтэнцэр бол Гольджийн аппарат юм. Энэ нь мембран бүрхүүлийн хэд хэдэн давхар тор мэт бүтэцтэй эрхтэнцэр бөгөөд барзгар эндоплазмын тор дээр нийлэгжсэн уургийг хэрэгтэй газар луу нь тээвэрлэх үүрэгтэй. Эндээс зөөврийн үүрэгтэй цэврүү (vehicle)-үүд гарахаас гадна лизосом үүсч гарна. Лизосом нь эсийн гаднаас орж ирсэн шим тэжээл болон эс доторх хэрэггүй болсон зүйлсийг задлах үүрэгтэй.

Эсийн цахилгаан станц буюу митохондри нь 2 давхар мембран бүрхүүл бүхий эрхтэнцэр юм. Дотоод мемран нь нугаларсан бүтэцтэй /нугалрааг нь крист гэнэ/, доторх хэсгийг нь матрикс гэж нэрлэнэ. Митохондри нь өөрийн гэсэн бие даасан ДНХ, уураг нийлэгжүүлэх рибосомыг дотроо агуулна. Катаболизм /задлах урвал/ явуулж энерги үйлдвэрлэх үүрэгтэй учраас эсийн цахилгаан станц гэгддэг.

Ургамлын эсэд байдаг эрхтэнцэр

Хлоропласт нь митохондрийн адил 2 давхар мембрантай, өөрийн ДНХ, рибосомыг дотроо агуулна. Хлоропластын дотоод хэсгийг строма гэх ба дотор нь даам хэлбэрийн тилакоид гэгдэх бүтэц давхарлалдан гранн гэгдэх бүтцийг үүсгэнэ. Хлорофил гэсэн био нэгдлийн тусламжтайгаар гэрлийн энерги цуглуулж химийн энерги болгоно. Энэ энергиэрээ нүүрсхүчлийн хийг глюкоз /сахарын төрөл/ болгон хувиргана.

Хоос (vacuole) нь ургамлын эсийн хамгийн том эрхтэнцэр ба амьтны эсийн лизосомтой ижил төстэй үүрэгтэй. Ургамлын ихэнх метаболизм явагдах ба метаболитуудаа эндээ хадгална.

By Nara

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *